Ц.Оюунгэрэл: Хүүхэд харах үйлчилгээний хуультай болсноор хүүхдийг харах нийгмийн өнцөг өөрчлөгдсөн


УИХ дахь эмэгтэй гишүүд хүүхэд, гэр бүлтэй холбоотой олон хууль батлуулсан байдаг. Энэ удаад Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг санаачилж, батлуулсан УИХ–ын гишүүн Ц.Оюунгэрэлийг урьж ярилцлаа.

–Манайд шинэлэг гэж онцолж болохоор хууль бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль юм. Хуулийн төслийг боловсруулахаас эхлээд батлуулж, хэрэгжих хүртэлх ажлыг хариуцсан хүний хувьд хуулийн гол санаа, хэрэгжилт гээд ярих зүйл олон байгаа байх?


-“Зууны мэдээ” сонины уншигчдад Эх, үрсийн баярын мэнд хүргэе. Хүүхдийн баяр болж байгаа энэ өдрүүдэд хүүхэдтэй холбоотой хууль санаачилж, ажлын хэсэг ахлан ажиллаж байсан хүний хувьд танай сониноор дамжуулан уншигчидтай мэндчилэхдээ таатай байна. Оюунгэрэл гэж хүн УИХ–д байснаар төрд, түмэн олондоо ямар хэрэгтэй байсан гээд өөрийнхөө ажлыг дүгнэхэд хамгийн тод сэтгэлд үлдсэн хууль бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байдаг. Хүүхэд асрах үйлчилгээ байдаг юм байна гэдэг санааг анх дэвшүүлж, бусад орны туршлагыг гишүүдтэйгээ хуваалцаж, хуулийн төслийг надтай хамт санаачлаач гэж уриалж байсан тэр үеэс  өнөөдрийн хууль хэрэгжих хүртэлх хугацааг бодоход дөрвөн жил өнгөрчээ. Анх ийм хуультай болж байж хүүхдүүд цэцэрлэггүй ч гэсэн аюулгүй орчинд хүмүүжих боломжтой гэсэн тэр жижиг санааг эмэгтэй гишүүдийн хүрээнд ярьж байсан. Дараа нь хуулийн төслийг өргөн бариад, дэмжигдээгүй унасан.

Эргээд хуулиа босгохын тулд 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой биечлэн уулзаж, хуулийн санааг сонгуулийнхаа сурталчилгааны гол санаа болгоод, ялж гарч ирээд энэ хуулийн төслийг өргөн барих хүсэлтийг тавьсан. Энэ утгаараа Ерөнхийлөгчид баярлалаа гэж хэлмээр байна. Ерөнхийлөгч 2013 оны сонгуульд энэ хуулийг барьж ороогүй, дараа нь өргөн бариагүй бол гишүүд бидний санаачилсан хууль нэг унаснаараа өнгөрөх байсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ–аар хэлэлцэх эсэх нь шийдсэний дараа нэлээд төвөгтэй, урагшаа явдаггүй гацсан хуулийн нэг болсон. Энэ үед надад ажлын хэсгийг ахлах санал ирсэн. Ажлын хэсгийг ахлахдаа нэг сарын дотор хуулиа батлуулна гэж хэлж байсан. Ингээд 28 дахь хоног дээрээ хуулиа батлуулсан.

–Хүүхэд хардаг үйлчилгээтэй болно гээд тайлбарлахад гишүүд эхэндээ итгэл үнэмшил бага байсан. Дээрээс нь хувийн цэцэрлэгийнхний эсэргүүцэлтэй ч тулсан байх?

–Хуулийг батлуулах явцад улс төрийн маш их тэмцэл өрнөсөн. Эхэндээ намуудын хоорондын тэмцэл шиг харагдаж байсан. Сүүлдээ энэ тэмцэл эмэгтэй гишүүд, АН, хоёр нийлж байж энэ хуулийг батлах хувь заяатай байсан гэж боддог. Хуулийг хамтран санаачилж байсан УИХ–ын 11 гишүүнд бидний хамтын ажиллагаа Эх, үрсийн баярын том сэдэв болж байгааг хэлж, бүгдэд нь амжилт хүсье. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулахад хамтран ажилласан гишүүддээ талархаж байна. Энэ юуны тухай хууль юм гээд эргээд харахад хүүхдийн аюулгүй байдлын хууль байсан. Хүүхэд гэртээ эзэнгүй цоожлуулахгүй байхын төлөө л хууль. Түүнээс цэцэрлэгтэй өрсөлдөхийн төлөө үйлчилгээ гаргах, өөр үйлчилгээг нэвтрүүлж, цэцэрлэгүүдийг байхгүй болгоно гэсэн юм биш. Эсвэл монгол хүүхэд жижиг гэрт харуулж байх ёстой гэсэн явцуу үзлээс ч болсон юм биш. Зөвхөн хүүхдийг хараа хяналтгүй, гэрт нь түгжиж үлдээхгүйн төлөө юм.

