“Шилмэл загвар”-ынхан Олимпод оролцох тамирчдын хувцсыг урлаж байна


“Рио 2016” Олимпод оролцох Монголын баг тамирчдын хувцсыг “Шилмэл загвар” компани урлаж байгаа аж. Тамирчдын хувьд хоёр янзын хувцас өмсдөг бөгөөд нэг нь ёслолын нөгөөх нь бэлтгэлийнх байдаг. Ёслолын хувцасны хувьд “Шилмэл загвар” компани шалгараад ажлаа эхэлсэн байна. Энэ талаар ЭМС-ын сайд С.Ламбаа “Бэлгэдлээ бодоод хувцасных нь өнгийг шараар сонгосон. Өмнөх хоёр Олимпод оролцоод медаль хүртсэн ерөөл, бэлгэдлээ бодсон л доо. Гэхдээ мэдээж дизайн нь өөрчлөгдсөн. Бэлтгэлийн хувцсыг нь гаднаас авъя гэж үзсэн. Дотоодын компаниудын дунд уг нь сонгон шалгаруулалт зарласан ч ганцхан компани материал ирүүлсэн. Тэр нь шаардлага хангаагүй. Тийм болохоор олон улсын брэнд хувцас өмсөх нь зохистой юм байна гэж үзсэн. Гэхдээ манай дотоодын тэр компани маань эрэгтэй, эмэгтэй бэлтгэлийн хувцсыг бүрэн хийж ирүүлсэн шүү. Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй тул олон улсын тэмцээнүүдэд явах тамирчдадаа тэр хувцсыг нь хийлгэж өмсүүлье. Компани нь хүч гаргаж хийсэн учир шууд хаячихаж болохгүй гэсэн” хэмээн ярьжээ.

Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан