Гаррет Вилсон: Сайн мууг ялгаж, өөрийгөө зөв авч явж сурах хэрэгтэй


“Land Rover”, “Ford” зэрэг дэлхийд нэртэй автомашиныг борлуулж, хүнд даацын машин механизмийн засвар үйлчилгээг гүйцэтгэдэг “Вагнер Ази Автомотив” компанийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсонтой түүний амьдралын хэвшил, мэдлэг туршлагынх нь талаар ярилцлаа. Тэрбээр, анх 1998 онд манай улсад ирж байсан бөгөөд зүрх сэтгэлээ даган 2012 оноос хойш албан ёсоор суурьшин ажиллаж, амьдарч байна.
 
-Өглөөний мэнд хүргэе. Таны нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

 
-Өглөө бүр ижилхэн хэмнэлтэй байдаг. 6:30-д эртлэн босч усанд орж, дасгал хийж, хүүхдүүдээ сургуульд нь явуулна. Ажилдаа ирээд компанийнхаа ажилчдад цахим сүлжээгээр онч мэргэн үгс илгээж, дараа нь таван минут бясалгал хийдэг. Сүүлийн таван жилийн турш хэчнээн завгүй байлаа ч бясалгал хийх таван минутыг өөртөө гаргахыг хичээж байгаа. Бясалгал хийх нь тархи амрааж, бодлоо цэгцэлж, бухимдлаа тайлахад тусалдаг юм. Үүний дараа өдрийн турш хийх ажлаа жагсаан төлөвлөж, цээжлэх шинэ үгээ давтдаг. Ер нь онч мэргэн үгс уншиж бусадтай хуваалцах дуртай. Нэг талаараа энэ нь хэлний дасгал болж байгаа юм. Урам зоригтой байх нь ажлын бүтээмжийг нэмдэг гэж үздэг учраас онч мэргэн үгс уншиж, тунгаан бодох дуртай. Өнөө өглөөний хувьд засварын цех рүүгээ орж, ажилчдадаа аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулж, мөн биеийн тамирын дасгал хийсэн.
 
-Бизнесийн байгууллага удирдаж яваа хүн аливаа зүйлийг эергээр харж, өөдрөгөөр төсөөлөх хэрэгтэй байдаг уу. Эсвэл эрсдэлийг тооцож бодитоор хүлээн авах нь чухал уу?
 

-Бодит байдал эерэг байдаг ч аливаа зүйл хоёр талтай. Арилжаа наймааны эрсдэлтэй бизнес хийж байлаа ч сул талыг түрүүлж тооцох нь өрөөсгөл хэрэг. Сөрөг зүйлийг нь хянаж онцгойлон авч үзэх хэрэгтэй ч тэр бүр ач холбогдол өгч болохгүй гэх гэсэн юм. Миний хувьд ажигласан эсвэл таалагдахгүй байгаа зүйлийнхээ сөрөг талыг нь дэлгэж, шүүмжилдэг. Гэхдээ дан ганц шүүмжлэх биш шийдэл санал болгох хэрэгтэй.
 
-Үзэл бодлоо хэтрүүлэн илэрхийлж, утгагүй шүүмжлэл өгдөг хандлага цахим ертөнцөд их ажиглагддаг. Танд тэгж санагддаг уу?
 

-Зарим хүн арай л дэндүү болсон байна. Надад ч гэсэн шүүмжилмээр зүйл байдаг боловч утгагүй, хий хоосон дуугарч болохгүй. Хамгийн гол нь гарц, гаргалгаа, шийдэлтэй нь шүүмжлэх хэрэгтэй. Жишээлбэл, удахгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Миний хувьд энэ асуудалд шүүмжлэлтэй хандах зүйл байдаг. Гэхдээ би үзэл бодлоо батлах, тухайн зүйлд нь хамаарах өөрийн саналаа боловсруулсныхаа дараа л санаа бодлоо илэрхийлдэг. Би Монголд маш их хайртай, миний хоёр дахь эх орон ч гэж хэлж болно. Гэхдээ Монголын тухайд эмзэглэж, шүүмжлэлтэй ханддаг зүйл ч бас бий. Монголд авлига, хээл хахууль өргөн дэлгэрч, нийгэм тэр чигтээ үүнийг хэвийн үзэгдэл мэт хүлээн авдаг болсонд нь шүүмжлэлтэй ханддаг. Авилга хээл хахууль, газрын наймааг таслан зогсооё гэж шийдэх юм бол үнэхээр амархан. Хамгийн гол нь гарын үсгээ зурж, тамга дарсан, гэрээнд нэр нь тодоор бичигдсэн хүнээс эхлэн хариуцлага тооцох хэрэгтэй гэж боддог.
 
-Та АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дурдаж байсан. Хиллари Клинтон, Дональд Трамп нарын хэнийг дэмжиж байгаа вэ?
 