–Хууль хэрэгжих бэлтгэл ажил хэр сайн хангагдсан бол?

–Хууль батлагдсаны дараа нийгэмд хөдөө, хотгүй хэрэгжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Хүмүүс хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдаж байгаа. Зөвхөн 2-5 настай хүүхдийг хэрхэн харах сургалт явуулна гэдэг нийгмийн хүүхдийг харах өнцгийг өөр болгож байна. Хүүхэд харах, хэрхэн харилцах тухай сургалтад сууж, гэрчилгээгээ авсан хүмүүстэй уулзсан. Тэд дэвтэр дэвтрээр бүтээлүүд хөтөлж, ном цуглуулж, гал тогооны өрөөндөө хүүхдийг хэрхэн галаас сэрэмжлүүлэх, эрүүл хүнсээр хангах зэрэг гарын авлагыг сумын төвд ширээний ном болгоод уншаад сууж байна. Үнэхээр батлуулсан хууль маань хүүхэд асрах, аюулгүй орчин бий болгохоос гадна хүүхдэд олон хүн анхаарал тавьж, тэднийг яаж өсгөхийг орон даяар сургаж байгаа томоохон иргэний боловсролыг дэлгэрүүлж байгааг хараад баярлаж байсан. Хүүхэд  асрах үйлчилгээ олон газар дэлгэрч байна. Цаашид улам олон болно. Монголын хүүхдүүд аюулгүй орчинд бага насаа өнгөрүүлж, сургуулийн насанд хүрнэ гэж бодохоор энэ дөрвөн жилд эмэгтэйчүүд олноороо УИХ–д орж ирсэн нь манай сонгогчдын ажлын үр дүн байжээ. Бид сонгогдож орж ирсэн нь сонгуулийн үр дүн. Сонгогдсоныхоо дараа сонгогчдынхоо төлөө хийсэн энэ зүйл тэдний сонголтын үр байсан гэж харж байна.

–Хуулийн хэлэлцүүлгийн шатанд нэг жилийн төсөвт их хэмжээний төсөв, хөрөнгө суулгах нь хэмээн эсэргүүцэх хүмүүс ч байсан шүү дээ?

–Тийм ээ. Бид цэцэрлэгт хамрагдаагүй бүх хүүхдийг хүүхэд харах үйлчилгээгээр хуулийн дагуу хамруулахад 60 тэрбум төгрөг хэрэгтэй гэж тооцсон. Ингээд энэ мөнгийг жил бүр улсын төсөвт суулгах хэрэгтэй гэхэд УИХ–ын гишүүд ийм их мөнгөөр хүүхэд харах үйлчилгээг эрхэлж чадахгүй гэж байсан. Харин бидэнд ямар хариу тооцоо байсан гэхээр цэцэрлэг барьж, багшийг нь цалинжуулж, халаалт дулааныг нь улсаас төлөөд, хувьсах зардлыг нь өгвөл 600 тэрбум хэрэгтэй. 600 тэрбумаар санхүүжүүлэх гэж байгаа үйлчилгээг бид 60 тэрбумаар санхүүжүүлэх хуулийн гаргалгаа олсон. Үнэхээр бидний тооцоо зөв байсан. 600 тэрбум төгрөгийн цэцэрлэгийг барьж, ажиллуулахад шаардлагатай тэр их мөнгийг  өнөөдөр шууд хүүхдэд нь зарцуулаад эхэлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, барилгын тендер зарлахаас эхлээд цаг хугацаа болон олон зүйлийг хэмнэж байна. Иргэдийн оролцоотой, олон хүнийг ажлын байраар хангасан, цомхон, тархан байрласан хүн амын нягтаршил багатай орчинд нийцүүлж хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Тухайлбал, зөвхөн цэцэрлэгээр хүүхдийг хангана гэвэл аймаг, сумын төвийн хүүхдүүд л байна. Багийн төв, хил орчим болон малчны хотонд байгаа хүүхдүүд цэцэрлэггүй үлдэнэ. Хүүхэд харах үйлчилгээний нэг гайхалтай зүйл нь монгол хүн монголоороо байж Монголынхоо өнцөг булан бүрт, хөдөө хээр, хил орчим хаана ч байсан хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжтой. Үүгээрээ Монголын орчин, ахуйд нийцсэн хууль болсон.

