Л.Оюун-Эрдэнэ: Манай улс хар дансанд орчихгүйн тулд ОУВС-гийн дэмжлэгийг авах хэрэгтэй


 УИХ-ын гишүүн Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа

-Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд болж байна. Хувь гишүүнийхээ зүгээс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Надад бол хоёр бодол төрөөд байгаа юм. Тухайлбал, 16 жилийн дараа буюу 2000-аад оны эхэн үетэй ижил нөхцөл байдал давтагдаж байна. Энэ удаагийнхыг өмнөх Засгийн газруудтай харьцуулбал хүнд нөхцөлд байгаа нь үнэн. Та бүхэн санаж байгаа бол тэр үед “Алт диллер”, “Ардын банк” гээд маш том хэрэг мандаж байсан. Цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй буюу үндсэндээ төсөвгүй болчихсон Засгийн газрыг Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс хүлээж авч байсан шүү дээ. Харин энэ удаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувьд түүнтэй яг адилхан нөхцөл байдалд байна. Дансанд нь мөнгө алга, “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 49 хувийг хууль бус аргаар зарчихсан, маш их хэмжээний өрийн дүнтэй Засгийн газрыг хүлээж авлаа шүү дээ. Харин энэ нөхцөл байдлыг 100 хоногийн дотор засах боломжгүй гэдэг дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон түүний Засгийн газрын гишүүдийг өмөөрч дуугармаар байгаа юм. Нөхцөл байдал нь өөр учраас тэр л дээ. Нөгөө талаас энэ Засгийн газар илүү шуурхай ажиллах ёстой. Эдийн засгийн нөхцөл байдал илүү хүнд, эрх баригчид 65  гишүүнтэй байх тусмаа улам их хариуцлагатай ажиллах ёстой. Реформын шинжтэй томоохон ажлуудыг ч хийх хэрэгтэй. Засгийн газар хангалттай хурдтай ажиллаж чадахгүй байна гэдэг шүүмжлэл бий. УИХ-ын гишүүний хувьд би үүнийг зарлагаа багасгаад реформ тал дээр илүү хүчтэй, далайцтай ажиллах улс төрийн боломж байгаа гэж харж байгаа. Нэг нам 65 суудалтай байгаа учраас.

-Манай улсын эдийн засаг хүндэрсэн, гаднаас авсан өр, зээлээ төлөх хугацаа тулсан учраас ОУВС-гаас дэмжлэг авахаас аргагүй болсон гэж байгаа. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эхний алхмуудыг хийж байна. Та хувьдаа энэ хөтөлбөрт хамрагдах эсэхэд ямар байр суурьтай байгаа вэ?
-Юуны өмнө “Стэнд бай” гэж яг юу юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Олон нийтэд зөв ойлголт өгөхийн тулд шүү дээ. Энэ хөтөлбөрийн талаар бид зөв ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй. “Стэнд бай” гэдэг бол зөвхөн мөнгө өгөх асуудал биш. Энэ бол үндсэндээ өнөөдрийг хүртэл явж ирсэн Сангийн яаманд байгаа орлого, зарлагыг хэрхэн илүү мэргэжлийн төвшинд болгох вэ гэдэг л хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдсаны дараа томоохон байгууллагууд дэмжихээ амласан илэрхийлэл болдог. Тийм учраас “Стэнд бай” хөтөлбөрийг авах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдрийн нөхцөлд бидэнд улстөржөөд байх цаг алга. Яагаад гэхээр ирэх оны нэгдүгээр сараас бид эхний ээлжийн буюу томоохон дүнтэй  зээлийн эргэн төлөлтөө төлж эхлэхээр байгаа. Гэтэл жижиг можаритор тогтолцоотой учраас УИХ-ын гишүүн бүхэн л тойрогтоо хөрөнгө оруулалт оруулахыг шаардаж эхэлнэ. Энэ үед зарлага талын дансыг Монголбанк, Ерөнхий сайд, Сангийн яам гэсэн гурван субьект үндсэндээ биелүүлэх үүрэгтэй. Энэ гурван субьект илүү бодлогын дэмжлэг болно гэдэг утгаараа том эрх ашгаа харах хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм. Монгол Улс дефолт болчихгүй, эдийн засгийн хувьд дампуурал зарлачихгүй, олон улсын хэмжээнд өрөө төлж чадахгүй гэдэг хар дансанд орчихгүйн тулд ОУВС-гийн  дэмжлэг авах нь гүйцэтгэх засаглалдаа илүү дэмтэй болов уу гэдэг зарчмын байр суурьтай байгаа.

-Засгийн газрын 100 хоног тун удахгүй болох гэж байна. Хэдийгээр эрх баригчид энэ хугацааныхаа ажлыг албан ёсоор дүгнээгүй байгаа ч сөрөг хүчний зүгээс байр сууриа илэрхийлээд эхэллээ. Тухайлбал, МАН 100 хоногт өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажлыг гацаах, зогсоох ажиллагаа их явууллаа гээд байна л даа. Тэр дундаа хэд хэдэн хуулийн үйлчлэлийг зогсоосон зэргийг  онцлоод байна лээ. Харин таны хувьд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
-Энэ бүхнийг харахад анхдугаар чуулган дээр миний хэлж байсан байр суурь батлагдаж байна уу гэж хараад байгаа юм. Өөрөөр хэлбэл, намын дарга, Ерөнхий сайд хоёр бол нэг хүн байх ёстой гэдэг зарчмын байр суурийг би илэрхийлж байсан л даа. Яагаад гэхээр, угаасаа гүйцэтгэх засаглал өөрөө хүчтэй байх ёстой. Засгийн газар нь хүчтэй байсан цагт олон хуулийн төсөл хэрэгжих нөхцөл бүрдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, ямар ч хуулийн цаана санхүүжилт яригдаж байгаа шүү дээ. Харин Засгийн газар энэ санхүүжилтийнхээ эх үүсвэрийг ямар байдлаар хийх вэ гэдэг нэгдсэн шийдэлтэй байх ёстой. Засгийн газраас нэг удаа татвартай холбоотой санал оруулж ирсэн. Тэр нь бүлэг дээр унасан. Одоо 99 хувийг тэглэх татварын хуулийг гаргаж ирж байна. Ингэхдээ дөрвөн салбарыг онцолж байгаа нь УИХ-ын гишүүдэд төдийлөн таалагдахгүй байгаа шүү дээ. Яагаад заавал дөрвөн салбарыг онцолсон юм, нэмэх шаардлагатай салбар байна гэдгийг хэлж л байна. Үүнээс болоод Засгийн газрын бодлого УИХ-ын бүлэг дээр хоёр дахь удаагаа унавал яах вэ. Тэгвэл Засгийн газрын зүгээс нэгдмэл, хүчтэй бодлого явуулж чадахгүй байгаагийн илэрхийлэл болно гэж харж байна. Тийм учраас цаашдаа Засгийн газар, Ерөнхий сайд өөрөө илүү хүчтэй, улс төрийн дэмжлэгтэй байх хэрэгтэй гэж харж байгаа юм.

М.ӨНӨРЖАРГАЛ




  • Шинэ
  • Их уншсан