Х.Тэргэл: Сүнс ба хүн


Хоёр сайхан залуус үүлэн борооны ажил хийнэ
Холоос харсан би гэнэтхэн дайраад орчихов
Хүн болж төрөх гэж ингэтлээ яарснаа үл мэдэх ч
Хүний орчлон дээр би нэг л мэдэхэд ирчихэж

Зөөлөн дулаан гар намайг тэврэн бүүвэйлж
Заримдаа ширүүн гар бас л намайг ээлжлэн хөдөлгөнө
Нэг их тод шар гэрэл анивчихад өглөө гэж нэрлэнэ
Нэлдээ харанхуй бүрхэхэд шөнө гэж нэрийднэ

Өлсөхөөрөө би уйлна, өтгөн шингэндээ холилдохоор уурлана
Өвдөхөөрөө би чарлана, өөрийг минь дагаад хэн нэгэн бас уйлахыг мэдэрнэ

Тэр хүнийг ээж гэж нэрлэх
Дэргэд нь хааяа гунигт автан суух эрийг
Аав чинь гэж хэн нэгэн хэлэхийг сонсоно

Орчлон дээр би яах гэж ирсэнээ
Одоо яг юу хийх ёстойгоо
Үл мэдэх тусам, үнэндээ би их айна

Хүсээд ирсэн эсэхээ ч мэдэхгүй
Хүлээх ёстой үүргээ ч мэдэхгүй
Уйлж инээж явсаар би өсөж том болно
Урьдын хоёр залуусын хийж байсан ажлыг хийхэд минь

Хаа холоос бас л огт танихгүй нэгэн сүнс
Харваж орж ирчихээд хүн болно гэж уйлна

Миний мэдэхгүй байсан бүхэнд дахиад л тэр төөрөлдөж
Айж уйлна, бас инээнэ би яах гэж ирсэн юм бэ, яг хаанаас
Тэр бас яагаад намайг л олоод ирчихэв
Яг чи тэгээд хэний сүнс юм бэ?!?
Ямар хүний үргэлжлэл болж хүрч ирсэн юм бэ?!?

Хулганайн Тэргэл. 2016 он.

  • Шинэ
  • Их уншсан