Д.Цогтбаатар: Миний Монгол бол хүчирхэг Барслан


Гадаад бодлогынхны дунд “Гадаад яамны Д.Цогтбаатар” хэмээн танигдах болсон энэ эрхэм бол Монголын шинэ залуу үеийн төлөөлөл юм. Харин түүнээс “Манай улсын имиж юу вэ” гэж асуухад “Ард түмэн” хэмээн хариулав. Төрт ёсны алтан хэлхээс болсон дипломат албанаас төрийн ажлын гараагаа эхэлсэн тэрбээр хэвлэл мэдээллийн хуудаснаа тэр бүр гараад байдаггүй нэгэн байв. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Цогтбаатарын ертөнцөд зочлов. Энгийн даруу хэрнээ эрхэмсэг, нээлттэй мэт боловч нэг л нууцлаг энэ ертөнцийн үнэ цэнэ чухам юун дээр оршино вэ. Уншигч авхай та эрхэм зочны маань ярианаас хариултыг нь заавал олоорой.               
     
-Таны хувьд, Монголын геостратегийн нөхцөл байдлыг үнэлж, зохих гаргалгаа тооцоог хийж байдаг хүмүүсийн нэг гэж би боддог. Харин одоо таны өмнө “хөшиг” нээгдлээ. Улс төрийн тайзнаа гарч ирсэн Д.Цогтбаатар гэдэг эрхмийг олон нийт ажигласан, сонирхсон, бас сонжсон харцаар харцгааж байна. Тиймээс тэдний өмнөөс нэгэн асуултыг танд тавьмаар санагдлаа. Д.Цогтбаатар гэж хэн бэ?

-Улс төр бол хамтын тоглолт. Улс төрийн тайз хэмээх нээлттэй хөшигтэй талбар өөд туссан хурц гэрэлд өнөө үеийн улстөрчид бүгд л орж, олны хараан дор амьдрал, ажил нь өрнөж байгаа. Миний талаар тухайлан яривал, би Монгол Улсын иргэн. Эх орныхоо сайн сайхны төлөө зүтгэж яваа жирийн нэгэн хүн. Хувирч өөрчлөгдөхгүй, няцаж шантрахгүй байх, нөхөрлөлдөө үнэнч, асуудалд ажилч хэрэгч хандах нь хувь хүн Цогтбаатарын баримталдаг зарчим.

-Үнэхээр ч өрсөлдөөн, тэмцлээр дүүрэн энэ том тайзны гэрэл тан руу туслаа. Гэвч чимээ шуугиан ихт тэр ертөнцөд “Д.Цогтбаатар бол Улаанбаатар хотын унаган иргэн… Үгүй ээ, Дундговийнх” гэх маргаан одоо ч үргэлжилж байна. Ялангуяа сонгуулийн үеэр иймэрхүү яриа бүр ч их сонсогддог. Та аль нутгийн хүн бэ?

-Ээж маань Дундговь аймгийнх. Насаараа цэргийн байгууллагад нян судлаачаар ажилласан хүний гавьяат эмч Цэнд гэдэг хүн бий. Миний хувьд, хүүхэд ахуйдаа ээжийнхээ төрсөн нутагт очиж амардаг байсан. Их сургууль төгссөнийхөө дараа Дундговь аймагт олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санаачилга гарган ажилладаг байлаа. Тэр ч атугай гадаадын нэр хүндтэй зочдын анхаарлыг дуу хуурын өлгий болсон энэ нутаг руу хандуулахыг эрмэлзэж явсан минь одоо ч хэвээр. Тиймээс намайг “Дундговийнх” гэх нь аргагүй юм.

-“Найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай” хэмээн монгол эрчүүдийг магтан дуулдаг шүү дээ. Харин таны хувьд?
-Дуулбал дуулна, барилдвал барилдана, морь унаж салхи татуулан давхина. Ер нь Монгол эр хүний хийморь болсон бүхнийг л сонирхдог.

