Улсын мэргэн Ш.Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээн зохион байгуулна


Наадам дөхсөн эдгээр өдрүүдэд сурын харваачдын бэлтгэл сурын талбайд эхлээд байна. Тэгвэл өнөөдөр, маргааш сурын талбайд Үндэсний ууган мастер, Монгол Улсын мэргэн Ш.Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах юм. Наадмын нэг сорил болсон энэхүү тэмцээнд нийт 270 харваач оролцохоор бүртгүүлсэн байна. Тэдний дунд улсын даяар дуурсах мэргэн Б.Баатар, гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Х.Оюунчимэг, хошой мэргэн Ц.Баасанхүү нарын зэрэг шилдэг харваачид бүртгүүлжээ. Мөн энэхүү тэмцээн залуу харваачдын дунд наадмын харваанд оролцох эрхийг авах нэгэн сорил болж байгаа юм.
Баяр наадмын сурын салбар хорооны нарийн бичгийн дарга, Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн А.Болдмаа энэ талаар “Манай сурынхны хувьд хэдийнэ тохижилтын ажил, бэлтгэл сургуулилт гээд явна. Багийн улсын аваргын тэмцээнийг зохион байгуулсан бол одоо Ш.Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээнийг сурчдынхаа дунд хийх гэж байна. Ирэх долоо хоногт хувийн цуваа харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнтэй. Харваачдын бэлтгэл тэмцээнээс тэмцээнд сайн байгаа байх гэж бодож байна” хэмээн ярьсан байна.
Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан