П.Одгэрэл: Захиргааны байгууллагын албан тушаалтнуудын иргэдтэй харилцах харилцаа маш тодорхой болно


Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгч” сэтгүүлийн Ярилцлага булангийн ээлжит зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн доктор, дэд профессор П.Одгэрэлийг урьж, Захиргааны ерөнхий хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцсан ярилцлагыг эрхэм уншигч та бүхэнд хүргэж байна.

-    Захиргааны ерөнхий хууль гарах болсон нийгэм эрх зүйн үндэслэл юу байв?

-    Захиргааны ерөнхий хууль бол өөрөө агуулгын хувьд төр ба иргэн хоорондын харилцааг зохицуулсан хууль юм. Энэ хуулиар захиргааны акт, захиргааны гэрээ, хэм хэмжээний акт, төлөвлөлт гэсэн захиргааны байгууллагаас иргэдтэй харилцахдаа хэрэглэдэг гол эрх зүйн хэлбэрүүдийг хуульчилж өгсөн. Эдгээр нь ерөнхий зохицуулалт учраас захиргаа аль ч салбарт үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэнэ. Манай салбарын хуулиудад ихэнхдээ УИХ-аас авахуулаад багийн засаг дарга хүртэл чиг үүрэг, эрх мэдлийг хуваарилчихсан байдаг хэрнээ яаж энэ эрх мэдлийг хэрэглэх талаар тодруулбал, шийдвэр гаргах ажиллагааг нь зохицуулаагүй орхигдуулсан байдаг. Энэ том хоосон орон зайг нөхөж байгаа юм. Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар Монголд захиргааны эрх зүйн онолын асуудлууд хуульчлагдаж, орчин үеийн хуулийн тогтолцооны суурь орчин бүрдэж байгаа юм. Өнөөдөр ялангуяа татвар концесс нийгмийн халамжийн орчин үеийн хуулийн тогтолцоо бүрдээгүйгээс монголын эдийн засаг хөгжих бололцоо үнэндээ байхгүй байна. Эдийн засгаа хөгжүүлье гэж бодвол орчин үеийн татварын эрх зүйтэй, орчин үеийн төр ба хувийн хэвшлийн хоорондын харилцааг зохицуулсан хуультай, нийгмийн халамжийн цогц хуулийн системтэй болох ёстой. Тэгж байж нийгэм хөгжих бололцоо нээгдэнэ.

-    Захиргааны ерөнхий хууль гарснаар захиргааны байгууллагын албан тушаалтнуудад ямар нөлөөлөлтэй вэ?
-    Захиргааны ерөнхий хууль гарснаар захиргааны байгууллагын албан тушаалтнуудын иргэдтэй харилцах харилцаа маш тодорхой болно. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд иргэдтэй харилцахдаа өөрийн үзэмжээр биш хуулийн дагуу шийдвэр гаргадаг болно. Захиргааны ерөнхий хуулийн суурь дээрээ тулгуурлаад салбарын хуулиудаа цаашид боловсронгуй болгочих юм бол тухайн салбарт хамаарах 300 гаруй хууль, 800 гаруй дүрэм журам нэгдсэн системтэй зохицуулалттай болж, хоорондын зөрчил арилж, харилцан уялдаа бүхий болсноор захиргааны байгууллагын үйл ажиллагаа саатах нь багасаж хөнгөн шуурхай болно. Албан тушаалтнуудын хувьд үзэмжээрээ шийддэг асуудал багасахын зэрэгцээ захиргааны гэрээ, төлөвлөлт зэрэг шинэ хуулийн зохицуулалт орж ирсэн тул иргэд хуулийн этгээдтэй харилцан ажиллах боломж болон ажлын бүтээмж нэмэгдэж авилгалд сэрдэгдэх нь багасна.

