Ц.Цолмон сайд аа, гадаадад сурч байгаа офицеруудын цалинг яагаад олгохгүй байгаа юм бэ


Гадаадад суралцаж байгаа офицеруудын цалинг олгохгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, Delgerbat Gereltsetseg гэх “Фэйсбүүк” хаягтай хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон танаа. Миний ах гурван хүүхэдтэй, Монгол Улсын зэвсэгт хүчний офицер хүн. Одоогоос жилийн өмнө цэргийнхээ мэрэгжил дээшлүүлэхээр эх орныхоо тушаалаар ажил эрхэлдэггүй эхнэр, гурван хүүхэд банкны цалингийн зээлтэй үлдээгээд мордсон. Гэтэл Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас нэг жилийн хугацаанд цалин өгсөнгүй. Холбогдох албан тушаалтангуудаас асуухаар санхүү байхгүй гэдэг үгтэй. Гадаадад сурч байгаа 300 гаруй офицер, тэдний ар гэр болсон 1500 гаруй хүүхэд эмэгтэйчүүд яг ийм адил зовлонтой байна. Банкны зээл өдөр бүр нэхэгдэж, хүүхдүүд нь хоол муутай ийм л байдалтай олон. Эхнэрүүд, ээжүүд маш хэцүү ийм л байна. Нэг сар цалин авахгүй байхад бидний амьдрал ямар байдаг билээ. Гэтэл нэг жил болоход ямар байх вэ? Уг нь цэргийн алба хаагчийг сурах хугацаанд нь ажилласнаар тооцон цалинг нь бүрэн олгоно гэсэн хуультай. Гадаадад сурч байсан офицеруудын цалинг яагаад өгөхгүй байгаа юм бэ гэж асуухаар “Хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариултыг БХЯ-наас өгч байгаа. Тэгвэл өмнө нь гадаадад сурангаа цалингаа зүгээр авч байсан офицеруудад хууль бусаар цалинг нь өгч байсан болж байна уу? Офицер хүн бол хуулийн дагуу тангараг өргөсөн Монгол Улсын төрийн тусгай алба хаагч юм. Төрийн тусгай алба хаагч хүн хаана ч, ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, сурч байсан төр цалинг нь цаг хугацаанд нь өгч байх ёстой гэж боддог. Сурахаар явахад  цалин орно гэсэн гэрээ хийдэг. Гэтэл одоог хүртэл өгөлгүй бүтэн жил болж байна. Урьд нь гадаадад сурдаг офицеруудын цалинг ямар нэг асуудалгүй өгч байсан. Одоо энэ сайдын үед өгөхөө болилоо! Мөнгө нь МАХН-ын сурталчилгаа, санхүүжилтэд явчихаагүй бол цалинг нь цаг тухайд нь олгооч ээ! Сайн санаат ах, эгч, найзууд та бүхэн share хийж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд хүргэж өгөөхийг энэ фэйсбүүкт байгаа найзуудаасаа хүсч байна” гэжээ.
Тэгвэл энэ захидлын доорх сэтгэгдлүүдээс харахад гадаадад сурч байгаа цалингаа авч чадаагүй офицерууд ганц хоёроор тогтохгүй байгаа аж. Иймээс Ц.Цолмон сайд энэ асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлэх нь зүйтэй биз ээ.
Г.БАЯР











  • Шинэ
  • Их уншсан