Д.Хаянхярваа: Улс төрийн зорилготой, хар пиар явж байна


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Тавантолгойн хувьцаа үнэд хүрч байгаа ч Дарханыхан энэ ашгийг хүртэх эрхгүй боллоо зэрэг тантай холбоотой таагүй мэдээлэл  сүүлийн өдрүүдэд их гарлаа. Энэ ямар учиртай мэдээлэл вэ. Хэр үнэн бодитой  юм бэ?
-Тавантолгойн хувьцааны асуудлыг шийддэг эрх мэдэлтэй хүн нь би мөн үү. Сүүлийн  өдрүүдэд мэдээ.мн  сайтаар  2-3 материал гарлаа. Тэр нь Дарханд үүссэн нөхцөл байдалтай холбоотой. Сонгуулийн хугацаа дөхсөн учраас яавал  Хаян гэдэг  хүнийг хамгийн үл бүтэх байдлаар харуулах вэ, яавал энэ хүн хууль зөрчиж, хулгай хийдэг, Монголын төрд хэрэггүй  хүн гэж харагдуулах вэ  гэж харлуулах, улс төрийн  зорилготой хар пиар л явж байна. Тавантолгойн хувьцааг би хэрвээ дангаараа шийдээд гаргадаг байсан бол тэр шийдвэр нь аль хэдийнэ гараад, хэрэгжиж эхэлсэн байх ёстой. Харамсалтай нь үүнийг УИХ, Засгийн газрын төвшинд ярьж байж шийдсэн асуудал шүү дээ. Өнөөдөр бодитоор гарчихаад байгаа тогтоол нь энд байна /харуулав/. 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийнх. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны тухай тогтоол дээр нэг хувьцааг 933 төгрөгөөр үнэллээ гээд шийдвэр нь гарчихсан байгаа юм. 350 сая төгрөгийг авч, ард иргэдэд өгөөгүй бол өнөөдөр Тавантолгой ашигтай ажиллах байсан гээд байх юм. Энэ АН-ынханд үнэт зүйл гэж байна уу. Энэ намд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёс зүйн хариуцлага, ухамсар, зорилго байна уу. Хэрвээ нам мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн л бол түүнийгээ заавал хэрэгжүүлэх ёстой. Мөрийн хөтөлбөрийг яах гэж дэвшүүлдэг юм гэхээр ард түмнийхээ өмнө амлалт өгөөд, бид ийм зүйлүүдийг хийнэ гэж, хийх ажлаа хураангуйлан олон түмэнд танилцуулдаг юм. Хэрвээ эрх баригч болж чадвал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явдаг жамтай. “Чалко”-гоос авсан 350, Оюутолгойгоос авсан 250 сая ам.долларын зээлийг Хаянхярваа гэдэг хүн авсан мэтээр яриад байгаа юм. Хэн авсан, хэний үед энэ гэрээнүүдийг хийсэн бэ гэдэг нь бүгд тодорхой байгаа шүү дээ. Сангийн сайдаар С.Баярцогтыг ажиллаж байхад энэ гэрээнүүдийг хийсэн юм. Тухайн үед энэ хүний ярьж, хэлсэн зүйлүүд одоо ч бий. Энэ гэрээнүүд Монголын эдийн засаг, төсөв санхүүд ямар ч нөлөөлөлгүйгээр  буюу зөвхөн аж ахуйн  нэгж хооронд хийж байгаа бараа бүтээгдэхүүнээрээ  эргэн төлөх л гэрээ юм. Яах аргагүй энэ зээлүүдийг бүтээгдэхүүнээрээ, урьдчилгаа төлбөргүй авсан. Үүнийг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд үе үеийн Засгийн газар, өөрөөр хэлбэл хамтарсан Засгийн газрын үеэс эхэлж хэрэгжүүлсэн. Дараа нь би найман сарын хугцаанд Сангийн сайдаар ажиллахдаа мөн л энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажилласан. Монголын бүх иргэнд бид 1.5 сая төгрөг өгнө гэж хоёр намын мөрийн хөтөлбөрт байсан. Хоёр нам хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгаад хэрэгжүүлээд явсан. Ингээд явахдаа бид бүх иргэндээ 500 мянган төгрөг, сар бүр 20 мянган төгрөг өгөөд 500 мянган төгрөгөө олгосон. Дараачаар нь 160 мянган оюутанд оюутны төлбөр хэлбэрээр нэг сая төгрөг олгосон. 360 мянга буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг сая төгрөг олгосон. Энэ бүгдийг Засгийн газар, УИХ-ын тогтоолын шийдвэрийн дагуу олгосон. Түүнээс биш Д.Хаянхярваа гэдэг хүн ганцаараа шийдвэр гаргаад сая төгрөг өгнө гэж хэлээд өгсөн юм биш.