-    Захиргааны ерөнхий хууль гарснаар төрийн захиргааны байгууллагуудын гаргах шийдвэрт яаж нөлөөлөх ач холбогдолтой вэ?
-    Юуны өмнө хэлэхэд энэ хуульд сонсох зарчим гээд цоо шинэ зүйл хуульчлагдаж байгаа. Энэ нь албан тушаалтан иргэд, хуулийн этгээдтэй холбоотой сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахын өмнө иргэдийг заавал тайлбар хийх боломжоор хангах үүрэгтэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтныг ажлаас халъя гэж байгаа бол халах шийдвэр гаргахын өмнө заавал мэдэгдэх ёстой. Энэ бол төр иргэдийн эрхийг хүндэтгэсэн маш чухал зарчим. Одоо бол мэдээгүй байхад ажлаас халчихсан эсвэл газар эзэмших эрхийг нь хүчингүй болгочихсон шийдвэрийг л танилцуулдаг. Энэ хуульд захиргааны гэрээний институт шинээр орж ирж байгаа. Төрийн албан тушаалтан иргэдтэй, хувийн хэвшилтэй хамтарч ажиллахдаа ямар хуулийн шаардлагыг хангах вэ гэдгийг энэ хуулиар тогтоогоод өгчихсөн гэсэн үг. Одоо бол ийм зохицуулалт байхгүй. Хэрвээ албан тушаалтан хамаагүй гэрээ байгуулах юм бол авилга авсан хэрэгт орно, шоронд орно. Мөн орчин үед нийтийг хамарсан төлөвлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг талаар төлөвлөлт гээд бүлэг энэ хуульд шинээр орсон. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөө гэдэг бол хоосон уриа лоозон биш. Хот дахин төлөвлөлт  гэж хийгдэж байна. Түүн дээр барилгын компани, захиргааны байгууллагууд, оршин суугчид болох иргэд гэсэн субъектүүд хоорондоо хэрхэн хамтран ажиллах вэ, эдгээр нь төлөвлөлтөд ямар эрхтэй, ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг үүрэгжүүлж, эрхжүүлж, эрх зүйн нэгдсэн баримт бичиг бий болгоход хуулийн энэ бүлэг зориулагдаж байгаа юм. Ингэснээр төлөвлөлт хийсэн этгээд дураараа хэн нэгэнд шилжүүлэхгүй, хаячихаад явчихгүй бүгд л  хуулийн хариуцлага хүлээдэг болно. Төлөвлөгөө гэдэг бол эрх ба үүргийн нэгдэл, эрх зүйн баримт бичиг гэдгийг албан ёсоор баталгаажуулж өгч байгаа юм. Хот дахин төлөвлөлт бол маш чухал ажил гэхдээ маш хүндрэлтэй олон асуудал үүсгэсэн байдлаар явж байх шиг байна. Энэ нь тохирсон хуулийн зохицуулалт байхгүйгээс л болж байгаа юм. Энэ мэтчилэн захиргааны байгууллагуудад ийм шинэ үйл ажиллагааны хэлбэрүүдийг хуульчлаад ажиллах боломжийг нь илүүтэйгээр нээж өгсөн гэж хэлж болно.

-    Тодорхой албан тушаалтан хууль зөрчсөн шийдвэр гаргасныхаа төлөө ямар хариуцлага ногдох боломжтой вэ?
-    Захиргааны ерөнхий хууль гарснаар захиргааны албан тушаалтнуудаас иргэд хуулийн этгээдэд хандан гаргасан бүхий л шийдвэрүүд захиргааны акт, захиргааны гэрээ, хэм хэмжээний акт, төлөвлөгөө гээд захиргааны хэргийн шүүхээр хянагдах боломжтой болж байна. Одоо бол шүүхээр зөвхөн захиргааны акт л хянагдаж байгаа бусад нь хуулийн хяналтын гадуур байгаа тул иргэд хохироод л явж байгаа. Захиргааны байгууллага санаатай, санамсаргүй аль ч байдлаар хууль зөрчиж алдаа гаргасан  бол түүнийг нь олоод хүчингүй болгодог шүүхийн ажиллах орчин болох захиргааны хуулийн тогтолцоо бол эрх зүйт төрийн амин сүнс нь юм. Захиргааны хэргийн шүүх шийдвэрийг нь хүчингүй болгоход уг захиргааны байгууллага алдаагаа засаад дахиад шийдвэрээ гаргаад явах тасралтгүй ажилладаг төрийн механизм шаардлагатай. Хэрвээ тухайн албан тушаалтан дахин дахин хууль зөрчсөн шийдвэр гаргаад байвал хариуцлагыг тооцох зохицуулалтыг нэг бүлэг болгож хуульд оруулж ирсэн. Шинэлэг зүйл нь дээд шатны байгууллага нь тухайн албан тушаалтанд хариуцлага тооцохгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандаад хариуцлага тооцуулж болохоор болсон.

