Ц.Нямдорж: Өөрсдөдөө зориулж тойрог нэмэх юмыг л далдуур хийгээд байна даа


УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АТГ-ын  даргыг томилох хуулийн хугацаа дуусгавар болж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл  энэ асуудлыг оруулж ирэхгүй байгаа нь ямар учиртай юм бол?

-Оруулж ирснээс хойш долоо хоногийн дотор л хэлэлцэх ёстой юм.  Өнөөдөр  /өчигдөр/ Хууль  зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан л  юм шиг  байна. Ер нь хуулийн байгууллагыг удаан хугацаанд эзэнгүй байлгаж болдоггүй юм. Анх Н.Ганболдыг чөлөөлж байх үед би санаагаа хэлж л байсан. “Та нар орных нь хүнийг хамт  оруулж ирэх байсан юм” гэж. Түүнээс хойш бараг сар гаруйн хугацаа  өнгөрч байж дараачийн хүний саналыг оруулж ирлээ шүү дээ.  Ерөнхийлөгч өргөн  мэдүүлнээс хойш гэхэд л арваад хоночихлоо. Энэ хооронд  тэр хүнд ажилтай байгууллагын ажил тодорхой хэмжээнд ойлгомжгүй, хүлээлтийн байдалд орчихож байгаа нь тодорхой.  Хүмүүс нь, ажил нь цалгарддаг учраас томилгоог нь яаралтай хийж өгөх хэрэгтэй. Хэрэв өнөөдөр /өчигдөр/ байнгын хороогоор хэлэлцчихвэл энэ долоо хоногтоо багтаж чуулганаар оруулаад цэгцэрнэ гэж ойлгож байгаа.  Ийм чухал асуудлыг аль аль талдаа яаравчлах л хэрэгтэй юм.

-Ерөнхийлөгч АТГ-ын даргад  хурандаа Х.Энхжаргалыг өргөн мэдүүлчихээд байгаа. Энэ хүнийг та хувьдаа дэмжих үү?
-Намайг Хууль зүйн яаманд байхад  цагдаад ажиллаж байсан хүн. Бас л бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийн нэг.  Тиймээс би мэдээж дэмжинэ.  Энэ хүнд хүчир албыг аваад явчих мэргэжлийн болон сэтгэлзүй ёс суртахууны хувьд бэлтгэгдсэн боловсон хүчнүүдийн  нэг мөнөөс мөн.

-ЦЕГ-ын  даргын асуудал бас тодорхойгүй байдалд шилжчихээд байгаа шүү дээ. Салбарын сайд нь огцруулах асуудал өргөн барьчихаад байгаа ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй удаж байна. Сонгууль дөхсөн үед хүчний байгууллагуудаа  хууль ёсны эзэнтэй болгоход яаравчлах хэрэгтэй л баймаар?
-Цагдаагийн даргын асуудлыг одоо ярихгүй байлгүй дээ. Цагдаагийн даргыг албан үүргээ гүйцэтгэсний төлөө хөөж явуулах ёсыг Монголд тогтоож болохгүй гэдгийг би хэлсэн. Ийм үед Хууль зүйн сайд нь цагдаагийн даргаа хамгаалж байх ёстой  юм. Энэ бол зүгээр нэг хүнийг хамгаалж байгаа явдал биш. Цаад талд нь хууль, төрийн зарчмыг хамгаалах үүргийн асуудал юм шүү дээ.

-Сонгуульд хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу  хүчингүй болгосон жагсаалтын 28 мандатыг хэрхэн хуваарилах нь тодорхойгүй байна. Цаг тулчихаад байхад хоёр том нам тохиролцохгүй байна гэх мэдээлэл гараад байна л даа?
-Угаасаа тохиролцох эс тохиролцох тухай ойлголт буруу. Сонгуулийн тойргийн саналыг СЕХ-ныхон УИХ-д саналаа ирүүлснээр л шийдвэрээ гаргачих  ёстой асуудал юм. Энд хамгийн гол ажиглагдаад байгаа зүйл нь өөрсдөдөө зориулж тойрог нэмэх, тойргийн зохицуулалт  хийх юм л далдуур хийгээд байна даа. Үүнээс шалтгаалаад асуудал гацаад байна шүү дээ. Тийм байж болохгүй.

-28 мандатыг  хуваарилахдаа хүн амын тоог харгалзаж шийдэх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалт байгаа ч эрх баригчид хотод  илүү хуваарилах хэрэгтэй гэж тайлбарлаад байгаа нь хэр зүйтэй юм бэ?
-Хүн амын тоог харгалзсан дүр эсгэсэн атлаа хоёрхон мянган хүний зөрүү байхад нэг аймагт нь хуулийн  хоёр мандатыг нь хэвээр үлдээгээд  хоёр мянгад нь нэг нэгийг нэмж байх жишээтэй. Энэ чинь  шударга биш шүү дээ.  10 мянган сонгогчийн зөрүү байгаа бол асуудал ярьж болно.  Энэ нь арай баримжаатай байгаа биз дээ. Гэтэл 1-2 мянгаар шалтаглаж ийм бусармаг үйлдэл хийж болохгүй ээ. Жишээ нь өчигдөр  /уржигдар/ 80 мянган хүнтэй аймагт нэг суудал нэмэх тухай асуудлыг ярьж байна лээ. Гэсэн атлаа 76 мянган хүнтэй аймагт гурван суудал  нэмэх талаар яриад байгаа юм. Энэ бол албан тушаалаа урвуулж байгаа хэрэг явдал. Цаад талд нь олон муу шалтгаан байгаа учраас л тулчихсан сонгуулийн тойргийг хэрхэн хуваарилах саналаа оруулж ирэхгүй байна л даа.  СЕХ хуралдаж байгаа дуулдсан. Бодвол нэг санал ухаантай юм оруулж ирэх юм байлгүй дээ. Жишээлбэл, Булганд дунджаар тооцоход нэг суудал нэмэх шаардлага байгаа юм билээ. Гэтэл нэмэхгүй гэж гүрийгээд байна. Яагаад гэхээр  эрх баригчид Булганд ялагдана гэдэг тооцоогоор эсэргүүцээд, тойрог харамлаад байгаа хэрэг шүү дээ.

-Тэгэхээр АН-ынхан өөрсдийн ялах магадлалтай гэж үзсэн тойрогтоо суудлын тоог нэмэх гээд байгаа байх нь ээ?
-Яг л тийм юм хийгээд байна.

-Оффшортой холбоотой мэдээлэл сүүлийн өдрүүдэд дуулиан дэгдээгээд байна. Улс төрчид оффшор бүсэд бүртгэлтэй  компанийн  хувьцаа эзэмшдэг байхад болохгүй зүйлгүй л гэх юм. Та энэ асуудлыг ямар байр  сууринаас харж байна вэ?
-Наад асуудлыг чинь сайтар нягталж байж дуугарах  хэрэгтэй.  Ойрын өдрүүдэд бол зөвхөн хэвлэлээр шуугиан дэгдээх төвшинд л асуудал өрнөж байна шүү дээ.  АТГ, тагнуул гэх мэт байгууллага өөр өөрсдийнхөө чиглэлээр үүнийг нягтлаад, үр дүнг нь төр болон олон нийтэд ил болгох ёстой юм. Ийм процесс өрнөөгүй байхад  оффшортой холбоотой элдэв буруу зөрүү юм ярих хэрэггүй.

-Татварын хөнгөлөлттэй бүсэд улс төрчид бүртгэлтэй байгаад л олон нийт их ач холбогдол өгөөд байх шиг байна л даа?
-Хууль зүйн биш улс төрийн хувьд наадах чинь болдоггүй л эд дээ. Би  жишээ нь УИХ-д хамгийн олон жил суусан гуравхан гишүүний нэг шүү дээ. Энэ хооронд би тэр оффшор бүсэд чинь нэг юм чихвэл чихнэ шдээ. Болдоггүй л байхгүй юу. Ер нь бол  өөрийнхөө нэр дээр тэнд данс нээнэ гэж байхгүй л дээ. Хамаатан  садан, үр хүүхэд хавиараа л нээж таарна. Яаж ч яваад тэр Панамын дансанд орчихдог  юм. Виржина гэх мэтээр Англи хавиар л энэ асуудлыг ярьдаг  байсан юм л даа. Одоо бүр цоо шинэ юм гарч ирж байгаа юм байлгүй дээ. Ямар ч байсан үүнийг нягтлах хэрэгтэй.

-Таныхаар мандатыг хэрхэн хуваарилах нь зүйтэй юм бэ?
-Манайх 16:12 гэж яриад байгаа. АН-ынхан 14:14 гээд байгаа. Би мэдээж бүлгийнхээ байр суурьтай нэг байгаа. Ер нь сүүлийн үед хөдөөг мартдаг байдал юунд хүргэдэг юм бол доо. Уг нь болдогсон бол хуучин 2008 он хүртэл 76 тойргоор явсан түүх байдаг шүү дээ. Тэр чинь хамгийн  зөв хуваарилалт байсан юм. Элдэв хэрүүл хийлгүй тэрийгээ буцаачих байсан юм.

-Сонгууль хаяанд ирчихээд байхад тойрог, мандатаас авахуулаад тодорхойгүй, ойлгомжгүй зүйл маш олон байна л даа?
-Маш муу. 2003 онд би Хууль зүйн сайд байхдаа Хүний эрхийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан юм.  Тэр дунд  сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд аливаа өөрчлөлт оруулж болохгүй гэж хатуу заалт оруулсж өгсний учир нь энэ. Ийм юм болдог учраас түүнийг нь хатуу заалтаар хаалт хориг хийж өгсөн юм шүү дээ.

-Энэ удаад тэр заалт яагаад  хаягдчихав?
-Мэдэхгүй байна. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийн заалт өнөөдөр ч хүчинтэй  баримт л даа.  Зургаан сарын өмнө  Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх   заалтыг авч хаясан ч Хүний эрхийн  үндэсний хөтөлбөрийг дагах үүрэг УИХ-д байгаа шүү. Ялгаагүй л шийдвэр.

М.Өнөрөө

  • Шинэ
  • Их уншсан