Ц.Цэцэгдэлгэрэх: Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд хөрөнгө, орлогоосоо гадна хувийн ашиг сонирхлоо мөн мэдүүлнэ



Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ 30 хоногийн дотор бүртгүүлэх ёстой талаар АТГ-аас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав.

-2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнгээр сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар мэдүүлгээ хаана, ямар хугацаанд бүртгүүлэх ёстой вэ?


-Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгуулагуудад гаргаж бүртгүүлнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй.

Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар нь тухайн шатны ИТХ-аар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн тогтоол, шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор мэдүүлгээ гаргаж тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд бүртгүүлэх ёстой.

-Сонгуулийн ерөнхий хорооноос олон нийтэд зарласан дүнгээр УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгогдсон 76 гишүүнээс анх удаа хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах хэдэн гишүүн байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр шинээр сонгогдсон 76 гишүүнээс дахин сонгогдсон 31, шинээр сонгогдсон 45 гишүүн байна. Шинээр сонгогдсон 45 гишүүнээс анх удаа Авлигын эсрэг хууль, сонирхлын зөрчлийн хуулийн үйлчлэлд хамрагдаж хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж байгаа 20 гаруй гишүүн байгаа бөгөөд эдгээр нь анх удаа https://meduuleg.iaac.mn цахим системд мэдүүлэг гарган бүртгүүлж байна.

Тэгэхээр анх удаа цахимаар мэдүүлгээ гаргаж байгаа гишүүн болон мэдүүлэг гаргагч нарт зориулж тус газраас зөвлөмж, чиглэл, заавар, зөвлөмж, арга зүйгээр ханган ажиллаж байна. Мөн мэдүүлэг гаргагч нарт зориулсын гарын авлагыг шинээр боловсруулан гаргаад байна.

-Эдгээр улс төрийн албан тушаалтнууд нь 2016 оны сонгуульд нэр дэвшихдээ Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан байгаа. Тэгэхээр дахиад мэдүүлэх юм уу?

-Авлигын эсрэг хууль болон Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд нэр дэвшигч нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ийн маягтын хүрээнд зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан байгаа.

Харин албан тушаалд сонгогдсон болон томилогдсон тохиолдолд мэдүүлэг гаргагч нь “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” гэсэн маягтын хүрээнд мэдүүлгээ шинэчлэн гаргах ёстой. Дээрхээс үзэхэд сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ зөвхөн хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан бол одоо УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах бөгөөд уг мэдүүлэгт өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг мэдүүлэхээс гадна өөрийн хамаарал бүхий этгээд, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа нэгдмэл сонирхолтой этгээд, гишүүнчлэл зэрэг хувийн сонирхлын байдлаа давхар мэдүүлэх үүрэгтэй юм.

-30 хоног гэдгийг хэрхэн тооцох вэ, ажлын хоног уу, эсвэл...?

-Энэ нь УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснийг тогтоосон тогтоол, шийдвэр гарсан өдрөөс эхлэн хуанлийн хоногоор тооцдог.

-УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ ямар хэлбэрээр гаргах вэ?

-2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ цахимаар болон цаасаар мэдүүлнэ. Ингэхдээ эхний ээлжинд мэдүүлгийг хүлээн авч, бүртгэх ажилтан уг УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн товч мэдээллийг https://meduuleg.iaac.mn цахим системд бүртгэсний дараа мэдээллээ оруулж хэвлэн, хуудас бүрт гарын үсгээ зурж, баталгаажуулан бүртгүүлдэг. “Товч мэдээлэл”-д тухайн мэдүүлэг гаргагчийн регистрийн дугаар, овог, нэр, сонгогдсон, томилогдсон огноо, албан тушаалын нэр, байнга ашигладаг цахим и-мэйл хаяг зэрэг нь хамаардаг тул мэдүүлгийг хүлээн авч, бүртгэх ажилтанд дээрх мэдээллүүдийг өгөх хэрэгтэй бөгөөд ингэснээр та мэдүүлгээ цахимаар мэдүүлэх боломж бий болно.

-Мэдүүлгээ хугацаа хожимдуулсан болон гаргаж өгөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?

-Мэдүүлгээ хожимдуулсан, гаргаж өгөхгүй байх ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тодруулна, шалтгаангүйгээр гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан тохиолдолд албан тушаалаас нь огцруулах, халах хүртэл хариуцлага тооцдог.

Мөн хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөөгүй тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь нарийвчлан хянан шалгах үндэслэл болдог бөгөөл шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд гаргасан зөрчлөөс нь хамаараад сануулах, цалин бууруулах, албан тушаалаас нь бууруулах, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулдаг.

-Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар 30 хоногийн дотор ХАСХОМ гаргаж өгөх үүрэгтэй юм байна. Харин удахгүй Засгийн газар шинээр байгуулагдаж яам, агентлагийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөнө. Энэ томилгоонд Авлигатай тэмцэх газар хяналт тавьж ажиллах уу?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу тус газар нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгадаг.

Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулан авч тус газарт ирүүлдэг бөгөөд манай газраас ажлын 10 хоногийн дотор хянан үзээд нэр дэвшигч нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаарх дүгнэлтийг гаргадаг. Мэдүүлгийг хянан үзэхдээ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд нь тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг хангасан эсэх, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад орсон эсэх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдож байгаа, тухайн салбар, байгууллага, нэгж, эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж буй хамаарал бүхий этгээдүүд, шууд болон шууд бусаар нөлөөлөх ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг зайлшгүй хянан үздэг.
 
Эх сурвалж: АТГ.МОН

  • Шинэ
  • Их уншсан