-Айл гэрийн ноён нуруу болсон аавуудын олонхи нь “Удам залгах хүүдээ мэргэжлээ өвлүүлэхсэн” гэж хүсдэг шүү дээ. Аавын тань энэ хүсэл биелсэн болов уу?

-Хүний хувь тавилан гэдэг урьдчилан тааварлахын аргагүй, яг л төөрдөг байшин мэт санагддаг. Миний аав амьдралынхаа ихэнх хугацааг жолооны ард өнгөрүүлсэн олонд нэр хүндтэй сайхан буурай бий. Унасан газар, угаасан ус нь Төв аймгийн Лүн сум. Надад үнэтэй сургаалиа хайрлаж, миний зан төрхөд хамгийн их нөлөөлсөн хүн бол аав минь. Аав минь намайг худал үг, хуурамч зангаас хол байж, унахын цагт сэтгэл гунддаггүй, сэргэхийн цагт даруулгатай байхыг хүүхэд байхад ч, мөн одоо ч сургаж байдаг юм. Амьдралын энэ их ухааныг хайрласан аавыгаа би “Монголын сайхан эрчүүдийн нэг” гэж боддог. Харин аав минь намайг “Жолооч биш, дипломат болчихоосой” гэж бодоогүй л явсан байх. Миний хувьд ч мөн адил. Дунд сургуульд байхдаа сурлагатайд тооцогддог байсан ч туайн үеийн дарга нарын л хүүхэд явдаг хэмээн ойлгогддог байсан “Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцана” гэж төсөөлөө ч үгүй. Багадаа нэг хэсэг зураач болохыг мөрөөддөг байлаа. Янз бүрийн зураг зурж, сургууль дээр зохиогдсон уралдаан, тэмцээнүүдээс тэргүүн байрны шагнал ч хүртчихдэг байлаа. Намайг “Найрамдал” зусланд амрах үеэр энхтайвны сэдэвт хар зам дээрх гар зургийн уралдаан болсон юм. Тэрхүү уралдааныг Ардын зураач, Төрийн шагналт Я.Үржнээ гуай шүүж, би шагналт байранд шалгарч байсан. Шагналд нь Я.Үржнээ гуай өөрийн гараар таталсан зураг бүхий гарын үсэгтэй, ил захидал мэт нугалсан ажлыг дурсгал болгон өгсөн. Үүнийг би ихэд бэлгэшээж билээ. Харин дунд ангид орсон хойноо “Ээжийнхээ мэргэжлийг өвлөдөг юм билүү” гэж бодох болсон. Учир нь би хими, физикийн хичээлд илүү сонирхолтой байсан л даа. Одоо ч физикийн шинжлэх ухааныг сонирхдог хэвээрээ. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн физикийн багш найзтайгаа хамтраад би механик физик-жу-догийн ном ид бичих шатандаа байгаа. Хүмүүс хэр таалахыг нь мэдэхгүй. Гэхдээ сонин байж мэдэх л юм. Ямартай ч ийм ажил цаг багагүй шаарддаг юм байна.   

-Гэвч яагаад эмч болоогүй юм бэ?

-Дунд сургууль төгсөх үедээ би МУИС-ийн эдийн засгийн ангид шалгалт өгсөн юм. Гэвч Гадаад харилцааны яамныхан миний хувийн хэргийг үзэж, намайг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд суралцуулахаар сонгосон.

-Үнэнийг хэлэхэд, таны талаар огт өөр төсөөлөлтэй байжээ. “Д.Цогтбаатар гэдэг энэ эрхэм социализмын үеийн хурган даргын эрх танхи хүү биз. Тийм учраас гэр хорооллын хүүхдүүд шиг ус зөөж, түлээ хагалж ч үзээгүй байх” гэж?

