Я.Содбаатар: Нэр дэвшүүлэх ажиллагаанд саад хийхийн тулд АТГ-ын даргыг томилохгүй байна


УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Хаврын чуулган хаалтаа хийхэд үндсэндээ ажлын дөрөв хоног л үлдлээ. Гэтэл үр дүн нь тэг гэж хэлж болохоор байна. Та хувьдаа энэ чуулганы үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байна.  Ирэх долоо хоногийн эхээр чуулганыг хаах байх. Учир нь улс төрийн намууд энэ долоо хоногтоо багтааж, УИХ-д нэр дэвшигчдээ тодруулна. Үүнээс хойш УИХ-ын үйл ажиллагаа үндсэндээ өндөрлөдөг. Энэ хаврын чуулганаар уг нь олон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байсан. Харамсалтай нь одоогоор  бодитой шийдсэн асуудал гэж алга гэхэд болохоор байна. Хаврын чуулганаар үндсэндээ Сонгуулийн хуультайгаа ноцолдсоор байгаад л хугацаа нь дуусч байна. Өмнөх  уламжлалын дагуу  сонгуулийн жил эхэлснээс хойш Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаггүй байсан. Ард иргэд төрийн төлөөллөө хангах үйл явцаа зохицуулж байгаа тоглоомын дүрэм болох Сонгуулийн хуулийг ойр ойрхон өөрчлөх нь буруу. Харамсалтай нь АН энэ удаад өөрсдөдөө давуу байдал үүсгэх, тэр дундаа хэсэг улс төрч өөрт ашигтай байдал бий болгох  зорилгоор Сонгуулийн хуульд ойр ойрхон гар дүрж байна л даа.

-Л.Болд нарын  гишүүн дахиад Сонгуулийн хуулийн нэмэлт оруулж ирж байгаа юм билээ. Цаг тулсан үед хуулийг дахиж өөрчилж амжих уу?
-Одоо дахиад Л.Болд нарын санаачилсан Сонгуулийн хуулийн нэмэлтийг хэлэлцэхээр болсон байна лээ.  Энэ  бүхнээс харахад  хаврын чуулганаар сонгуулийн хуулиас өөрийг ярьж чадсангүй дээ. Сүүлийн хэдэн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан бүрээр л АН-ын нэг гишүүн  Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах  хуулийг оруулж ирдэг боллоо. Гэтэл өнөөдөр УИХ-ын тогтоолоор баталсан Хүний эрхийн  хөтөлбөр, олон улсын хүний эрхийн конвенцуудад сонгуулийн жил гарснаас хойш хуульдаа өөрчлөлт оруулдаггүй жишиг  хэвээр байгаа. Эрх баригчид ингэж хүчин төгөлдөр байгаа хууль, дүрмийг зөрчөөд Сонгуулийн хуульд санаатай болон санамсаргүй байдлаар халдах нь хэрээс хэтэрч байна. Сонгуулийн хууль бол сонгогчдын эрх ашгийг хамгаалдаг хууль. Сонгох, сонгогдох нөхцөлийг бүрдүүлдэг хууль байтал улс төрчид ялангуяа АН-ын удирдлага тэргүүтэй цөөн хэдэн хүн өөрсдийн эрх ашигт нийцүүлж, Сонгуулийн хуулийг ойр ойрхон өөрчилж байна. Энэ нь сонгогчид хуулийн дагуу  сонгох сонгогдох эрхээр хангуулах ардчиллын үндсэн   зарчмыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэж бид харж байгаа.  

-Хуулийн хугацаатай асуудлуудаа эрх биш эцэслэж амжуулах байлгүй дээ?
-Тухайн оны төсвийн  гүйцэтгэл, ирэх оны төсвийн төсөөлөл, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг  батлах ёстой. Ер нь Монгол гэдэг айл ирэх  онд хэрхэн, ямар орлого зарлагатай байх юм, түүгээрээ бид ямар ажил хийж хэрэгжүүлэх юм, ямар арга хэмжээг нийгэм, эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх юм бэ гэдэг дүр зургаа бид гаргаж авах ёстой шүү дээ. Гэтэл энэ мэт хуулийн хугацаатай асуудал руугаа эрх баригчид анхаарахгүй байна. Харин ч бүх асуудлыг улс төржүүлсэн, сонгогчдын эрх рүү халдсан байдал түлхүү харагдаад байна л даа.

