Б.Болорцэрэн: Амьдралыг би...


Амьдралыг би
Амаржих газрын босгыг элээсэн
Аавуудын жагсаалаар төсөөлөх дуртай
Өлгий цэцэг тэвэрсэн ханьдаа
Үрийг нь одон шиг гардуулах
Ээжүүдээр дүрслэх дуртай
Амьдралыг би
Хуримын ордонд хөлөртөл дугаарлах
Хосуудын хөлөөр даруулах дуртай
Хүүхдийн цэцэрлэгт хөглөртөл мөлхөх
Хөөр баяраар бялхуулах дуртай
Амьдралыг би
Өрөөлийн төлөө мөрөөдөл тээсэн
Ирээдүйн сайхнаар харах дуртай
Өглөгч нэгний өөртөө үлдээсэн
Өрөөсөн оймс шиг хайрлах дуртай
Амьдралыг би
Хөршөөн ч таньдаггүй хотыхныг холбосон
Халаалттай нь хамт угтах дуртай
Хүмүүс нь бухимдуу ч олонтой нь өнжөөсөн
Замын түгжрэлтэй нь саатуулах дуртай
Амьдрал өөрөө
Хүлээлгийн өрөө мэт харцанд ассан
Ээжийгээ харуулдсан гэрэл болохоор
Хүсэлтийн хариу мэт зүүдэндээ захиалсан
Үүрийн гэнэн үнэмшил болохоор
Амьдралыг би
Өглөө бүхэн эцгээр минь өргүүлсэн
Цайны дээжээр угтах дуртай
Өөдөө одсон ээжийг минь сурагласан
Холын гийчинээр тосох дуртай
Амьдрал өөрөө
Нулимстай хацарт инээд хайсан
Охины минь нандин сэтгэл болохоор
Нуурлаад туниахад итгэл дэлгэсэн
Олны минь нинжин тус болохоор
Амьдралыг би
Амьд явах замын тасалбар
Алтан нартай нь үзэх дуртай
Асуулгүй зурсан хувь заяаны
Алдаатай нь хамт залруулах дуртай
Амьдрал өөрөө
Амаржих газрын орон дээр тэмцсэн
Алдхад хайран эхийн амь болохоор
Асрах төвийн цонхон дээр эмтэрсэн
Хугасалхад эртдэх нялхсын элэг болохоор
Амьдралыг би
Өлгий цэцэг тэвэрсэн аавуудын
Халуун гараар зуруулах дуртай
Үлгэр чихэр нэхсэн үрсийн
Өнгийн харандаагаар будуулах дуртай
Амьдралыг би

Б.БОЛОРЦЭРЭН

  • Шинэ
  • Их уншсан