-Би эцэг эхээс дөрвүүлээ. Харамсалтай нь том ах маань бурхан болсон. Миний хувьд, Монголын жирийн нэгэн айлын хүү. Ах минь Мянганы сорилын санд жолоочоор ажиллаж байсан. Харин эгч маань насаараа сувилагч хийсэн хүн. Тоглож өссөн газар гэвэл, XIX хороолол буюу Дунд голын эрэг. Энэ тухай ярихад их сонин зүйл санаанд орж байна. Хүүхэд байхдаа би энэ л голыг түвэгтэйхэн гаталж, загас жараахай барьж, “Гэртээ орвол эргээд гаргахгүй байх” гэж эмээсэндээ гүехэн газрынх нь тунгалаг уснаас ам цангасан үед уудаг байсансан. Тэр үед Дунд голын ус ямар цэвэр, тунгалаг байв аа. Гэтэл энэ гол маань өнөөдөр бидний нүдэн дээр ширгэж байна шүү дээ. Биднийг бага байхад Дунд гол зарим газраа ямар гүнзгий байсныг одоогийн хүүхдүүд төсөөлөхийн аргагүй жижигхэн горхи болжээ. Эцэг өвгөдөөс өвлүүлсэн байгалийн нэгэн баялаг ийнхүү устаж үгүй болж байгаад би үнэхээр харамсдаг. Хатуухан хэлэхэд, энэ янзаараа бол гол ус нь ширгэсэн хоосон хөндий газрыг бид үр хойчдоо үлдээх нь байна шүү дээ.    
       
-МГИМО буюу Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөгчдөөс цөөнгүй хүнд төрийн сайдаар ажиллах хувь тохиосон байх, тийм үү?

-Яг нарийн тоо хэлж мэдэхгүй юм. Лав л олон сайд төрсөн байх.

-Зарим хүн та бүхнийг “Монголын улс төр дэх МГИМО фракцийнхан, бас англи хэлтнүүдийн бүлэглэл” гэдэг. Үнэхээр тийм давхарга үүсчихсэн юм уу?

-Үгүй дээ. Ийм, тийм фракцийн тухай ярих гэж байгаа бол бид бүгд л Монгол Улсын фракци. Энэ утгаараа хаана сургууль төгссөнөөсөө үл хамааран эх орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс бүгд л нэг фракци. МГИМО-ийн төгсөгчдийн хувьд, бид төгсөлт харгалзахгүйгээр бие биентэйгээ сайн танил байдаг уу гэвэл тийм. Гадаад харилцааны салбарт олон жил хамтран ажилласан, нэг нэгнээ нөхрийн ёсоор үнэлж, хүндэлдэг, хэн нь хэн бэ гэдгээ сайн мэддэг ийм л хүмүүс. Англи хэлтнүүд гэдэг тухайд, англи хэлтэй байна гэдэг муу зүйл биш биз дээ. “Долоон тэрбум хүн амьдарч буй дэлхийд 2.7-хон сая хүн амтай Монгол орны иргэд өрсөлдөх чадвар онцгой сайн байж гэмээнэ Монголоо Монголоор нь хадгалж үлдэж чадна” гэж би боддог. Тийм ч учраас “Монгол Улс tri-lingualism буюу хүн ардаа наад зах нь гурван хэл сурахыг нь хөхиүлдэг тогтолцоотой болоосой” хэмээн мөрөөддөг. Мэдээж хэрэг, монгол хэл-үндэсний хэл нэгдүгээрт байна. Харин хоёрдугаарт англи хэл бөгөөд түүнийг цэцэрлэгийн наснаасаа заавал үздэг байх. Тэгээд орос, эсвэл хятад хэлний аль нэгийг нь хүн өөрөө сонгож, ийнхүү сонгосноо дунд сургуулиасаа эхлэн бас заавал үздэг байх. Ингэх нь манай улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд маш их хэрэгтэй. Хамгийн гол нь түүхийн аль ч цаг үед бид хөрш орнуудыгаа өөрсдөөс дутуугүй мэддэг, мэдэрдэг, ойлгодог шаардлагатай тооны хүмүүстэй болох боломж бүрэлдэх юм. Эх хэлийг нь сайн ойлгохгүйгээр тэр орныхон бидний тухай юу гэж боддог, хэрхэн төсөөлж байж болзошгүйг таах аргагүй. Аль эсвэл тэдний талаарх бидний таамаглал зөв байгаа эсэхийг магадлан тогтоох боломж ихээхэн буурч байгаа юм.

-Унаж, босч, сөрж тэмцэн байж даван туулах учиртай мөчлөг хүний амьдралд цөөнгүй тохиодог. Танд ийм үе хэр олон удаа тохиож байв?

-Амьдрал юм хойно унах, босох бүх л зүйл тохиолдоно шүү дээ. Сэтгэлээр унах, гутрах үе байдаг. Гэхдээ “Амьдралын өдөр бүхэн жаргал юм байна” гэж хүлээн авч, сэтгэлээ тайтгаруулаад “Давж болдоггүй хүндрэл гэж байдаггүй” гэдэгт итгэснээр аливаа бэрхшээл, хүндрэлийн ард гарна. Нөгөөтэйгүүр “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ. Нээрэн л хичээхээр заяа хичээгээд байх шиг л байдаг юм.

-Гадаад харилцааны салбар, төрийн байгууллагад олон жил удирдах ажил хийсний хувьд хүнийг хэр сайн таньдаг вэ?

-Хувилгаан биш учраас “Хүнийг дотор нь орсон юм шиг сайн танина” гэж хэлж чадахгүй. Гэхдээ тухайн хүний талаар ерөнхий багцаа гэж байдаг. Алдах тохиолдол ч байлгүй яах вэ. Удаан хугацааны туршид харилцсан хүмүүсийг ямархуу зан араншин, бодол санаатай вэ гэдгийг ерөнхийд нь мэднэ. Харин хэн бэ гэдгийг нь сайн таниагүй хүний тухайд алдах тохиолдол бий. Гэвч алдсанаа мэднэ гэдэг бол тэр хүнийг таньж мэдэж байгаагийн үргэлжлэл юм. Учир нь энэ үйл явц зогсолтгүй үргэлжилдэг.

-Тэгвэл улстөрчдийн нөхөрлөл юун дээр оршин тогтнодог юм бэ?

-Улс төр гэдэг хүний амьдралын нэг л өрнөл хэсэг юм. Түүнээс биш ердийн амьдралаас ангид, өөр зарчимтай зүйл огтхон ч биш. Уг нь энэ бол шударга тоглолтын орчин. Тэр дундаа ёс суртахууны бодит талбар юм шүү. Харамсалтай нь манайд бас яг тийм биш байгаа нь үнэн. Тухайлбал, өндөр хөгжилтэй өрнөдийн орнуудад хэн нэгэн улстөрч худлаа ярьсан л бол улс төрийн амьдрал нь дуусах тийшээ ханддаг. Өөрөөр хэлбэл, тэнд худал ярихыг үл тэвчдэг орчин бүрдчихсэн байна. Саяхан баруун Европын нэгэн томоохон орны дээд албан тушаалтан ажлаа өглөө. Тэрбээр эхлээд бага зэрэг худлаа ярьж, үнэнийг нуух гээд л үнэнд гарцаагүй гүйцэгдэж ийм үр дагаварт хүрсэн. Тийм учраас өрнөдийн улстөрчид бусдад аль болох нээлттэй, үнэн, байгаагаараа байхыг хичээдэг. Үүгээрээ улс төрийн манлайллыг бий болгож байгаа юм. Миний хувьд, улс төрийг “Худал, хуурмагийн зөвтгөл ба худал, хуурмагийн орчин” гэж боддоггүй. Харин “Улс төр бол сайхан нөхөрлөл, хамтран ажиллах боломжийг олгодог орон зай” хэмээн ойлгодог. Энэхүү орон зайд олон найз минь бий. Гэвч би тэднийг “Энэ нь улс төрийн хүрээний найзууд. Тэр нь амьдралын найзууд” гэж ялгадаггүй. Учир нь бид “Улс орноо улам сайхан хөгжүүлэхсэн” гэдэг хүсэл тэмүүллээрээ нэгдсэн хүмүүс.

