Умард Солонгосоос оргон зугтахыг Пак Гын Хэ уриалжээ


СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгост зугтаж очихыг умард солонгосчуудад хандан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уриалжээ.

Хатагтай Пак өнгөрсөн бямба гарагт Керён хотод цэргийн ёслолын нэгэн арга хэмжээд оролцох үеэрээ үг хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгосоос зугтан манай улсад ирсэн хүмүүсийн дунд өлсгөлөн, дарангуйллын улмаас зовж зүдэрсэн жирийн иргэд төдийгүй дээд зиндааныхан байгаа. Умард Солонгосын цэргүүд оргох явдал байнга гардаг” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Умард Солонгос дахь ийм хүмүүст итгэл найдвар, эрх чөлөөгөө олж авах замыг манай Засгийн газар нээлттэй хэвээр үлдээж байна” гэлээ.

Мөн Өмнөд Солонгосын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж Пхеньян мэдэгдсэнийг Ерөнхийлөгч Пак дурдаад “Умард Солонгос цөмийн туршилт хийж, пуужин харваж, өдөөн хатгахаа зогсоохгүй байна. Тийм учраас баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD системийг /Америкт үйлдвэрлэсэн/ Өмнөд Солонгост байрлуулах хэрэгтэй байгаа юм” гэж онцлон тэмдэглэжээ.

Г.Доржханд
МОНЦАМЭ АГЕНТЛАГ

  • Шинэ
  • Их уншсан