Л.Эрхэмбаяр Дорнодын АН-ын хурлыг үймүүлэв үү


Өнгөрсөн амралтын өдөр Дорнодын АН-ын хурал нэлээд ширүүхэн уур амьсгал дунд болж өнгөрчээ. АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр тус хуралд оролцсон нь багагүй шүүмжлэл дагуулав. Учир нь олон нийтийн сүлжээгээр түүнийг “Намын хурал үймүүллээ”, “АН-ыг самарч байна”, “Дорнодын АН-ыг Дарханых шиг болгох гэж байна” гэх зэрэг шүүмжлэл олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Сүүлдээ тус хурлын уур амьсгал ширүүссэн учир цагдаа хүртэл хэв журам сахиулахад хүрчээ.
Учир нь Дорнодын АН-ын гишүүд  “АН-ын цагдаатай хурлынхаа учрыг олохгүй юм уу. Дарханаас долоон дор болох байх”,  “Бид ийм АН-ын төлөө явсан юм байх даа. Дорнодын намыг Дарханых шиг болгох нь. Эрүүл саруул хүч манай нам байна уу”, “ХЕХ-ны шийтгэх тогтоолтой хүмүүстэй Эрхэмбаяр нийлж Дорнодын намыг самрах үйлдлийг нь таслан зогсоогооч ээ”, “Намаа самрах хөдөлгөөн Дорнод аймагт үргэлжилж байна. Намын дүрэм, журам үйлчлэхээ больжээ” гэх мэт үгсийг АН-ын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт  хаяглан олон нийтийн сүлжээгээр цацаад байна.
Түүнчлэн “Дорнодын АН-ын дарга Д.Цэрэнчимэгийг зайлуулахгүй бол сонгуульд хүнээ дэвшүүлж хэрэггүй хайран цаг мөнгө” гэх нэгэн ч байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн 2012 оны Орон нутгийн сонгуулиас өмнө тус аймгийн АН-ынхан дотор үл ойлголцол үүссэн нь өнөөдрийг хүртэл ийнхүү хурцдаад байгаа аж. Гол шалтгаан нь 2012 онд Д.Цэрэнчимэг гэх эмэгтэйг нийслэлийн шууд удирдлагатайгаар аймгийн АН-ын даргаар томилж, нутгийн өөрөө удирдах шууд удирдлагад бүдүүлгээр халдсан өнөөдрийн нам доторх хагарлыг эхлүүлсэн бололтой.
Тухайн үед аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Г.Болдбаатарыг огцруулж, Д.Цэрэнчимэгийг хүчээр шахуу дарга болгох ажиллагаанд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй хүмүүс шууд оролцож, намын гишүүд дэмжигчдийг талцуулан хагалан бутаргаж, хуваагдлыг дээд цэгт нь хүргэх үндсийг тавьсан хэмээн залуучууд үздэг байна.  Хамгийн сүүлийн мэдээллээр Дорнодын АН-ын дарга Д.Цэрэнчимэгийг АНУ-ын иргэн гэгдээд байгаа юм. Тодруулбал, Д.Цэрэнчимэг Баттерфиелдийг АНУ-ын иргэн болохыг баталсан паспортны хуулбар олон нийтийн сүлжээгээр тарсан. Америкийн бүртгэлийн алба 1964 оны 11 дүгээр сарын 30-нд Монголд төрсөн Д.Цэрэнчимэг нь иргэний хувьд АНУ-ын харьяалалтай болохыг нотлон, түүнд 456951363 дугаартай иргэний үнэмлэхийг 2009 оны 5 дугаар сарын 23-нд олгосон байна. Үнэмлэхний хүчинтэй хугацаа нь 2019 оны 5 дугаар сарын 22-нд дуусгавар болох тухай мэдээлэл цацагдаж, Дорнодын АН-ыг АНУ-ын иргэн удирдах нь зөв үү хэмээх яриа гарч байсан юм. Ямартай ч энэ мэт асуудлаас болоод дотооддоо хагаралтай байсан Дорнодын АН-ын хуралд Л.Эрхэмбаяр очиж байдлыг улам хурцатгасан бололтой.

Г.БАЯР






















  • Шинэ
  • Их уншсан