Өндөр тэнгэрээс гуйгаад чиг чи минийх болохгүй...


Өвлийн хүйтэн шөнөөр сэтгэл хүртэл жиндүүхэн
Өрөөлөөс нууж явсан хайр минь хүртэл гундуухан
Өврөөс минь хулжин одсон тэр минь хүртэл хүнийрхүү
Өнгө өнгийн дурлалдаа толгой минь эргээд хэцүүхэн
Өнөө маргаашаа бодоогүй амьдрал гэдэг хатуухан
Өсгий даран мөшгисөн үйлийн үр нь ч дэндүүхэн
Өөдөөс ширтсэн харц нь цаанаа л нэг хүйтэндүү
Өнгөрсөн одоо ирээдүй минь яагаад ч юм бүүдгэрхэн
Өөрөө өөрийгөө таниагүй өр зүрх минь уйтайхан
Өчигдөрт минь үлдэж хоцорсон тэр минь хүртэл гунигтай
Өөр хүнийх болсон чи минь хүртэл хөндийдүү
Өр өвтгөсөн дурлалдаа бие сэтгэл минь шаналгаатай
Өөлөхийн хэрэггүй ээ, бидний дурлал ийм л түүхтэй
Өвөр мялаасан үр минь биднийг холбосон тавилантай
Өрх гэрийн минь хоймор үргэлж чамаар дутаастай
Өрөөл бусдын өмнө бүтэн амьдрал минь нуугдаастай
Өөрчилж болохгүй тавиландаа бидэн хоёр хүлэгдээстэй
Өмөлж, эмтэрсэн зүрхэнд минь гомдол гоморхол хураастай
Өчнөөн хайртай явснаа эргэж нэг дурсаастай
Өдөр хоногуудыг туучиж бодлын харгуйдаа алхаастай
Өөр зам хайгаад чамаасаа урваж хөрвөөгүй ч
Өөчилж гоочилж хэллээ гээд бидэн хоёр нийлэхгүй
Өндөр тэнгэрээс гуйгаад чиг чи минь минийх болохгүй
Өглөөн нартай хорвоогийн жам ёсыг зөрчихгүй ээ...

УБ хот. 2005 он. М.Эрдэнэчимэг

  • Шинэ
  • Их уншсан