С.Эрдэнэ: МАН-ын гишүүд ах, дүү, хамаатан саднаа ичих ч үгүй даргын суудалд томилуулж байна


УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ цахим ертөнцөөр дамжуулан бухимдлаа илэрхийлжээ. Тэрбээр "Бид өнөөдөр нэг намын дарангуйлалд орох аюулд хэдийнэ оржээ. УИХ, НИТХ-д хэт олонхи болсон эрх баригчид дураараа авирлахын, дарангуйллын муу үлгэр жишээг үзүүлж байна.
Ахмад настнуудынхаа нийгмийн хамгааллыг дордуулж, Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгож, насаараа төрд зүтгээд авдаг 36 сарын тэтгэмжийг өм цөм бууруулж, "Сайн хашаа", "Сайн оюутан", "Сайн малчи" зэрэг иргэдийнхээ амь амьжиргаанд нэмэр болохуйц олон “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоож нэг үгээр хэлбэл иргэдийнхээ халаасыг шууд хоосолж байна.
Сайн засаг, сайн засаглал иргэдээ ажилтай орлоготой, сэтгэл хангалуун байлгадаг бол муу засаглал иргэдийнхээ халаасанд хуруу дүрж, хэтэвчийг нь нимгэлж, бухимдлыг нь төрүүлдэг болохыг бид хамтдаа харж байна.
Жишээлбэл, МАН Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгож 300 гаруй мянган ахмадуудынхаа голыг нь гонсойлгож, сэтгэлийг нь харлуулсан увайгүй үйлдлээ “Насны хишиг” гэх ахмадуудаа насаар нь ялгаварлан гадуурхсан өчүүхэн бодлогоор халхавчлахыг оролдлоо.
Монголын ахмадууд тэрбумтнуудаас хишиг горьдож суух алдар гавъяагүй хүмүүс биш ээ. Тэд өнөөдрийн Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн тусгаар Монгол Улсыг байгуулахад амь амьдралаа зориулсан хүмүүс. Гэтэл ядарсан ахмадуудынхаа тэтгэвэр рүү ичгүүргүйгээр хуруу дүрлээ. Сүүлдээ эцэг өвгөд, эмгэд хөгшдөөрөө доог тохуу хийж,
 Хамтын тэтгэвэр өгвөл “Хоёр хөгшин бие биенээ хараад муухай юм бодоод сууна” гэж жишим ч үгүй тайлбарлаж сууна.  Иргэдээ нас хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй гэсэн  Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчөөд  зогсохгүй  азай буурлуудаа арай л хэдэн төгрөгний төлөө  хоёр биенээ нухна гээд хэлчихсэнгүй. Цаад утгаараа бол тэгээд хэлчихсэн л дээ. Ингэж иргэдээ хуурч, доромжилж, хөгшин, залуу насаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй ээ. Тэр “Насны хишиг” гээд байгаа нь ч амьдралд биелэлээ олохгүй худал хуурмаг хөтөлбөр.
Жишээ нь, Баянгол дүүргийн МАН-аас гаргасан сонгуулийн сурталчилгааны сэтгүүлдээ Баянгол дүүргийн ахмадуудын дундаж наслалт эмэгтэй 63, эрэгтэй 69 гэжээ. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн ахмадууд “Насны хишиг”-ийг хүртэх болзол хангахгүй шүү, та нарт өгөх мөнгө бидэнд байхгүй шүү гэдгийг МАН-ынхан  үүгээрээ хэлчихлээ.  Үүний цаана өнгөн дээрээ өгнө гэж хуураад ар хударгаар нь бултуулж зувчуулдаг нөгөө л коммунистуудын башир арга барил нуугдаж байгааг харж болно.
Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй өгье гэж хэдхэн сарын өмнө бархиралдаж байсан хүмүүс өнөөдөр “Өгнө өгөхгүй, баян ядуугаар нь ялгаварлаж өгнө хэмээн эргэж буцсан шийдвэрүүд гаргасаар.
Үндсэндээ Засгийн газрын гаргаж байгаа шийдвэрүүд “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” шиг л харагдаж байна.
Ерөнхий сайд, Сангийн сайд нь “Бүх төрлийн татварыг нэмэхгүй бол улс орон сүйрэх нь ээ” гээд байсан. Төд удалгүй татвар нэмэх асуудлыг дахин судлаж үзэхээр боллоо гэв.
Орон нутгийн сонгууль дуустал судлаад сонгуулийн маргааш татвараа нэмж, ипотекийн зээлийг зогсоож, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нурааж, ахмадуудынхаа тэтгэврийг хасч тэндээс хэмнэсэн хэдэн тэрбум төгрөгөөрөө золбин нохдын сав боож, хэдэн зуун саяар хамтлаг дуучид авчруулж дуулуулж хуурдуулах бололтой.
Нөгөө эдийн засаг хүнд байна гээд байсан хүмүүс тэд мөн үү.
Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газрын үед одоогийн МАН-ын гишүүн Ч.Улаан, Ерөнхий сайд Ж.Эрдэнбат нар Сангийн сайдаар ажиллаж байсан. Эдийн засаг ямар байсныг ямар болгосноо мэдэхийн дээдээр мэдэх хүмүүс.
Тэдэнд үнэхээр төсөв хэмнэх хүсэл байна уу, эсвэл ард иргэдийнхээ нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлээд ард нь өөрсдөө тансаглах хүсэл байна уу.
Аман дээрээ Төрийн албан хаагчдыг цөөлж, төсвөө хэмнэе гэсэн. Гэтэл амьдрал дээр 16 дэд сайдыг шинээр оруулж ирээд сайдын дайтай ямба эдлүүлж байна.
Төрийн алба төрлийн алба боллоо гэж ярьж байсан. Өнөөдөр нээрээ л төрийн албыг төрлийн алба болголоо доо. Баянгол дүүргээс сонгогдсон МАН-ын гишүүд төрсөн дүүгээ, ах дүү хамаатан саднаа ичих ч үгүй даргын суудалд томилуулж байна. Бодвол сонгуулиар босгосон 60 тэрбум төгрөгийн төлөөс тэнд явж байх шиг байна.
Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, үргэлжлүүлэхгүй гэж баахан дөвчигнөсөн. Эцэстээ метр квадратыг нь 100 болгож өсгөлөө гэнэ. Ард түмэнд тэрбумтнуудын амьдардаг хэдэн зуун метр квадрат байраас илүү бага хүүтэй, 5 хувийн хүүтэй зээл л чухал байна. Гэтэл зээлийн хүүг бууруулсныг буцааж өсгөөд метр квадратыг нь томрууллаа гэж шоудаж байна. Хэнийг хуурч байна вэ. Биднийг үү, өөрсдийгөө юү.

Тэд ингэж л нэг нүүрээрээ хоосон амлаж, нөгөө нүүрээрээ амлалтаасаа буцдаг зальжин коммунистууд байсан. Өдгөө Монгол Улсад Ардчилсан хувьсгал ялаад 26 жил өнгөрөхөд ч тэд тэр л хэвээрээ байна" гэжээ.



  • Шинэ
  • Их уншсан