-    Иргэдийн төрийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл гомдлыг шийдэхгүй удаашруулах, чирэгдүүлэх тохиолдол байдаг. Үүнд ямар эрх зүйн өөрчлөлт орсон бэ?
-    Захиргааны ерөнхий хуулиар иргэд, хуулийн этгээдээс өөрт нь хамааралтай захиргааны байгууллагын шийдвэрт гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулдаг. Энэ хуулиар бичгээр гаргаж байгаа захиргааны актад түүнийг зөвшөөрөхгүй бол хэн хандаж, хэдий хугацаанд гомдол гаргахыг заавал тусгаж байхаар хуульчилж өгсөн. Иргэд хэнд, хэзээ гомдол гаргахаа мэдэхгүй тохиолдол их байдаг учир энэ заалт орсон. Иргэдээс захиргааны байгууллагад өргөдөл гомдол гаргаад түүнийг шийдвэрлэхээр хуульд заасан хугацаа /ихэнхдээ 30 хоног/ өнгөрөх юм бол эс үйлдэхүй гэж үзээд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор хуульчилсан. Миний гомдолд хариу өгөхгүй байна гээд жил сараар хүлээх шаардлага байхгүй болсон гэсэн үг.

-    Төрийн захиргааны байгууллагаас хууль зөрчиж гаргасан шийдвэрийн гэм хор буюу хохирлыг нөхөн төлүүлэх зохицуулалт байгаа юу?
-    Захиргааны байгууллагын албан тушаалтан хууль зөрчсөн акт гаргаад иргэн хохирч байгаа тохиолдолд хохирлыг нөхөн барагдуулах талаар зохицуулалт энэ хуульд нэг бүлэг болж орсон байгаа. Жишээлбэл, төрийн албан тушаалтныг ажлаас халлаа. Нөгөө албан тушаалтан нь жил гаруй шүүхээр яваад буруу халсан байна гээд буцаад ажилдаа тогтоогддог. Энэ тохиолдолд захиргааны байгууллага хохирлыг нь барагдуулаад дараа нь тухайн байгууллага буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаасаа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад төсвийг хохиролгүй болгох хуулийн зохицуулалттай байдаг. Захиргааны ерөнхий хуулиар энд ямар зүйлийг нэмж оруулсан бэ гэхээр өнөөдөр байгууллагын дарга нь шийдвэр гаргадаг. Дараа нь байгууллагаасаа иргэний хохирлыг барагдуулчихаад өөрөө өөрөөсөө мөнгө нэхэмжлэх болчихдог. Тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй төсөв хохироод өнгөрдөг байсныг залруулж, Захиргааны хэргийн шүүхээс иргэдийн хохирлыг барагдуулсан шийдвэр гаргаж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийнхээ нэг хувийг Аудитын газар руу явуулахаар болсон байгаа. Өөрөөр хэлбэл, Аудитын газар тухайн албан тушаалтнаас уг мөнгийг нэхэмжлэн гаргуулаад төсвийн хохирлыг барагдуулж байхаар зохицуулалт орсон.

