Манай улсаас дөрвөн боксчин Олимпийн эрх аваад байна


“Рио-2016” зуны Олимпийн наадамд хүчээ сорих Монголын боксын шигшээ багаас дөрвөн жинд Олимпийн эрх аваад байгаа бөгөөд эрхээ нэмэх ганц боломж үлджээ.
Энэ нь Азербайжаны Баку хотноо ирэх сард болох Олон улсын боксын холбооны чансааг тэргүүлсэн боксчдын тэмцээн юм. Уг тэмцээний эхний тавд шалгарсан тамирчдад “Рио-2016” Олимпод оролцох эрх олгосноор боксын төрлийн Олимпийн эрхийн төлөөх тэмцээн өндөрлөнө.
Монголын боксчид Олимпийн наадмаас аваргын алтан медаль нэг, хос мөнгөн медаль, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлэгч спортын төрөлд зүй ёсоор ордог. Одоогоор манай боксчдоос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар Олимпийн эрхээ өвөртлөөд байна.
Манай боксчид энэ өдрүүдэд олон улсын гурван тэмцээнд хуваагдан ур чадвараа сорих гэж байна. “Рио-2016” олимпийн эрхээ өвөртөлсөн ОУХМ Д.Отгондалай, Б.Чинзориг, Б.Түвшинбат нар дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор Куба улсад болох Кардова Кардинагийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох бөгөөд тэмцээний өмнө манай тамирчид долоо хоногийн хамтарсан бэлтгэлд хамрагдана.
Дасгалжуулагч С.Эрдэнэбаяраар ахлуулсан Х.Энх-Амар /52 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, С.Шинэбаяр /75 кг/ нарын дөрвөн тамирчин энэ сарын 19-22-нд Чех улсад болох Гран при тэмцээнд оролцоно. Харин эмэгтэй боксчид ДАШТ-д хүч үзэхээр Астана хотыг зорьсон.

  • Шинэ
  • Их уншсан