-Таныг энэ зээлийн мөнгөнөөс иргэдэд тараасан гэдэг зүйлийг бичсэн байна лээ?
-Д.Хаянхярваа гэдэг хүн Дарханд ганцаараа мөнгө тараагаад гараад ирсэн гэж ярьдаг. Гэтэл сонгуулийн хугацаанд бүх аймагт, 360 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд  660 мянган төгрөг өгсөн. Сүүлийн  10.1  тэрбум төгрөгийг Архангай, Дундговь, Дархан аймагт өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ гурван аймгийн ахмадуудад өгөхөд энэ мөнгө хүрэлцэхүйц хэмжээтэй байсан. Ингээд үлдсэнийг нь  энэ Засгийн газар гарч ирснийхээ дараачаар нь гүйцээж өгсөн. Одоо болохоор энэ Хаян гэдэг хүн л энэ мөнгийг тарааж өгөөд Монголын төр хохирчихлоо гэж ярьж байгаа бол харамсч байна. Үнэхээр ийм өчүүхэн бодолтой улс төрийн хүчин байсан юм болов уу гэж АН-ынханд харамсч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эд нар  ямар ч  мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн боломжгүй болох юм бол хэзээ ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй юм байна гэдэг ойлголтыг ард түмэнд үүгээр дамжуулж өгч байна гэж би ойлгож байна.
-1072 хувьцаа гэснээс сүүлийн өдрүүдэд  худалдаж авч байна гэж иргэд шуугиад байгаа. Эрх нь нээгдээгүй хувьцааг ингэж зарах боломж бий юү?
-1072 хувьцаа нэг их үнэд ороод Дарханыханд би өгөхгүй байгаа юм шиг өнгө аястай юм бичсэн байна лээ. Үүнийг цааш нь үргэлжлүүлээд явах үүрэг нь энэ Засгийн газарт байсан шүү дээ. Төрийн залгамж чанар гэж байдаг бол хамтарсан Засгийн газрын үед хэрэгжүүлээд тавьсан мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бид нарын тэр хүртэл бий болгоод өгөөд явсан юмыг эд нар гүйцээгээд одоо үндсэндээ иргэдэдээ 1072 хувьцааг нь үнэ цэнэтэй болгох мөнгөжүүлэх, эргэлтэд оруулах тухай асуудлыг дөрвөн жилийн хугацаанд шийдчих л байсан. Гэтэл эд нар шийдэж чадаагүй. Яагаад гэвэл “Чалко”-той байглуулсан гэрээгээ шууд шинэ Засгийн газар байгуулсныхаа дараа цуцалсанаас болоод “Чалко”-той 350 сая ам.долларын гэрээг төлөх гэж өнөөдөр үйлээ үзэж байгаа хэрэг. Хэрэв тухайн үед баталчихсан гэрээ явсан бол “Чалко”-гийн 350 саяын зээл аль хэзээ төлөөд дуусах бололцоо, нөхцөл нь бүрдсэн байсан. 1072 хувьцаа худалдаалж байна. Хүн авч байна гэсэн дэл сул юм гадуур их яригдаж байна. Үүнийг дахин сэрэмжлүүлэг маягаар хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцааны тухай Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 тоот тогтоол байна. Энэ тогтоолын гурав дахь зүйл дээр “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд энэхүү тогтоолын нэгдүгээр зүйлд заасан хугацааг саналын эрхгүй аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтөйгөөр иргэдэд эзэмшүүлэх, үндэсний аж ахуйн нэгжид худалдах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, өнөөдөр манай иргэдэд байгаа 1072 ширхэг хувьцааг зарах эрх  зүйн орчин байхгүй. Яагаад гэхээр  дээр дурдсанчлан Засгийн газрын тогтоолоор маш тодорхой зааж өгсөн учраас хэрвээ ард түмнийг төөрөгдүүлж, ямар нэгэн байдлаар, эдийн  засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед иргэдийн хувьцааг худалдаж авч байгаа бол энэ  бүхэн хууль бус шүү гэдгийг албан ёсоор хэлье.
