Африк гаралтай Самура FIFA-д ажиллахаар боллоо


Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны 66 дахь удаагийн конгресс хуралджээ. Конгрессын үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албанд Фатьма Самба Диуф Самура хэмээх Африкийн Сенегалаас гаралтай, хар арьст бүсгүйг томиллоо. FIFA-гийн түүхэнд анх удаа эмэгтэй, хар арьст хүн ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож буй нь энэ юм. НҮБ-д 21 жил ажилласан туршлагатай Самура нь НҮБ- ын Нигери дэх НҮБ-ын суурин төлөөлөгч, хүний эрхийн зохицуулагчаар ажилладаг бөгөөд ирэх сараас FIFA-гийн ажлаа албан ёсоор эхлүүлэх юм байна. Мөн хурлын үеэр олон улсын хөлбөмбөгийн хөгжилд шинэ өөрчлөлт оруулах хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр болсноо дуулгажээ. FIFA- гийн ерөнхийлөгч Жианни Инфантино конгрессын үеэр олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөх байдлыг 360 хэм эргүүлсэн, цоо шинэ хөгжлийн хөтөлбөр байх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амлажээ.

МОНГОЛЫН ҮНЭН

  • Шинэ
  • Их уншсан