Б.Болорцэрэн: Уйлмаар үнэн


Саяхан л байсан даа садан төрлийн минь буурлууд
Санаанд багтахгүй юмаа буцчихсан л байх юм
Сайхнаа гээсэн хорвоогийн салан занг яалтай
Санахын алсад үдсээр золгох хүн ховордоно
Өчигдөрхөн л байсан даа аав ээжийн минь найзууд
Үнэмшиж чадахгүй юмаа цөөрчихсөн л байх юм
Үзэж л яваа амьдралын уйлмаар үнэнийг яалтай
Үгсээд очихын даваанд хуучлах хүн үгүйднэ
Балчирхан л байсан даа үе тэнгийн минь хүүхдүүд
Барагтай уулзахгүй юмаа өтөлчихсөн л байх юм
Бага залуухан нас харьж явааг яалтай
Бараагаа харалгүй явсаар танилгүй зөрөх нь олдоно
Алга урвахын хооронд л нуусан мэт бодогдоно
Алмайрч удаагүй атал байсан бүхэн байхгүй
Амьдарч явахын хооронд л хуурсан мэт санагдана
Анзаарч хайрлаагүй атал байдаг бүхэн эзгүй

  • Шинэ
  • Их уншсан