–Хууль хэрэгжээд хэдэн сар болж байгаа. Одоогоор хэдэн хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч, хүмүүжиж байгааг сонирхож байна. Энэ талаар тооцоо гарсан болов уу?

–Одоогоор УИХ–ын гишүүдэд тайлан ирээгүй байна. Засгийн газраас энэ талаарх тайланг гаргах байх. Хууль хэрэгжиж эхлээд хагас жил болоогүй байгаа учраас тайлангийн хугацаа болоогүй гэж ойлгож байна. Сургалтууд явуулаад дууссан. Сургалтад хамрагдсан хүмүүсээ лицензжүүлэх ажил явагдаж байгаа. Лицензээ аваад, хүүхэд, эцэг, эхтэй гэрээ хийсэн хүүхэд харах үйлчилгээнүүд ажиллаад эхэлсэн байдалтай байна. Хүн амын харилцаа, ялангуяа цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн тооноос болоод энэ жилийн улсын төсвөөр оноож өгсөн 10 тэрбум төгрөгт багтаагаад Засгийн газар хуваарь гаргасан. Засгийн газрын оноосон квотод тааруулаад хүүхэд асрах үйлчилгээнүүд эхэлж байгаа. Эхний гарааны жил учраас тэр дундаа гарааны мөнгө нь бага байгаа тул энэ жил баг болгонд нэг, нийслэлийн хороо болгонд гурван төв гэсэн тоо гарсан байх. Би хоёр сумын хүүхэд харах үйлчилгээтэй танилцсан. Тэгэхэд сум, баг болгонд нэг хүүхэд харах үйлчилгээний төв нээх боломжтой гэж ярьж байсан. Гэхдээ тухайн болзлоо хангасан хүмүүс эхнээсээ квотдоо багтаж, үйлчилгээгээ нээгээд эхэлсэн. Дашрамд хэлэхэд энэ хуулийг төрөх үед, анх санааг нь хэлж байхад УИХ–ын гишүүд төсөөлдөг ч үгүй байсан. Харин өнөөдөр энэ хууль шиг хэрэгтэй хууль байхгүй байсан байна гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Дөрвөн жилд хүүхдэд хандах нийгмийн хандлага, хүүхэд асрах үйлчилгээнд хандах хандлага эрс өөрчлөгдсөн том үр дүн гарлаа.

–Мөн таньтай холбогдох өөр нэг хууль бол Хог хаягдлын тухай хууль. Хуулийн үзэл санааг сайн харвал эргээд л хүүхдийн эрүүл, аюулгүй байдалтай холбогдоно. Энэ хуулийг батлуулахын тулд гурван жилийн судалгаа хийж, Цагаан даваа, Улаанчулуут болон Хөвсгөл аймгийн Тариалан сумын хогийн цэг дээр ажилласан гэсэн. Энэ тухайд юу хэлэх вэ?