-Тухайн үед иргэдэд 1072 хувьцаагаа мөнгөөр нь авах уу эсвэл хувьцаагаар уу авах уу гэдэг эрх нь нээлттэй  байсан биз дээ?
-Бидний гаргасан шийдвэрээр иргэд зарна гэвэл хувьцаагаа Засгийн газартаа өгнө. Мөнгө болгоно гэвэл үндэсний аж ахуйн нэгжүүдэд санал болгоод буцаагаад иргэдийнхээ  хувьцааг мөнгөжүүлэх ажлыг зохион  байгуулах ёстой байсан.  Энэ ажлыг эхлүүлж байсан. Намайг Сангийн сайдын ажлаа хүлээлгэж өгөхөд 20 гаруй тэрбум төгрөг цугласан байсан. Энэ бол СЗХ гэх мэт байгууллагаас шалгаад үзэхэд тодорхой болох  асуудал. Мэдээж энэ ажлыг цааш нь зөв зохион байгуулаад явсан бол бид өнөөдөр тодорхой үр дүнд хүрэх нөхцөл бололцоо байсан.
-Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал юу болж байна вэ. Хэдийгээр бүлгүүд  Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаа илэрхийлсэн ч АН-ыг харсан байдалтай болчихлоо. Ингэсээр байтал цаг хугацаа тулчихаж байгаа юм биш үү?
-Үндсэндээ “Шударга ёс” эвсэл завсарлага авсан, АН-ын бүлэг хуралдсан байдалтай байна. Эцсийн дүндээ бид эрх баригчдыг л хүлээж байна. Энэ сонгуулийг уг нь хуулийн хугцаанд нь явуулах ёстой. Уг нь сонгууль дөхсөн үед хуулиараа оролдоод байх нь туйлын буруу үйлдэл.  
-Намууд нэр дэвшигчдээ зарлахад ганцхан хоногийн хугацаа үлдлээ. Гэхдээ энэ хугацааг хойшуулахаар тохирсон гэх юм. Тийм боломж байгаа юм уу?
-Нэгэнт Үндсэн хуулийн  Цэцээс гаргасан дүгнэлттэй холбоотой Сонгуулийн хуульд өөрлөлт оруулах цаг нь тулаад  байгаа учраас нэр дэвшүүлэхийг 5-10 хоногоор хойшлуулах боломж байна гэж улс  төрийн намуудын хүрээнд ярьж байгаа юм билээ. Мэдээж энэ хуулийг хэлэлцээд эхлэхээр Цэцийн дүгнэлтийг хэрхэхээс хамаараад Сонгуулийн хуулиа өөрчлөхөд хүрвэл нэр дэвшилтийн хугацааг  ярьж таарах байх.
-Мандат хуваарилалт дээр АН-ынхан дотроо тохирч чадахгүй хэдэнтээ хуралдаж байна. Танай бүлэг бол орон нутагт олныг хуваарилах байр сууриндаа бат зогсох юм  байгаа биз дээ?
-Хүн амынхаа тоог аваад үзэхээр Улаанбаатар хотод олон хүн байгаа нь үнэн. Гэтэл Монгол Улс асар өргөн уудам газар нутагтай. Тэгэхээр энэ том газар нутгийн ард иргэдийн том эрх ашиг байгаа учраас орон нутагт илүү олон мандат хуваариалх ёстой гэдэг байр сууриндээ бат зогсоно. Энэ бол бүлгийн байр суурь. Би ч мөн ийм бодолтой байдаг.

М.Өнөржаргал

  • Шинэ
  • Их уншсан