-АН-ынхан сонгуульд ялахын тулд байж болох бүхий л арга, хэлбэрийг сонгож байна. Тухайлбал, сонгуулийн тойрог, мандатыг хуваарилахдаа өөрсдөдөө ашигтай байдлаар шийдсэн. Дээрээс нь аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвших гэж байгаа хүмүүсийг  хасах явдал нэг бус удаа гараад байна л даа?
-АН эрх мэдлээ  хадгалж үлдэхийн тулд төрийн эрх мэдлийг хуулийн бус аргаар авах, дээрээс нь төрийн хөрөнгө мөнгийг өөрсдөдөө ашигтайгаар зарцуулах  хандлагатай болчихлоо л доо. Тийм учраас сонгогчид энэ бүхнийг анхааралтай ажиглаж байгаа байх гэж бодож байна. Манай сонгогчид  маш ухаалаг болсон. Хуулиас давсан, бусармаг, ёс зүйгүй энэ үйлдэлд нь хариу өгөх байх гэж бодож байгаа. Үнэхээр АН-ынхан сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялах гэж, эрх мэдэлтэйгээ зууралдаж үлдэх санаархал, хандлагыг сүүлийн үед их гаргаж байна. Ялангуяа сая Сонгуулийн тойрог, мандат хуваарилах үед улайм цайм  загнасныг хэн хүнгүй харлаа л даа. Ер нь энэ мэт байдлыг нь харахаар ард иргэдийг хөнгөхөн байдлаар буюу хөрөнгө мөнгөөр зодож тодорхой амлалтаар хуурах  ажлыг АН-ын удирдлагуудаас авахуулаад нийгэмд зохион байгуулалтайгаар түгээж байна шүү дээ.  Сонгууль гэдэг бол нэг талаас ард түмэн аль нэг улстөрчид даалгавар өгөхийн нэр. Энэ ч утгаараа АН-ынханд ард иргэд  тодорхой даалгаврыг дөрвөн жилийн өмнө өгөөд явуулсан. Харин одоо энэ даалгавраа дүгнэх цаг нь болж байна. Харамсалтай нь АН ерөөсөө хичээл хийгээгүй, одоо шалгалтад орох гээд элдэв шипи хайж байна.  Өөрөөр хэлбэл, багшийг хуурч, дүн тавиулах тактикаа л бэлдэж байна шүү дээ. Гэхдээ тэдний энэ үйлдлийг өөрийн гэсэн бодолтой сонгогчид дүгнэх байх. АН хэрвээ үнэнч шударгаар дүнгээ тавиулбал энэ удаагийн шалгалтад унах нь ойлгомжтой болсон.

