Э.Энхболд: “Mongolian next top model” шоу Монголын загварын салбарыг сурталчилна


 Загвар өмсөгч, дуучин, жүжигчин зэрэг олон салбарт авьяас чадвараа сорьж яваа Э.Энхболдыг амралтын дугаарынхаа ярилцлагын зочноор урилаа. Боломж гарвал өөрийгөө хөгжүүлж, сорьж явдаг түүний төрсөн өдөр арваннэгдүгээр сарын 22-нд тохиодог. Мэндэлсэн өдрөөрөө уран бүтээлийг нь сонсдог үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барихаар бэлтгэж буй түүнтэй сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцсанаа хүргэе.

 -“International fashion super model” тэмцээнд оролцоод ирснээсээ хойш тун завгүй яваа харагдах юм. Шинэ улиралдаа шинэ уран бүтээл хийгээд завгүй байна уу?

-Би ханьтайгаа “Corporate conven¬tion centre”-т арваннэгдүгээр сарын 12-нд загварын шоу хийхээр бэлтгэж байна. Шоунд шинэ жилийн баярт зориулан бэлтгэсэн гайхалтай коллекциудаа гаргана. Миний гэргий зөвхөн тухайн хүнд нь зориулан урласан дахин давтагдашгүй  цор ганц бүтээлүүдээ толилуулахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, нарийн ажиллагаатай гоёмсог даашинзыг урладгаараа онцлогтой гэж ойлгож болно. Энэ жилийн загварын трендэд байгаль дэлхийтэйгээ холбогдсон олон өнгө аяс орж ирсэн байгаа. Үүнийг дагаад энэ удаагийн шоунд ч гэсэн дахин давтагдашгүй бүтээлийг урлаж байна. Мэдээж загвар зохион бүтээгчийг илтгэх онцлог шинжийг агуулсан болохоор ирсэн үзэгчдийн сэтгэлд хүрсэн мартагдахааргүй шоу болно гэдэгт итгэлтэй байна. Бид энэхүү шоугаа гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Ер нь загварын шоугаа өндөр зэрэглэлийн, стандартад нийцэхээр зохион байгуулна. Шоу гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт ирсэн зочдод бүтээлүүдээ танилцуулна. Дараа нь хүндэтгэлийн хүлээн авалттай. Энэ арга хэмжээг цааш үдэшлэгээр үргэлжлүүлэх юм.

-Шоунд урилгаар оролцох загвар өмсөгч бий юү?
-Монголынхоо туршлагатай загвар өмсөгчидтэй хамтран ажиллана. Мөн шинэ үеийн төлөөлөл болсон моделиуд ирнэ. Харин гадаадаас загвар өмсөгч ирэхгүй.

-Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал гар ажиллагаа ихтэй бүтээл түлхүү урладаг. Энэ удаад ямар онцлогтой загвар гаргаж байна вэ?
-Загвар зохион бүтээгчийн онцлог нь эмэгтэй хүний төгс бие галбирыг гаргаж чадсан бүтээл урладаг. Тэр ч утгаараа нимгэн торон материал ашигладаг. Энэ жил ч гэсэн материалуудын сонголт сонирхолтой болсон байна лээ. Өнгөрсөн жил бид шоуны онцлог болгож тэрбум төгрөгийн үнэтэй даашинз, 99 амьд сарнай орсон даашинз урлаж байсан. Энэ жил ч гэсэн содон сонирхолтой бүтээл хийж байгаа.

-Танд шоуны үеэр үзүүлэхээр бэлтгэсэн гэнэтийн бэлэг бий юү?
-Урын сан дахь дуунуудаасаа үзэгчдэд толилуулна. Хамтлагийнхан маань ч гэсэн шоунд хүрэлцэн ирж уран бүтээлээсээ хүргэнэ.

