Жижиг намуудын рейтинг оноог цуглуулах З.Энхболдын тактик


УИХ дахь “Шударга ёс” эвсэл буюу Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын “Маш том бүлэглэл” өнөөдөр албан ёсоор задарлаа. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд жагсаалтын болон тойргоос сонгогдсон нийт 11 гишүүнтэй болсон тус эвсэл дөрвөн жилийн хугацаанд гурван гишүүнээ өөр намд “алдаж”, зарим нь нам байгуулж өрх тусгаарлалаа. Харин өнөөдөр МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, шинэчлэлийн Засгийн газрын үед МАХН-д оногдсон квот болох Сангийн сайдын албан тушаалд ажиллаж байсан Ч.Улаан нар МАН-д элсэх болсноо мэдэгдлээ. Нэг ёсондоо, тэд нөгөө дуунд гардагчлан гэртээ ирцгээлээ. “Шударга ёс” эвсэл ийн бутарч, АН-ын байгуулсан шийдлийн Засгийн газрын хувь заяаг дэнжигнүүлж эхлэв. Хуулиараа эвсэл задарвал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог.
Ч.Сайханбилэг ийн эвгүй байдалд орох зуур АН-ын дарга, спикер З.Энхболд ирэх сонгуулийн тоглоомын дүрмээ боловсруулж байна. Тэрбээр улс төрийн бусад намтай сонгуульд эвсэж, бас дэмжүүлж оролцох яриа хөөрөөг аль хоёр жилийн өмнө хийж эхэлсэн аж. Ажлын хэсэг гарган “нууц” байдалд ажиллаж байсан ч сураг сонсогдоно. Эх сурвалжуудаас сонсоход, “МАН-ын рейтинг 26, АН-ынх 21 хувьтай байгаа” гэх. Тиймээс АН-ыг сонгуульд анх удаа удирдан оролцуулах, тэр ч атугай дахин ялуулах үүрэг хүлээсэн З.Энхболд “Оноо цуглуулах тоглоом” тоглож байна. Тэрбээр МҮАН, ИЗНН, “Эх орон”, хамгийн сүүлд ХҮН-аар АН-ыг дэмжүүлэн сонгуульд оролцсоноор СЕХ-нд хүсэлт аваачиж өгөхдөө мэдэгдсэн олонхи болох хүслээ гүйцэлдүүлэх тактикаа хэдийнэ боловсруулжээ. Учир нь “МҮАН хоёр, “Эх орон” хоёр, ИЗНН тав, ХҮН дөрвөн хувийн рейтингтэй” гэх мэдээлэл бий. Үүнийг АН-ын рейтинг болох 21 хувь дээр нэмбэл 21+13=34 хувь болж байгаа юм. Ийнхүү намынхаа рейтинг дээр өөр намуудын рейтинг оноог нэмснээр З.Энхболд 2016 оны сонгуульд ялж, УИХ-д олуулаа биш, олонхи болох боломж бүрдэнэ гэсэн үг.
Тэгвэл З.Энхболд тэргүүтэй АН-ынхан бусад намд юу амласан бэ. Эх сурвалжийн мэдээлснээр, АН-ынхан МҮАН-д хоёр, “Эх орон”-д хоёр, ИЗНН-д тав, мөн ИЗНН-д нийслэлд гурав, ХҮН-д гурван мандат өгөхөөр амлажээ. М.Энхсайхан тэргүүтэй МҮАН, Б.Эрдэнэбат даргатай “Эх орон” нам сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д өгөөгүй. Харин үүний цаана АН-аас нам бусаар гишүүдээ дэвшүүлэх бодлого байгаа юм. Нам бусаар гэдэг нь М.Сономпил Дархан-Уулд, Н.Батцэрэг Өвөрхангайд АН-аас нэр дэвшихээр болбол МҮАН-аас гарч байж сонгуульд өрсөлдөнө. ХҮН-ын албан бус дарга Т.Ганболд нарын хувьд “Энэ удаад өөрсдөө нэр дэвшихгүй. Гишүүдээ дэвшүүлж УИХ, нийслэл, орон нутагт суудалтай болчихоод дараагийн сонгуулиар хүчээ үзнэ” гэж байгаа сурагтай. Тус намынхны хувьд ч гэсэн АН-ыг дэмжиж нам бусаар сонгуульд нэр дэвшинэ. Нам бусаар нэр дэвшиж, АН-ыг сонгуульд дэмжих нь албан бус эвслийн нэг хэлбэр. Бусад оронд ч ийм туршлага байдаг аж. Ямартай ч таван намын нэгдэл буюу рейтингээ нэгтгэж хамгийн өндөр оноогоор жагсаалтын нэгдүгээрт бичигдэх албан бус эвслийг АН-ын дарга З.Энхболд сонгуульд удирдаж оролцоно. Эрх баригчид ИЗНН-д амласнаа биелүүлбэл С.Оюун гишүүн Дорнодод, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбат Хөвсгөлд, тус намын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан И.Эрдэнэбаатар Чингэлтэйд АН-аас нэр дэвшинэ.

С.Тулга  

  • Шинэ
  • Их уншсан