–Хүүхэд харах үйлчилгээний тухай хуультай хамт гарч байсан том эсэргүүцэл бол жорлонгийн асуудал байсан. Стандартын жорлонгүй газар, хүүхэд харах үйлчилгээ нээнэ гэдэг анх бидний хуулийн санааг унагаасан гол няцаалт байв. Тэр үед нүхэн жорлон, гэр хороолол гэдэг үг шийтгэл мэтээр сонсогдож, энэ хоёр байгаа учраас хүүхэд харах үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж болохгүй юм шиг хатуу төсөөлөлтэй энэ хууль унасан. Хүүхэд зөвхөн дулаан паартай байшинд, том цэцэрлэгтэй орчинд өсөх ёстой гэдэг. Гэтэл цэцэрлэгт явах боломжгүй, яг гэртээ байгаа хүүхдүүд үнэхээр гэр хороололдоо түгжигдэж байгаад шатаад байгаа юм. Гэтэл энэ хуулийг батлуулах гэхээр жорлонгийн асуудал яригдсан. Стандарт бас дахин стандарт гэдэг асуудлыг хөндсөнөөс гацаа үүссэн. Хөдөөд, нийслэлд ч ийм зүйл болдог. Эцэг, эх нь ажлаа хиймээр байдаг. Хажуугаар нь үр хүүхдээ асрах хэрэгтэй. Тиймээс бид ямар нэг гарц олж, энэ хуулийг батлах хэрэгтэйг тухайн үед уйгагүй хэлсэн. Мэдээж бид стандартаа сайжруулах хэрэгтэй. Үнэхээр хүүхдэд цэвэрхэн жорлон хэрэглүүлж, эрүүл хүнсээр хангаж, хүмүүжүүлэх шаардлагатай. Тиймээс гэр хорооллын жорлонгийн асуудлыг давхар шийдье гээд Хог хаягдлын тухай хууль руу ханцуй шамлан орсон. Энэ бол гурван жилийн өмнөх үйл явдал. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн эхний хувилбар жорлонтой холбоотой асуудлаас болж унасан. Тэгвэл жорлонгоо давхар шийдье гээд энэ хуулийг боловсруулахаар болсон юм.

–Судалгааны ажлын тухайд?

–Эко жорлонгийн талаар олон мэдээ, материал цуглуулсан. Миний өрөөгөөр дүүрэн жорлонгийн загвар бий. Тухайн үед тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, олон хүнээр загвар хийлгэж, газар дээр нь очиж шинэ дэвшилтэт санаагаар хийсэн айл айлын жорлонг сонирхож байсан. Эко жорлон, био бордоо, суултууртай, хүүхдэд аюулгүй жорлонг дэд бүтэцгүй газар хэрхэн хийх вэ гэдэг судалгаа хийгээд, Монголд эко, био жорлон байгуулах замаар дэд бүтэцгүй ч ариун цэврийн өрөөтэй байх боломжтой гэдэг судалгааны дүнтэй болсон. Ингээд өөрийнхөө төсвөөс ивээн тэтгэж жорлонгийн загваруудыг иргэдэд сурталчлах, зааж өгөх сурталчилгааны гарын авлага хэвлүүлж гишүүдэд тараасан. Ямар ч дэд бүтэцгүй газар бид хүн шиг бие засч, хүн шиг амьдарч болох юм гэдгийг эмэгтэй гишүүддээ танилцуулсан. Гишүүдээсээ намайг Хог хаягдлын тухай хууль дээр дэмжээрэй гэж хүссэн. Гэр хорооллын нүхэн, хөрс бохирдуулах жорлонг дэс дараатай багасгах төсвийг заавал орон нутаг төсөвтөө тусгуулахыг дэмжиж өг гэж байгаад дэмжүүлсэн юм. Ер нь Хог хаягдлын тухай хууль эмэгтэй гишүүдийн хүчээр батлагдсан. Байнгын хорооны дарга нь УИХ–ын гишүүн Л.Эрдэнэчимэг, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч нь УИХ–ын гишүүн С.Оюун, хууль санаачлагч нь миний бие байсан. Надтай бүх эмэгтэй гишүүн хуулийн төслийг өргөн барьсан.

–Хуулийн хэрэгжилт ямар байгаа нь тухайн хуулийг амьдралд нийцсэн эсэхийг харуулах гол үзүүлэлт болдог. Тэгэхээр Хог хаягдлын тухай хууль хэрэгжсэнээр хүмүүсийн амьдрах орчинд ямар өөрчлөлт авчирсан бол?

–Энэ хуульд аюултай хог, хүүхдэд аюултай, үйлдвэрийн аюултай хог хаягдлыг бүгдийг нь хэрхэн зохицуулахыг тусгаж өгсөн. Гэр хорооллын жорлон, хогийн савны асуудлыг оруулсан. Тохижилт үйлчилгээний компанид ажилладаг эцэг эх олон бий. Гадаа хог цэвэрлэж, үйлчилгээний ажил хийж байгаа хүн гэртээ очоод хүүхэдтэйгээ ойрхон харилцах шаардлагатай болдог. Тэр утгаараа хогийн сав нь цэвэрлэхэд хялбар, тэр хүнийг өвчлүүлэхгүй байх ёстой. Би Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар дөнгөж томилогдонгуутаа хогийн сав яаж хийх, тухайн хүнд аюулгүй байдлаар хэрхэн хогийн савыг цэвэрлэдэг байх тухай 10 гаруй хуудас дэлгэрэнгүй танилцуулгыг хотын дарга, яамд болон аймгийн Засаг дарга нарт хүргүүлж байсан. Тэднээс хогийн савыг эвтэйхэн болгож өгөхийг л хүссэн. Өмнө нь хотын захиргааг АН удирддаггүй, дарга нар нь өөр намын хүмүүс байх үед хогийн сав дотроо давхар савгүй, гараараа ухаж авдаг байсан. Хогийг гараараа ухаж авч байгаа үйлчилгээний ажилтан гэртээ очоод хүүхдээ хооллоно шүү дээ. Харин одоо анзаарсан бол хогийн сав дотроо давхар савтай болсон. Гараар ухах шаардлагагүй, доторх савыг нь авч болохоор шийдсэн. Савныхаа дизайныг ингэж өөрчлөхгүй бол энэ хүмүүсийн ар гэр, өвчлөл, дархлааны асуудал хүнд болохыг  анхнаасаа тавьсан. Энэ нь УИХ–ын ажил биш. Хотын ажил байсан учраас хот, аймгийн Засаг дарга нар руу хогийн савны тухай захиа явуулдаг байсан. Хууль боловсруулах явцад энэ хуулийг батлах үед хүн бүхэн ойлгодог байгаасай гэдэг үүднээс хуулиа хийх явцдаа бага багаар ажиллагаа явуулдаг байсан. Хог хаягдлын тухай хууль батлагдахад хүмүүс нүхэн жорлонг хэрхэн цөөлж, оронд нь эко жорлон хийхийг мэддэг болсон. Хогийн савны тухай хүртэл хуульд нарийн заасан. Өмнө нь хогийн савыг яаж хийх тухай хуульд тусгаагүй байсан. Одоо хуульд хогийн сав бол тухайн орон нутгийн ачиж, буулгах технологид нийцсэн байна гэж заасан. Энэ нь гараараа ачиж, буулгадаг бол гараар өргөхөд даахаар байна. Кранаар өргөнө гэдэг нь хогийг кран, кранд нийцсэн саваар хангана гэсэн үг. Түүнээс кран байхгүй газарт хоёр тоннын хогийн сав тавьчихдаг. Түүнийг нь хоёр ачигч хүрзээр ухаж ачих гээд ирдэг тохиолдол бий. Энэ бол ачих технологи биш шүү дээ.

–Хуулийн дагуу хог ачиж, буулгах ажлыг хийхэд бэлтгэл ажлыг нь хангаагүй бол мөнгийг нь төсөвт суулгахгүй. Мөн бохир орчноос болж өвчилсөн бол гомдол гаргах боломжтой зэргээр хуульд шинэ санаанууд оруулсан байх?

-Хуулиараа орон нутагт ачиж, буулгах технологид нийцээгүй бол улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Буруу хогийн сав тавьснаас тухайн хүн өвчилдөг. Түүнээс болоод үр хүүхэд нь өвчилсөн бол гомдол гаргаж болно. Бид бүх зүйлийг эх, хүүхэд, гэр бүл, хүний эрхэд ээлтэй байлгах чиглэлээр энэ хуулиудад уялдуулж хийсэн байгаа. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар эхэлсэн миний хууль тогтоох ажил Хог хаягдлын тухай хуулиар дөрвөн жил маань өндөрлөж байна. Энэ хооронд хүний эрхийг хамгаалах, гэрч хохирогчийг хамгаалах, Тахарын албыг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллалаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн ажлын хэсгийг ахалж, хууль батлуулахад нэлээд нягт, нямбай ажиллаж оролцсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийг баталж байх үед гишүүний төсвөөс ивээн тэтгээд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлагын орчуулгыг хийлгэж, хэвлэлтийг ивээн тэтгэсэн. Энэ номыг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй хүргэх зорилгоор хэвлүүлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан