Ү.Ганболд: Сонгуулийн бэлтгэл ажлыг бүрэн хангасан


 Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболдтой ярилцлаа. Энэ удаагийн сонгуульд 21 аймгийн 1603 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Энэ 7282 мандатын төлөө 15 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн санал авах хэсэг ажиллах вэ. Сонгуулийн бэлтгэл ажил дууссан уу. Ямар байлаар зохион байгуулж байгаа вэ?

-Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш улс, орон даяр болно. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн санал хураах үйл ажиллагаатай холбоотой бэлтгэл ажлыг нийслэлийн болон дүүргүүдийн сонгуулийн хороо, бусад сонгуулийн байгууллагын ажилтнууд хууль тогтоомжийн хүрээнд, баталсан графикийн дагуу зохин байгуулж байна. Сонгууль зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг улсын төсвөөс гаргаж, СЕХ-ноос нийслэлд шилжүүлсэн. Нийслэлээс дүүргүүдийн сонгуулийн хороонд шаардлагатай төсөв хөрөнгийг шилжүүлж бэлтгэл ажлыг бүрэн хийгээд явж байна.
 Нийслэлийн хэмжээнд нийт 398 санал авах хэсэг ажиллаж байна. Сонгуулийн тухай хуулийн дагуу нэг санал авах хэсэгт 3000 хүртэл сонгогч байхаар тооцсон. Урьдчилсан байдлаар нийт 910 мянган сонгогч саналаа өгнө. Санал авах хэсгийн байранд санал хураалт явуулахад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж бусад зүйлсийг байрлуулсан. Сонгуулийн үеэр хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч бүх бэлтгэл ажлыг хангасан. Тухайлбал, санал авах хэсэгт бүгдэд нь хяналтын камер суурилуулж, дээр нь гэрэл цахилгаан, дулаан болон бусад техникийн чиглэлээр зайлшгүй хэрэг болох бүх нөхцөл боломжийг хангасан. Мөн зарим алслагдсан гэр хороололд нэмэлт цахилгааны үүсгүүрүүдийг нөөцөлж бэлэн болгосон. Түүнчлэн цагдаа болон хууль хүчний байгууллагатай хамтарч тухайн санал авах байрны аюулгүй байдал хэв, журмын нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх талаар ажиллана. Замын цагдаагийн газраас тухайн санал авах өдөр замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх болон зарим зохион байгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тэгэхээр нийслэлийн хэмжээнд санал хураах бэлтгэл ажил 100 хувь дууссан гэж хэлж болно.

-Саналын хуудас болон тоолох төхөөрөмжийг тараасан уу. Санал авахаас өмнө туршилт хийж үзсэн үү?
-Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр саналын хуудсыг санал авах байруудад хүргэсэн байгаа. Мөн санал тоолох төхөөрөмж, бусад техник хэрэгслийг санал авах байруудад тарааж, туршилтын тооллогыг энэ сарын 15-нд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Түүнчлэн санал
 авах байруудад ажиллах мэргэжлийн байгууллагын албан хаагчид, мэдээлэл технологийн багийнхан жигд ажиллаж байгаа.

-Өмнөх сонгуулиар саналын хуудас их хэмжээгээр дутсан. Дараа нь дахиж хэвлэсэн асуудал гарсан шүү дээ?
-Санал хураах үйл ажиллагаатай холбогдуулан саналын хуудсыг СЕХ-ноос Монгол Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэвлүүлсэн. Энэ удаад нийт сонгогчдын тоогоор саналын хуудсыг 100 хувь хэвлэсэн. Тиймээс саналын хуудас дутна гэсэн ойлголт байхгүй.

-Зөөврийн хайрцгаар хэчнээн хүн санал өгөхөөр байна вэ. Үүнийг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Зөөврийн санал хураалтыг санал хураах өдрөөс нэг хоногийн өмнө буюу өнөөдөр авах ёстой. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн шалтгааны улмаас болон хуульд заасан зарим шалтгааны улмаас сонгогч өөрөө хүсвэл зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал авах байрны ажилтанд гаргаж өгсөн байх ёстой. Уг ажлыг санал авах байрны ажилчид өөрсдөө зохион байгуулж, хуваариа гарган нэгдсэн байдлаар явуулна. Урьдчилсан байдлаар 1000 орчим иргэн зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ
 ирүүлсэн байна.

-Сонгуулийн үеэр хаягийн бүртгэлийн зөрчил цөөнгүй гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Орон нутгийн сонгуулийн гол онцлог нь тухайн сум, хороондоо байнгын оршин суудаг хүн саналаа өгөх эрхтэй. Түр амьдарч байгаа, өөр тийшээ шилжсэн, эсвэл хаягийн шилжүүлэг хийгээгүй, гадаадад амьдарч, ажиллаж, сурч байгаа хүн орон нутгийн сонгууль өгөхгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар үүнийг шалгаж, зохицуулж байгаа. Харин хашаа, байшингаа зараад тодорхой хаяг дээр очсон ч хуучин хорооноосоо хаягийнхаа хасалтыг хийлгээгүй тохиолдол байдаг. Тэр хүний нэр тухайн хаяг дээрээ байгаа ч байнга байдаггүй гэдгийг Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнууд мэдэж байгаа. Гэхдээ тэр хүн ирээд саналаа өгнө гэвэл бид саналыг нь авна. Монгол Улсын иргэн сонгох сонгогдох эрхээ чөлөөтэй эдлэх ёстой гэсэн Үндсэн хуулиар заасан эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь бид дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

-Сонгуулийн ирц бүрдэхгүй бол яах вэ. Бүрдүүлэх талд нийслэлийн сонгуулийн хороо ямар арга хэмжээ авч байна вэ?
 -Ирц бүрдэхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Саналаа өгөх нь иргэн хүний үүрэг. Тухайн санал авах байранд нийт тойрогт бүртгэгдсэн сонгуулийн насны сонгогчдын тухайн үед бүртгэсэн мэдээлэлтэй ирцийг тулгах ёстой. Иргэний бүртгэл мэдээллийн газраас гаргасан нэрсийн жагсаалт бий. Хэрэв ямар нэгэн байдлаар санал хураалтад ирц хүрээгүй бол нэмэлт санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, тухайн санал хураах өдөр саналаа өгсөн иргэдийг оруулаад, саналаа өгөөгүй иргэдийг нэмж санал хураалт явуулж саналын хуудсыг тоолно гэсэн үг.

-Сонгуулийн дүнг олон нийтэд ямар байдлаар танилцуулах вэ?
-Сонгуулийн дүнг автомат төхөөрөмжөөр тоолно. Тиймээс дүн хурдан гарна гэсэн үг. Ер нь сонгуулийн дүн тоолоход СЕХ-ны гаргасан зөвлөмжийн дагуу сонгуулийн ирцийг гурван удаа улсын хэмжээгээр зарлана. Тодруулбал, 12.00, 17.00, 22.00 цагт зарлах юм. 22.00 цагт сонгуулийн ирцийг гаргаж дуусаад тухайн тойрог, хэсэгт сонгуулийн ирц хүрвэл сонгуулийн дүн тэр доороо гарна. Ирц хүрэхгүй бол дүнг зарлахгүй. Ер нь эцсийн дүнг нийслэлийн сонгуулийн хороо 23.00 цагт буюу тухайн өдрөө багтаж гаргана гэж тооцож байна.

М.ЭНХЦЭЦЭГ



  • Шинэ
  • Их уншсан