-Москвад хамт суралцаж байсан найзуудаас тань тухайн улсдаа төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс бий юү? 
      
-Миний найзууд дэлхийн олон оронд ажил үүргээ амжилттай гүйцэтгэж яваа. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс ч тэдний дунд бий. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ёслолын албаны дарга нь надтай нэг группт суралцаж байсан. Өөр нэгэн анд маань Москвад хувийн бизнесээ амжилттай эрхэлж байгаа. Тухайн үед бид гурав гурвуулхнаа нэг группт байсан л даа. Ангийн минь сайн найз чех залуу Москвад ажиллаж байна. Тэрбээр Лондонд дэлхийд нэр хүндтэй “Халлибөртөн” гэдэг компанид ажиллаж байсан юм. Москвад хамт төгссөн найзууд маань Зүүн өмнөд Азийн орнуудад ч байдаг. Тэдний зарим нь сайдын туслах, яамны газрын даргаар ажиллаж байна.

-Монгол Улсын эрх ашгийг хөндсөн арга хэмжээнүүдэд дипломат, олон улсын хуульч Д.Цогтбаатар оролцож, нааштай шийдвэрүүдийг гаргуулж байсан гэдэг. Нэг ёсондоо та олон улсын тавцанд Монгол төрийг төлөөлөн цөөнгүй удаа томоохон өрөг тавьжээ?

-Олон улсын тавцнаа Монгол Улсаа төлөөлж олон арга хэмжээнд оролцох хувь тавилан надад тохиосон. Өөрөөр хэлбэл, манай улсын гадаад бодлогын шийдвэр хамтынх байдаг. Миний хувьд, энэ бүхэнд оролцож, зохион байгуулалтыг нь хариуцаж байсан тохиолдол үнэхээр цөөнгүй. Үүнээс гадна чухал гэрээ, хэлэлцээрүүдийг хамтран ажиллагсадтайгаа хүчээ нэгтгэн хийж байлаа. Монгол цэргүүдийг олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулахаас эхлээд Мянганы сорилтын санд өөрийн улсаа хамруулах зэрэг томоохон арга хэмжээнүүдэд биечлэн оролцож байсан. Эдгээрийн дунд өөрөө санаачилсан ажлууд ч бий. Тухайлбал, манай улсад Засгийн газар хоорондын олон улсын байгууллага болох Далайд гарцгүй орнуудын сургалт, судалгааны төвийг байгуулж байгаа. Энэ байгууллагын төв нь Улаанбаатар хотод байрлана. Гэтэл олон улсын ихэнх байгууллагыг хаана байгуулдаг билээ. Женев, Нью-Йорк, Вена, Парист байгуулдаг шүү дээ. Харин өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг Монголд олон улсын байгууллагыг байгуулна гэдэг бол тийм ч хялбар асуудал биш. Тэр тусмаа дулаан цаг ууртай улс орнуудын дэмжлэгийг авна гэдэг бүр ч амаргүй. Гэвч дэлхийн 33 орон энэ байгууллагыг байгуулах гэрээ, хэлэлцээрийг баталж, гарын үсгээ зурж эхэлсэн. Үүнийг Монгол Улсын дипломат үйл ажиллагааны амжилт гэж хэлж болно. Далайд гарцгүй Монгол Улс энэ байгууллагаар дамжуулан далайд урт хугацаанд найдвартай гарч байх өөрийн амин чухал эрхийнхээ асуудлыг шийдэж байх боломж нээгдэж байгаа юм. Бид байгалийн нөр их баялагтай улс. Гэхдээ ганц зах зээлтэй байвал эрэлт хомсдож манай экспортын бүтээгдэхүүний үнэ буурах эрсдэлтэй. Ийм байдалд хэн нэгний сөрөг бодлогын улмаас хүрэх албагүй. Зүгээр зах зээлийн жам ёсоороо л ийм байдалд орно шүү дээ. Иймээс манай экспортын бүтээгдэхүүнийг худалдан авагчдын хүрээг тэлж, төрөлжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд далайн баталгаатай, элдэв хүнд суртал багатай гарц зайлшгүй хэрэгтэй. Энэ зорилгод хүрэх бидний хүчин чармайлтыг яг бидэн шиг байршилтай 33 орон л дэмжээд байж байна гэсэн үг. Иймд энэ байгууллагыг байгуулна гэдэг нь зүгээр нэг нэр хүндийн асуудал биш, харин стратегийн ашиг сонирхлын тухай асуудал юм.