-АТГ-ын  даргад Х.Энхжаргалыг өргөн мэдүүлээд хагас сар болчихлоо. Гэтэл эрх баригчид энэ асуудлаар завсарлага авч уясаар  хаврын чуулганыг хаахад хүрч байна. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд  АТГ-ын томилгооны асуудлыг багтаагаагүй байна лээ.  Тэгэхээр сонгуулийн үеэр АТГ даргагүй байх нь ээ?
-Нийгэм, эдийн засаг, улс орны байдал амаргүй байгаа үед төрийн байгууллагуудын удирдлага, ялангуяа хүчний байгууллагын удирдлагуудыг сонгуулийн үеэр тогтвортой, эзэнтэй байлгах нь маш чухал. 2008 оны долдугаар  сарын 1 гэж  Монголын түүхэнд хар толбо үлдээсэн үйл явц болох үед ЦЕГ-ын дарга үүрэг гүйцэтгэгч байсан. Үүнтэй холбоотой цөөнгүй асуудлыг сүүлд нь их ярьсан. Тийм учраас бид энэ хариуцлагатай албан тушаалуудыг эзэнтэй байлгах тал дээр тун анхааралтай хандах ёстой. Удирдлагыг томилох асуудлыг хуулийн дагуу л гүйцэлдүүлэх учиртай юм. Гэтэл эрх баригчид зөвхөн АТГ-ын даргын асуудал дээр хэчнээн удав. Энэ томилгоонд уг нь хуулийн хугацаа бий шүү дээ.  АН-ынхан хуулийн хугацаатай буюу АТГ-ын дарга, ЭМС-ын сайдын асуудал  гэх мэтэд өөрсдөө хугацаагүй завсарлага авдаг. Ойлгомжгүй байдал үүсгэдэг. Хуулийн хугацааг хэтрүүлдэг  байдал хэрээс хэтэрч байгаа. Нэг ёсны ардчиллын амин  сүнс нь хуулийн засаглал юм шүү дээ. Хуулийн дээгүүр давж  гишгэдэг, хуульгүй мэт авирладаг үзэгдэл бол өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хүндрэлийн хамгийн том шалтгаан нь юм. Цаашдаа Монгол Улс ардчилсан нийгмийг цогцлоож, эдийн засгийг ном ёсных нь дагуу явуулъя гэж байгаа бол хуулийн засаглалыг ялангуяа хууль дээдлэх соёлыг төлөвшүүлж байж энэ алхмыг шийднэ. АН-ын үед хуульт ёс үндсэндээ уланд гишгэгдэж алга боллоо.

-АТГ-ын даргыг томилохгүй, хуулийн хугацааг нь өнгөрөөчихөөд байгаагийн цаана эрх баригчдын далд сонирхол байгаа юм биш дээ. Тухайлбал, энэ газрыг даргагүй байлгаж байгаад сонгуультай холбоотой маргаан үүсэхэд өөрсдийн талд шийдвэрлүүлэхийн тулд хийж буй үйлдэл ч гэх тайлбар өрнөөд байна л даа?
-Сонгуульд нэр дэвшигчид бүгдээрээ АТГ-т ХОМ-ээ өгч, тэндээс ”Асуудалгүй” гэдэг  албан бичиг авдаг. Тиймээс энэ процесст саад хийхийн тулд даргынх нь томилгоонд саад хийгээд байгаа юм байна гэж ойлгож байгаа. АТГ-ыг даргагүй байлгаж байгаад өөрсдийнхөө санаагаар, идэж ууж,  хөрөнгө завшсан асуудлаа бүгдийг нь толгойгүй байгууллагаар гүйцэлдүүлэх гэж байна гэж харж байна.