-“Mongolian next top model” шоуны продюсероор таныг ажиллахаар болсон гэж сонссон. Шоуг зохион байгуулах эрхийг та авсан уу?
-“Боловсрол суваг”-ийн уран бүтээлчид “Mongolian next top model” шоуг зохион байгуулах албан ёсны эрх аваад ажиллаж байна. Миний хувьд салбарынхаа зүгээс шаардлагатай бүх зүйлийг хариуцан ажиллахаар болсон. Тун удахгүй шоу телевизээр гарна. Энэхүү нэвтрүүлгийн дараа Монголын загварын салбарын онцлог, ямар хүмүүс энэ салбарт ажилладаг, тайзны ард юу болдог талаар хүмүүс мэдэх байх. Мэдээж олны өмнө гарч хэн нэгэн загвар зохион бүтээгчийн хувцсыг амилуулж байгаа хүн сайхан харагдах ёстой. Тайзны ард хэчнээн хэцүү   зүйл тулгарлаа ч тайзан дээр тэр байдлаа харуулж болдоггүй. Энэ бүгдийг шоуг үзсэнээр мэдэх болно. Монголын загварын салбарыг хэдэн шатаар ахиулсан, хүмүүст таниулсан сайхан нэвтрүүлэг болно гэдэгт итгэж байна.

-Нэвтрүүлэг хийх эрх өгсөн байгууллагаас ямар төлөөлөгч ирэх бол?
-Олон улсын байгууллагаас ерөнхий продюсер нь ирж зөвлөгөө өгнө. Шоуг олон улсад зохион байгуулдаг стандарт, жишгийн дагуу хийхээр бэлтгэж байна. Мөн олон улсын шүүгчдийг урина. Монголын загварын салбар хөгжиж байна. Энэ утгаараа салбартаа манлайлагчдыг шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллуулахаар төлөвлөсөн.

-Энэ жил таны хувьд уран бүтээлийн олз ихтэй, авьяас чадвараа нээн харуулсан жил болж байна. Дэлгэцийн анхны бүтээлдээ ч тоглолоо. Цаашид урлагийн аль салбарыг дагнан ажиллах вэ?
-“Галзуу зугаалга” кино маань нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ киноны дараа Хонконгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар төлөвлөсөн. Хамтран ажиллах интертайнментийн захирал ирэх сарын эхээр ирнэ. Түүний дараа ямар кинонд хэзээ тоглох тухай төлөвлөгөө гарах байх. Ер нь зарим салбарт ажиллах сууриудаа тавьчихлаа. Мөн “Яг түүн шиг” шоунд оролцсоноор өөрийгөө тодорхой хэмжээнд таниуллаа. Энэ утгаараа ганцаарчилсан болон хамтлагаараа уран бүтээлээ үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Загварын хувьд Хонконгийн хэд хэдэн агентлаг хамтран ажиллах санал тавьсан. Монголдоо “Говь” компанийнхантайгаа хамтран ажиллана. Олон улсад Хонконгийн зах зээлд хүч үзэх боломж бүрдлээ. Эдгээрээс гадна төлөвлөж байгаа бас нэгэн ажил бий. Тэрийгээ хийчих юмсан гэсэн бодолтой явна.

-Ямар ажил хийхээр зорьж байгаа юм бэ?
-Бизнесийн чиглэлээр том ажил хийхээр төлөвлөсөн. Хэрэгжүүлчихээд хэлсэн нь дээр байх.

-Загвар өмсөх, жүжиглэх хоёрын аль нь арай хялбар юм шиг санагддаг вэ?
-Бүгд л өөрийн гэсэн онцлогтой. “Галзуу зугаалга” кинонд тоглоход маш хэцүү байсан. Тэр үед “Моделийн ажил арай амархан юм уу даа” гэсэн бодол төрсөн шүү.

-Магадгүй олон жил хийсэн болохоор тэгж санагдсан байх?
-Нээрэн тийм юм байна.

-Энэ их ажлын хажуугаар гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж чадаж байна уу?
-Ажил ихтэй байдаг учраас гэр бүлийнхэнтэйгээ тэр болгон хамтдаа байж чаддаггүй. Гэхдээ амралтын өдрүүдээ тэдэндээ зориулж, ажлаа хойшлуулж байгаад ч хамаагүй хамтдаа байхыг хичээдэг.

Б.СЭЛЭНГЭ







  • Шинэ
  • Их уншсан