-Англи хэлийг Москвад оюутан байхдаа сурсан уу?

-Дунд сургуульд байхдаа англи хэл анх сурч эхэлсэн. Тэр үед англи хэл дээр нэлээд хэдэн дууны шүлэг зохиож байлаа. Шинэ жил, байгаль дэлхий, бас хайрын тухай гээд хэд, хэдэн дууны шүлэг бичиж байсан.

-Хэддүгээр ангид байхдаа хайрын тухай шүлэг бичиж байсан бэ?

-Аравдугаар ангийн сурагч байхдаа дэлхий ертөнцийн үзэсгэлэн төгөлдрийг гайхан биширч, цэвэр сайхан байгалиар бахдаж, үүнийг ариун нандин сэтгэлтэй зүйрлэж бичсэн санагдана. Их л романтик утгатай шүлгийг опера рок дуунд зориулан зохиож байсан юм.

-Таныг “Орос, англи хэлнээс гадна кхмер хэлтэй” гэж сонссон юм байна. Хүн бүр сонирхон судлаад байдаггүй энэ хэлийг яагаад сонгох болов?

-Би кхмер, тай хэлтэй. Эдгээр хэлийг Москвад сурч байхдаа эзэмшсэн юм. Кхмер хэлийг зургаан жил, тай хэлийг гурван жил сурсан. Кхмер хэл бол сурахад хүнд хэлнүүдийн тоонд ордог. Нийт 72 үсэг, тэмдэгтэй шиг санагдаж байна.

-Та гольф тоглодог уу?

-Үгүй ээ, тоглодоггүй. Гольф надад өрнөл багатай спорт юм шиг санагддаг. Гэхдээ энэхүү спортыг сонирхдог хүмүүст бол тийм биш байх. Би 7-9 дүгээр анги хүртлээ жүдогоор хичээллэж байсан. Тухайн үед Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануур, Налайхын өсвөр үеийнхний хооронд зохион байгуулсан “Сурагч” гэдэг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Дүүрэг, хотын хэмжээнд зохиогдсон тэмцээнүүдэд бас гуравдугаар байр эзэлж л байсан.

-Монгол Улс баялгийн үүцээ задалж байна. Гэвч гадаад, дотоодын зарим эх сурвалж “Монголчууд гадаад ертөнцөд уул уурхайн салбарынхаа PR-ыг бараг хийхгүй байна” гэж шүүмжлэх юм. Тэдний үг хэр бодитой вэ?