-    Төрийн захиргааны албан тушаалтнуудад төрийн захиргааны байгууллагад орж ажиллах төрөл бүрийн шалгуур үзүүлэлтүүд байгаа юу?
-    Захиргааны ерөнхий хуулиар зөвхөн төр иргэн хоёрын хоорондын шийдвэр гаргах ажиллагааны талаар зохицуулдаг. Төрийн байгууллагын дотоод харилцааг Захиргааны ерөнхий хууль зохицуулахгүй. Ялангуяа төрийн байгууллагын, төрийн албан хаагч дарга цэргийн хоорондын харилцаа, төрийн байгууллагын бүтэц, менежментийн харилцаанд энэ хууль үйлчилдэггүй. Тийм учраас Захиргааны хэргийн шүүх төрийн байгууллагын дотоод харилцаанд хяналт тавихгүй.Төрийн албанд орж ажиллах харилцаа бол төрийн албаны хуулиараа зохицуулагдана.

-    Төрийн захиргааны албан тушаалтнаас гаргаж буй шийдвэрүүдийг ангилж үзэж болох уу? Хэдэн төрлийн шийдвэр гаргахаар хуульд тусгагдсан бэ?
-    Захиргааны байгууллагаас тушаал, захирамж, тогтоол, зарлиг гээд янз бүрийн нэртэй шийдвэрүүд гардаг. Эдгээр бол зөвхөн шийдвэрийн нэр. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын шийдвэрийг эрх зүйн хэлбэрийн хувьд үндсэндээ 3 ангилдаг. Тодорхой этгээдэд хандан захиран тушаасан бүх шийдвэр захиргааны актад хамаарна. Хамтарч ажиллаж байгаа бол захиргааны гэрээ, нийтэд хандсан шийдвэр гарч байгаа бол хэм хэмжээний акт гэсэн энэ 3 үндсэн хэлбэрт ангилж хуульчилсан. Төлөвлөгөө бол энэ 3 хэлбэрийн алинаар ч гарч болно.

-    Энэхүү хууль гарснаар захиргааны байгууллагуудад иргэдээс итгэх итгэл төрүүлэх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж болох уу?
-    Энэ хууль бол үндсэндээ иргэдийн төртэй харьцахдаа өөртөө итгэл үнэмшилтэй байх, өөрөөр хэлбэл иргэдэд өөрийнхөө эрх зүйн байдлыг мэдэх тийм эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа юм. Учир нь захиргааны байгууллага, иргэн надтай захиргааны акт гаргаж харьцахад, гэрээ байгуулж харьцахад, мөн дүрэм журмыг яаж гаргах вэ, хэрвээ хууль зөрчиж намайг хохироосон бол яаж хүчингүй болгохыг энэ хуулиар тогтоож өгсөн. Ийм хуулийн зохицуулалт байхгүй бол албан тушаалтан дураараа авирлаж, өөрийнхөө үзэмжээр харьцах гээд байдаг тул иргэд айдастай байдаг. Энэ яаж харьцах вэ гэдэг стандартыг нь тогтоогоод өгчихөөр өөртөө итгэлтэй иргэн төрж байгаа юм. Төр хүчтэй байя гэвэл өөртөө итгэлтэй хүчтэй иргэнтэй байх ёстой. Тийм учраас энэ хууль бол иргэдийнхээ хууль, эрх зүйн байдлыг баталгаажуулж өгсөн хууль юм.

-    Энэхүү Захиргааны ерөнхий хууль гарсантай холбогдуулаад  хуульчдын хувьд юуг анхаарах вэ?
-    Захиргааны ерөнхий хууль гарснаар бид  орчин үеийн захиргааны эрх зүй рүү шилжих маш том алхмыг хийсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “захиргааны акт” гэсэн  механизмыг 10 гаруй зүйл заалтаар хуульчилсан бөгөөд Захиргааны хэргийн шүүх 2004 оноос түүнийг хэрэглэж хэрэг маргааныг шийдэж ирлээ. Одоо Захиргааны ерөнхий хуулиар ерөнхий ангийн асуудлуудыг 110 гаруй зүйл, заалтаар зохицуулж өргөжүүлсэн байна. Олон шинэ зохицуулалтууд орсон. Тухайлбал: захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны гэрээ, хэм хэмжээний акт, төлөвлөлт, шийдвэр гүйцэтгэл гэх мэт. Иймд тодорхой хэмжээний давтан сургалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ орчин үеийн захиргааны эрх зүйн гол цөм нь захиргааны акт юм. Энэ бол манайд 10 гаруй жил хэрэглэгдээд Монголын хөрсөнд суучихсан. Тийм учраас бид хамгийн хүнд хэсгээ суулгачихсан учраас нэг их хүндрэлтэй асуудал байхгүй болов уу. Миний бодлоор Улаанбаатар хот болон аймаг сумдад хүн амын тоо, нутаг дэвсгэрийн алслагдсан, хол тархан суурьшсан байдал зэргээс хамаараад зарим шийдвэр гаргах ажиллагааны үе шат багасаж, нэмэгдэх, зарим хугацаа нь уртсаж, богиносох зэрэг байдлаар нөхцөл байдалтай зохицож цаашид бага багаар хуульд өөрчлөлт орох байх.

