А.Мөнхбат нэр дэвшээгүй хүнийг “Хар жагсаалт”-даа оруулсандаа уучлал гуйв


Монголын залуучуудын холбоо /МЗХ-ноос улс төрд оруулж болохгүй “Хар жагсаалт”-ыг гээчийг зарласа. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын хулгайчидтай тэмцэнэ хэмээх сүржин уриатай “Хар жагсаалт”-даа орсон хүнийг сонгохгүй байхыг уриалж байгаа билээ. “Хар жагсаалт”-ын талаар А.Мөнхбат “Бүх намын төлөөлөл бий. Биднийг АН-ынхан эсвэл залуучуудын байгууллагыг удирдаж байсан хүмүүсийг оруулахгүй гэх маш их хардлага байсан. Хар жагсаалтыг гаргах ажиллагаа эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл үнэний төлөө явсан. Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа” хэмээн тодотгоод авсан.
Гэсэн хэдий ч А.Мөнхбатын “Хар жагсаалт” гарсан даруйдаа л шүүмжлэл дагуулсан юм. Учир нь өмнө улс төртэй хамааралгүй байгаад энэ жил л нэр дэвшиж байгаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дуучин Г.Эрдэнэтунгалаг нар “Хар жагсаалт”-д багтсанаар энэ жагсаалт юунд үндэслэж гарав гэх тайлбар шаардсан. А.Мөнхбат үүнд тайлбар хийгээгүй ч тус холбооны мэргэжилтэн “Хулгайчдын намд элссэн” гэх тайлбарыг цахим хуудсаар өгснийг бид хүргэсэн билээ.
Тэгвэл А.Мөнхбатын жагсаалт мөн л асуудал дагуулж, эрхэм ерөнхийлөгч өөрөө уучлал гуйсан тохиолдол ч гарчээ. Тодруулбал, МУБИС-аас “Монголын залуучуудын холбооноос гаргасан “Хар жагсаалт-сонгууль 2016”-д МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалыг оруулж,  илт ташаа, ор үндэслэлгүй нэр дэвшигч мэтээр зарлан ташаа мэдээлж нэр төрд халджээ. Энэ талаар холбогдох байгууллагад хүргүүлсэн  шаардлагын  дагуу МЗХ-ноос залруулга ирүүлж, уучлалт хүссэн” хэмээн мэдээллээ.
Тодруулбал, МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатад хандаж, “Танай байгууллагаас гаргасан “Хар жагсаалт-сонгууль 2016”-д МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал миний нэр зурагтай, илт ташаа ор үндэслэлгүй мэдээлэл оруулж нэр төрд халдсан байна. Миний бие ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа явуулдаггүй, сургууль боловсролын байгууллагад ажилладаг. Тиймээс энэхүү үндэслэлгүй мэдээлэлдээ албан ёсны залруулга гарган даруй уучлал гуйхыг шаардаж байна. Хэрэв миний ажил хэргийн нэр хүндэд халдан гутаасан энэ үйлдэлдээ залруулга гаргахгүй бол шүүхэд хандан шийдвэрлүүлэх болно” гэжээ.
  Тэгвэл А.Мөнхбат нь МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалаас албан ёсоор уучлал хүсч, “Манай байгууллага олон нийтийн санал асуулгад үндэслэн нэр цэвэр, цагаан хүмүүсийг дэмжих нь зүйн хэрэг хэмээн үзэж, нэр дэвшүүлж болохгүй этгээдийн хар жагсаалт, дэвшиж болох этгээдийн цагаан жагсаалт гаргасан билээ. Нэр дэвшээгүй таныг жагсаалтад оруулсан нь манай байгууллагын хариуцлагагүй үйлдэл тул танаас уучлал хүсье” гэсэн байна. Ийнхүү А.Мөнхбат хаа хамаагүй хүн жагсаалтдаа оруулсан болж таарч байна.
П.ЭНХ







  • Шинэ
  • Их уншсан