О.Оджаргал: Эхний ээлжинд 13 гудамжийг сонгон тохижилт, засварын ажил хийж байна


Дэлхийн 51 орны удирдагчид АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монголд чуулах гэж байна. Гадны төлөөлөгчдийн хувьд анхны сэтгэгдэлд нь  Улаанбаатарын зам талбай, өнгө үзэмж, ногоон байгууламж гэхмэтчилэн харагдах байдал ихэд нөлөөлөх нь тодорхой. Дэлхийн удирдагчид ирэхэд манай нийслэл нүүр улайхааргүй цэвэр цэмцгэр, өнгө зүстэй байж чадах болов уу. Энэ талаар Захирагчийн ажлын албаны АСЕМ-ын ажлын хэсгийн Нарийн бичиг О.Оджаргалтай ярилцлаа.

-АСЕМ-ын бэлтгэл ажлыг хангаад төрийн байгууллагууд ид бужигнаж байна.  Улаанбаатар хотод гадаадын орны төрийн тэргүүд ирэхэд өнгө зүс ямар байх вэ гэдэг нь танайхаас их шалтгаалах бололтой. Хотдоо өнгө нэмэх ямар ажил хийж байна вэ?
-АСЕМ-ын уулзалтын хүрээнд нийслэл хотоо цэвэр цэмцгэр байлгахын тулд явган хүний зам талбайг засах, тохижуулах чиглэлээр ажлууд хийж байна. Эхний ээлжинд 13 гудамжийг сонгон тохижилт, засварын ажил хийж байна. Тодруулбал, наадамчдын өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж,  Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу,  Дүнжингаравын зам, Зайсан, Их Монгол Улсын гудам гэхмэтчилэн 13 гудамжийн явган замыг засч, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж, ногоон байгууламжийг мод, бут сөөгийг шилжүүлэн, нэмж тарих, нөхөн сэргээлт хийх, том оврын модыг вааранд хийж тавих ажлыг хийхээр зэхэж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаал гарч, 22 хяналтын хэсгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл 13 гудамжийг 22 хяналтын хэсэгт хуваагаад хяналтын хэсэг тус бүрт нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын тохижилтын инженерүүд, Өмчийн харилцааны газрын газар чөлөөлөлтийн мэргэжилтнүүд багтаж байгаа юм. Яагаад ийм бүрэлдэхүүнтэй байна вэ гэхээр тухайн тохижилт хийж байгаа газар хашаа, хайс хатгасан байх, худалдааны ТҮЦ үйл ажиллагаа явуулах гээд саад бэрхшээлүүд багагүй тулгардаг. Тиймээс албаны хүмүүсийг  хяналтын хэсэгт нь оруулсан байгаа.

-Ногоон байгууламж их байх тусмаа хот маань өнгөлөг харагдана гэж бодож байна. Энэ чиглэлд тухайлан ямар ажил хийж байна вэ?
-Хот тохижилтын хүрээнд том оврын мод шилжүүлэн суулгана. Зүлгийн нөхөн тарилт хийнэ. Нийтийн эзэмшлийн зам талбайн 110 гудамжинд аж ахуйн нэгж, байгууллагууд дөрвөөс аравдугаар сар хүртэл ногоон байгууламжийн арчилгаа, усалгаанд оролцдог. Энэ байгууллагуудын хүчийг энэ жил дахиж ашиглаж таарах байх. Үүнд Улаанбаатар нэгтгэл болон Захирагчийн ажлын албанаас нэгдсэн удирдлагаар хангаж,  ажлын явцад хяналт тавих юм.

-Таны дурдсан дээрх ажлыг ямар төсөвт өртөгтэйгээр хийж байгаа вэ?
-Энэ ажлуудыг Захирагчийн ажлын албаны урсгал зардлаас санхүүжүүлж байгаа. Урсгал зардал гэхээр улсын төсөв биш гэдгийг нь хэлэх нь зүйтэй болов уу. Аж ахуйн ажлуудыг хийхэд жил бүр тавигддаг, сар болгон аж ахуйн нэгж байгууллагуудад санхүүжилтээр олгодог ийм мөнгө байгаа юм. Энэ мөнгөнөөс яг ямар ажлыг хийх вэ, тэвчиж болох зардлууд аль нь вэ, үүнийг хийснээр ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг нарийвчилж гаргаж байгаа. Шаардлагатай эцсийн мөнгөн дүнг хараахан гаргаагүй  байна.

-Тохижилт, зам засварын ажил эцсийн байдлаар хэзээ дуусах вэ?
-Бид төлөвлөсөн ажлуудаа урин дулааны цагт буюу дөрөвдүгээр сарын 1-нээс  зургадугаар сарын 1-ний хооронд дуусгахаар ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээний ажлуудыг богино хугацаанд хурдан шуурхай дуусгахаар төлөвлөсөн. Зунд нь шороо босгоод энэ тэнд нүх ухчихаад өвлийг угтдаг энэ дүр зургийг халахаар ажиллаж байна. Тиймээс дөрвөөс зургадугаар  сар хүртэл бүх инженер, тохижилт, засварын ажлуудыг дуусгасан байх болно.

-Зөвхөн АСЕМ-ын уулзалтад зориулсан  бүтээн байгуулалт бий юү?
-Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулж буй АСЕМ-ын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд дурсгалын хөшөө босговол ямар вэ гэсэн асуудал ярьж байгаа. Гэхдээ хаана, хэний ямар загварын бүтээл босгох вэ гэдэг нь тодорхой болоогүй. Төслийн хэмжээнд ярьж байгаа гэж ойлгож болно. Эцсийн шийд нь дөрөвдүгээр сарын эхний хоёр долоо хоногт багтаад гарчихсан байна.

-Тохижилт хийж байгаа бүсэд байрлаж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнтэй ямар байдлаар хамтарч ажиллаж байна вэ?
-Би дээр цухас дурдсан Захирагчийн ажлын алба болон Улаанбаатар нэгтгэл гүйцэтгэлийн ажлыг хянаж ажиллана. Аж ахуйн нэгж байгууллагуудад  барилга байгууламжийн хайс хашлагыг татах, гадна пасадны өнгийг шинэчлэх зэрэг ажлуудад албан тоот хүргүүлж байгаа. Үүнд нь "Танай албан байгууллага ийм тохижилт үйлчилгээг хийх шаардлагатай байна. Өөрийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлээч. Хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх юм" гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлсэн. Хариуд нь байгууллагууд маань "Бид ийм зүйлийг хийж болж байна. Харин үүнийг нь танайхаас хийгээд өгөөч" гэсэн саналуудаа гаргаад явж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаад гадна талбайгаа тохижуулж, Улаанбаатарт өнгө нэмж байгаа нь сайшаалтай. Гэхдээ 2009 оны 63, 2012 оны 61 тоот тогтоолоор аж ахуйн нэгж байгууллагууд эргэн тойрныхоо 50 хүртэл метр квадратыг өөрсдөө тохижуулах үүрэг хүлээсэн байдаг. Энэ үүргийнхээ дагуу ажиллаж байгаа.

- Хоёр сарын хугацаанд дэлхийн олон орны удирдагчид ирэхэд нүүр улайхааргүй тохижилттой болж амжих болов уу?
-Мэдээж үр дүн гарна. Улаанбаатар хот өнгө засах нь тодорхой. Ногоон байгууламж нэмэгдэж, нийтийн эзэмшлийн архитектурын байгууламжууд өнгө үзэмжээ засна, автозамууд шинэчлэгдэж, гудамж талбай гэрэлтүүлэгтэй болно. Энэ бүхнийг хийхэд Нийслэл, дүүрэг, харьяа байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ хотоо өнгөлөг байлгах нь зөвхөн төрийн үйлчилгээний болон төрийн албан хаагчдын ажил биш ээ. Хувь хүн, аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн дор бүрнээ хотоо сайхан болгох жижиг ч гэсэн ажлыг хийх учиртай. Энэ бол төрийн ажил бидэнд хамаагүй гээд гараа хумхиад суух байгууллага байхгүй байх гэж найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

  • Шинэ
  • Их уншсан