Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар нар онилсон тойрогтоо өрсөлдөхөөр болжээ


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Увсын тойргийг нөхөөстэй дээл шиг алаг цоог зурж, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар эзэн Чингисийн нэрээр түрий барьж тойрог нэмүүлсэн нь маргааны гол бай болсон. Хэдийгээр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг "би тойрог зураагүй" хэмээн зүтгэж байсан ч үнэнд гүйцэгдэв бололтой. Учир нь УИХ-ын 2016 оны сонгуулийн тойргийн хуваарилалтын хамгийн таатай бүсэд нь Н.Алтанхуяг, Б.Гарамгайбаатар нэр аль хэдийнэ нэрсээ зоожээ. Тодруулбал, Хэнтий аймгийн 40 тойрогт МАН-аас Б.Бат-Эрдэнэ, АН-аас М.Хүдэрбаатар, 41-т Л.Оюун-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, 42-т Д.Гантулга, Ж.Оюунбаатар нар өрсөлдөх юм. Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт Бат-Ширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэр, Мандал, Бор-Өндөр сумууд, 41 дүгээр тойрогт Батноров, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Гал шар,  Дадал, Норовлин,  Биндэр сумууд, 42 дугаар тойрогт Жаргалхаан, Мөрөн, Хэрлэн сумууд багтаж байгаа юм. Товчхондоо бол Б.Гарамгайбаатар тойргийн маргаан ид өрнөж байхад онилсон өөрт нь ашигтай сумууддаа ийнхүү өрсөлдөхөөр болжээ. Тэгвэл Увс аймгийн хувьд МАН-аас Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат,  Ч.Хүрэлбаатар нар АН-аас О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Б.Сүрэнжав нар учраа таарч буй. Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 32 дугаар тойрог буюу Увс аймгийн Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг,  Тариалан,  Ховд, Улаангом сумын 4,9,10,11 дүгээр багт Н.Цэрэнбаттай өрсөлдөхөөр болж байна. АН-ынханд ээлтэй байдаг гэх энэхүү тойргийг Н.Алтанхуяг гишүүн эртнээс онилж байсан гэх таамаг ч бий. Ийнхүү АН-ын аргатай, зальтай, эрх мэдэлтэй гишүүд онилсон тойрогтоо өрсөлдөхөөр болжээ.
Ц.Тунгаа






















  • Шинэ
  • Их уншсан