Энэтхэгт луйврын хэргээр 750 гаруй хүнийг баривчилжээ


ШИНЭ ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн баруун нутгийн Тхане хотод хуурамч дуудлагын төвөөс утсаар ярин АНУ-ын иргэдийг залилсан хэрэгт 750 гаруй хүнийг сэжиглэн баривчилжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, сэжигтнүүд нь татвараас зугтсан АНУ-ын иргэдийн жагсаалтыг олж аваад, үйлчлүүлдэг банкууд дахь тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авахын тулд тухайн иргэдийг сүрдүүлсэн байна.

Тэд өдөрт 150 мянга гаруй долларын луйвар хийдэг байжээ. Энэ нь Энэтхэгийн түүхэн дэх хамгийн том луйврын хэргүүдийн нэг аж.

Бид АНУ-ын Холбооны мөрдөх товчоотой холбогдож, тусламж хүссэн гэж Тхане хотын цагдаагийн газрын удирдлага мэдэгдсэн байна.

Сэжигтнүүдээс 70 орчим хүнийг хорьж, бусдыг нь түр суллаад байгаа аж. Ийм луйвар хийх санааг анх гаргасан гэх есөн хүнийг олж тогтоогоод байгаа гэнэ.

Г.Доржханд
МОНЦАМЭ

  • Шинэ
  • Их уншсан