-    Захиргааны ерөнхий хууль гарсны ач холбогдол нь юу вэ?
-    Захиргааны ерөнхий хууль гарснаар салбарын хуулиуд орчин үеийн түвшинд очих бололцоо гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуульд байгаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаа, захиргааны акт, захиргааны гэрээ гэсэн суурь ойлголтууд татварын ерөнхий хуульд буух ёстой. Татварын эрх зүй дэх захиргааны акт, шийдвэр гаргах ажиллагаа гэсэн ойлголтууд нийгмийн халамжийн эрх зүй дэх захиргааны акт, шийдвэр гаргах ажиллагаанаас өөр байдаг. Татварын эрх зүйд мөнгө хурааж авдаг захиргааны акт гардаг байхад,  нийгмийн халамжийн эрх зүйд гарч байгаа захиргааны акт бол мөнгийг тарааж өгдөг. Энэ хоёрт өөр өөр хуулийн шаардлага тавигдах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ерөнхий хуулийн суурь ойлголтууд салбарын хуулиудын онцлогийг агуулж улам боловсронгуй болох ёстой. Салбарынхаа онцлогийг агуулсан хуулийн зохицуулалт хийснээр хуулийн зохицуулах чадавх илүүтэй нэмэгдэнэ гэсэн үг. Тэгж байж орчин үеийн эрх зүйн тогтолцоо бий болно. Энэ бол маш чухал. Монгол улсад байгаа 500 гаруй хуулийн ихэнх нь Захиргааны эрх зүйд хамаарч байна. Мөн 800 гаруй хэм хэмжээний акт бүртгэлтэй байна. Ийм олон хууль, хэм хэмжээний актын хоорондын зөрчилгүй нэгдсэн систем тогтолцоог бүрдүүлэх боломж бий болж байгаа юм.

-    Захиргааны ерөнхий хууль гарсантай холбогдуулаад сурталчлах, таниулах, судлах ажиллагааг ямар хүрээнд явуулах вэ?
-    Мэдээж Захиргааны ерөнхий хууль гарсантай холбоотойгоор сургалт сурталчилгаа хийх ёстой. Иргэд, төрийн албан тушаалтан, хуульчид гээд бүгд хамрагдах хэрэгтэй. Захиргааны хэм хэмжээний акт, захиргааны гэрээ, төлөвлөлт гээд механизмууд ороод ирлээ. Энэ бол арга хэрэгсэл, зүйрлэвэл машин гэсэн үг. Үүнийг төрийн албан хаагчид хэрэглэж иргэддээ үйлчилнэ. Төрийн албан хаагч жолооч болох нь байна. Харин иргэд бол зорчигч болно. Энэ машинд эвдрэл саатал гарвал засах инженер хэрэгтэй. Тэр нь хуульчид юм гэх юмуу даа. Түвшин түвшинд нь хялбарчилсан, маш энгийн байдлаар сургалтыг явуулах нь үр дүнтэй байх. Сургалт явуулах сургагч багш нарыг Хууль зүйн яам, Ханнс Зайделийн сангаас бэлтгээд улс орон даяар сургалтыг зохион байгуулж байгаа.

ӨМГӨӨЛӨГЧ СЭТГҮҮЛ
Сэтгүүлч М.Эрдэнэчимэг

  • Шинэ
  • Их уншсан