-Уул уурхайн чиглэлийн PR-ыг хангалттай хийж байгаа гэж боддог. Энэ тухай мэдээллийг Bloomberg, Financial Times, Wallstreet Journal зэрэг томоохон хэвлэлүүдээс унших боломжтой. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 17 хувиар өснө гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Бизнес, эдийн засгийн чиглэлээр бичдэг хэвлэлийнхний анхаарлын гадна энэ бүхэн үлдэнэ гэсэн ойлголт байхгүй л дээ. Тийм ч учраас дэлхийн нийт манай орныг уул уурхайн салбараар нь сайн мэднэ. Харамсалтай нь зөвхөн энэ талаар мэдэж байгаа. Уул уурхайгаас гадна сонирхон судлууштай маш олон зүйл бий. Үүнд л багахан эмзэглэдэг. Гэхдээ тэр болгоныг сайн бичүүлэхийн төлөө бид сайн ажиллах хэрэгтэй, эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой. Гадаадынхны анхаарлыг татаж буй энэ хөгжил удаан хугацаанд үргэлжлэх ёстой. Хэрэв арчаагүй байдал гаргаж, хөгжлийнхөө эрч хүчийг алдвал хэнд ч сонин биш болно. Үүнээс гадна монголчууд байгаль эхээ өдий хүртэл хайрлан хамгаалж ирсэн гайхамшигтай түүх, соёлтой. Эзэн Чингисийн түүх ч гэсэн гайхалтай шүү дээ. Маш жижигхэн улс асар богино хугацаанд нэгдэж, дэлхийн талыг байлдан дагуулсан. Чухам энэ л үед газар нутгаа өргөжүүлэн тэлж, шашин, соёлоо үгүй хийлгүйгээр чөлөөт худалдааны тогтолцоог бий болгосон байдаг. Энэ түүх үнэхээр агуу. Гэтэл өнөөгийн хүн төрөлхтөн техник, технологи өндөр хөгжсөн XXI зуунд амьдарч буй атлаа Чингис хааны бүрдүүлсэн тогтолцооны олныг одоо болтол сэргээж чадахгүй байгаа. Найман зууны өмнө бий болгож чадсан чөлөөт худалдааны тогтолцоог өнөө хэр бүрэн төгс утгаар нь дахин бүрдүүлж чадаагүй л байна. Чингис хаан улс гэрээ элбэн тохинуулах үедээ аливаа шашныг үл ялгаварлаж байсан нь үгүйсгэж боломгүй үнэн түүх юм. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд шашин хоорондын эвлэрэл хангалттай байна уу. Үгүй. Товчхондоо, Чингис хааны хүрсэн тэр өндөр оргилд дэлхий нийт хараахан хүрч чадаагүй байна.

-Та ямар шашин шүтдэг вэ?

-Буддын шашин шүтдэг.

-Сүүлийн үед “Монголчууд бид хэдий болтол Чингис хаан, хаа байсан XIII зууны үеийн түүхээр эх орныхоо нүүрийг тахлах юм бэ” гэж шүүмжлэгсэд олширч байна. Харин та энэ тухай юу гэж боддог вэ?

-Тэр үнэн. Эзэн Чингисийн түүхээр түрий барихаа хэтрүүлж, эцэг өвгөдийнхөө чигчий хуруунд хүрэхгүй шахам байж тэдний хэмжээнд байгаа мэт бодож байгаа бол гэнэн үзэгдэл. Гэхдээ бид эх түүхээрээ бахархах ёстой юу гэвэл тийм. Учир нь энэ бол Монголын түүх. Өөр хэний ч түүх биш. Тэр түүхийг мартуулах гэж олон жил оролдсон ч бид үүнийг сэргээн санасаар байгаа. Мартагдах ёсгүй зүйл хүний ой тойноос огт арчигддаггүйн тод жишээ энэ. Цаашид ч энэ сэдэв үргэлжилсээр байх болно. Бид өнөөдөр олигтой байж, оюун ухаанаараа хэнээс ч дутахааргүй, соёл иргэншлээ бусдад гайхуулсан, тэгсэн мөртлөө бусад оронтой маш найрсгаар харилцсан, тэдэнд тусалж дэмждэг, ийм соёл иргэншилтэй орон болж хөгжих нь маш чухал. Ингэж чадахгүй бол агуу

  • Шинэ
  • Их уншсан