-Сонгууль дөхөхтэй зэрэгцээд оффор бүстэй холбоотой асуудал газар аваад байна. АН-ын дарга болон Ерөнхийлөгчийн зүгээс оффшор дансандаа сая ам.доллараа “мартдаг” С.Баярцогтыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гээд зарлачихлаа. Үүнтэй зэрэгцээд Монгол Ардын нам ч гэсэн оффшортой нэр холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй гэх барьцсан хандлага өрнөөд байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Ер нь оффшор данстай байх, оффшорт компани байгуулах асуудлыг хуулийн хүрээнд зохицуулж, төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтнуудын ёс зүйг дээшлүүлэх шаардлага байна уу гэвэл байна. Цаашдаа Монголын улс төрийг цэвэршүүлж,  шилэн болгоё гэвэл улс төрийн нам, улстөрчдийг тойрсон хөрөнгө, мөнгөтэй холбоотой асуудлыг цэгцлэх шаардлага байгаа. Гэхдээ үүнийг нэг удаагийн сонгуулиар нэг намын пиар болгоод, түүнд захирагдаад явах биш нийтэд нь   улстөрчдөд код тавих ёстой юм. Энэ хүрээнд ёс зүйн ямар хариуцлага хүлээдэг байх юм. Ер нь хариуцлагын тогтолцоогоо бид яаж зөв болгох юм бэ гэдэгт бид анхаарах ёстой юм байна гэж бодож байгаа. Тийм ч учраас улс төрд орохоор, улс төрийн албанд томилогдож, зүтгэх гэж байгаа хүмүүс өөрсдөө сонголтоо хийдэг тэр эрхийг нь эхнээс нь ойлгомжтой болгож өгөх  хэрэгтэй. Нэг ёсондоо улс төрчдийн ёс зүйн кодыг бий болгох хэрэгтэй гээд байгаа юм. Нөгөө талаас оффшор данстай холбоотой асуудалд эрх зүйн зохицуулалт хийх хэрэг байна уу гэвэл байна. Гэхдээ үүнийг улс төрийн агуулгаар хийх ёсгүй. Амьдралд хэрэгждэг, Монголын эдийн засагт сүүлд нь хар толбо үлдээчихгүй, нөлөөлөл оруулчихгүйгээр зөвхөн улс төрийн ёс зүйг дээшлүүлэх хүрээнд олон улсын зөв жишгийнх нь дагуу хэрэгжүүлэх шаардлага байна. Тэгэхгүйгээр нэг удаагийн сонгуульд хэсэг хүнийг намнах гэсэн зэвсэг болгох  байдлаар эсвэл оффшор гэх олон улсын  төвшинд хэрэглэдэг санхүүгийн механизмыг хаах байдлаар хандвал Монголын эдийн засагт ч хохирол авчирна, үүнийг дагаад нийгэмд ч  сайн зүйл авчрахгүй. Тэр байтугай өнөөдөр манайд  гаднаас  орж ирж байгаа хөрөнгө  оруулалтын дийлэнх нь оффшор бүсээс орж ирж байгаа. Ер нь хөгжиж буй орнуудад гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь л оффшор бүсээс орж ирдэг. Тиймээс оффшортой холбоотой асуудлыг хөндөхдөө эдийн засгийнх нь агуулыг улс төртэй битгий холиосой л гэж харж байгаа. Яг улс  төрийн хүрээний оффшор бүстэй холбоотой асуудлыг зохицуулах шаардлага байна.  Өнөөдөр оффшор данстай хүн Ардын намаас илүү АН-д олон байгаа нь тодорхой.

-Хаврын чуулган хэлэлцэх асуудлынхаа тал хувийг ч гүйцээгээгүй байхад “Өр” гэдэг үгийг “Өглөг”-өөр солих хуулийн төслийг Н.Батбаяр гишүүн санаачлаад түүнийг нь УИХ-ын дарга хэлэлцэх асуудалд оруулж байгааг ер нь юу гэж ойлгох вэ. Та хувьдаа энэ асуудлыг юу гэж харсан бэ. Агуулгын ялгаагүй үгийг солих санал оруулж байгаа нь АН бүрэн эрхийнхээ хугацааг дуусаад ирэхээр энэ мэт өнгөлөн далдлалт хүртэл хийж байна уу гэж харагдсан л даа?
-Нэг  үгийг байтугай нэг хэсэг өгүүлбэрийг солиод ч АН-ын идэж уусан асуудал далд орохгүй. Бид өрийн удирдлагын хуулийг “Өглөг” болгоод энэ их өр алга болчихгүй. Монголын ирээдүй хойч үеийн нуруун дээр энэ их өр үлдэх нь гарцаагүй. Тимээс үгний хойноос хөөцөлдөхөөс илүү үүсгэсэн өрөө хэрхэн дарахаа бодох нь цаг хугацааны хувьд илүү оновчтой. Асуудлын агуулгыг барихаас илүү хэлбэр хөөцөлдсөн байдал нь АН-ын өнөөгийн өнгө төр болж дээ.

М.Өнөржаргал




  • Шинэ
  • Их уншсан