-Хэнийг нь ч дэмждэггүй. Тэд бол улс төрд тохирохгүй, ёс суртахууны доголдолтой хүмүүсийн хамгийн төгс жишээ юм. Хэдий боломжгүй ч гэсэн хэнийг нь ч битгий сонгоосой гэж хүсч байна. Америкчууд хэвшил болсон үзэл баримтлалаараа тэр хоёроос өөр хүнийг тоохгүй байна. Манай улсын сонгуульд нэр дэвших үйл явц үнэхээр доголдолтой байгаа учраас ёс зүйн дутагдалтай хүмүүс ийнхүү Ерөнхийлөгчид өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуульд гуравдагч хүчин Либеритари намын Гэри Жонсонг дэмжиж байгаа.
 
-Шинэ газар үзэж, шинэ хүмүүстэй танилцах сайхан ч нөгөө талаараа танихгүй, дасаагүй газар гэдэг хатуу. Таны хувьд Монголд ирэхээсээ өмнө айж байсан зүйл бий юу?
 
-Би ерөөсөө айгаагүй. Анх 1998 онд сүмийн журмаар англи хэл заахаар Монголд ирж байлаа. Манай байгууллага үнэхээр зохион байгуулалт сайтай. Ажилтныхаа аюулгүй байдалд анхаарч, хатуу хяналт тавьдаг. Орой 9:30 гэхэд гэртээ харьсан байх ёстой бөгөөд өдрийнхөө ажлын тайланг даргадаа танилцуулдаг. Өглөө эрт босч дасгал хийж, заах хичээлээ бэлтгэн бүх зүйл хуваарь, төлөвлөгөөний дагуу явдаг учраас бид бүгд сахилга бат, ёс зүй гэдгийг багаасаа ухаарч мэдсэн байдаг. Шөнө үдэш гарч, наргиж цэнгэнэ гэсэн ойлголт байхгүй. Хүн ер нь хаа ч байсан өөрийгөө зөв авч явж, сайн мууг ялган, хяналттай байвал аюул осол гайгүй санагддаг. Ялангуяа Монгол шиг тайван оронд санаа зовох зүйлгүй.
 
-1998 он гэхээр 19 настай байсан юм байна. Аав, ээж тань их санаа зовсон байх даа?
 
-Үгүй дээ, эцэг, эх маань ч гэсэн огт санаа зовоогүй. Миний Монголд ирсэн энэ ажил бол бол олон жилийн уламжлалтай хөтөлбөр. Манай аав ч бас 1968 онд сүмийн хөтөлбөрийн шугамаар сайн дурын ажил хийхээр Филиппинд очиж байсан гэсэн. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд, их сургуульд орж, ажил дээр гарна гэдэг буруу зүйл биш. Гэхдээ боловсролыг дан ганц номоос эсвэл профессорын лекцээс авдаггүй. Амьдралын туршлага гэдэг юунаас ч илүү үнэтэй байдаг гэдгийг энэ хөтөлбөрт хамрагдаж байх үедээ сайн ойлгосон. Монголд англи хэл зааж байхдаа олж авсан туршлага маань одоо ч гэсэн хэрэг болдог. Яг тэр үеэс л би энэ оронд элэгтэй болж, хэлийг нь сурч, ёс заншлаас нь суралцах хүсэлтэй болж, бүр монгол эхнэр авахад хүртэл нөлөөлж чадсан. Тухайн үед Монголд хуваарилагдаж ирсэндээ үргэлж баярладаг.
 
-Монголд ирээд хамгийн их гайхаж байсан зүйл тань юу вэ?
 
-Хэдий өндөр хөгжилтэй орон ч тэнд ядуурал тодорхой хэмжээгээр байдаг. Америкт ч гэсэн ядуурал бий. Гэхдээ нийгмийн тодорхой хувийг эзэлдэг ядуучууд дундаж орлоготой хүнээс тэр бүр ялгардаггүй. Харин Монголд анх ирэхэд баян, хоосны ялгаа үнэхээр тод харагдаж байсан. Миний санаж байгаагаар, 1998 онд өрхийн дундаж орлого 60-70 мянган төгрөг байсан байх. Саяхны нэг судалгааг харахад өрхийн дундаж орлого 13 дахин өсч 800 мянга болсон гэж тэмдэглэсэн байсан. Амьдралын өртөг өсч байгаа ч орлого ийм сайн өснө гэдэг хөгжил, дэвшил гэж харж байгаа. Мөн Монголд ирээд амьдралдаа анх удаа согтуу хүн харсан. Бусад хүнд үнэхээр худлаа сонсогдож магадгүй заримынх нь дургүй хүрэх байх. Гэхдээ манай гэр бүл огт архи хэрэглэдэггүй учраас орчин тойронд минь согтуу хүн байгаагүй. Монголд ирээд гайхахын дээр сайхан санагдсан нэг зүйл нь энэ нутгийн ард түмний зочломтгой зан. Бие биеэ танихгүй ч гэсэн гэрийнхээ хойморт урьж, байгаа зүйлээрээ дайлан, тусалж, хүндэлдэг хандлага нь үнэхээр таалагддаг. Миний дүгнэлтээр энэ нь олон зууны тэртээх нүүдэлчин соёлоос уламжилж ирсэн байх. Зочломтгой сайхан зангаар хүлээж авдаг нэгэн байгаа ч хотжилтын соёл давамгайлж энэ сайхан уламжлал улам бүр холдож байгаад нь харамсдаг.
 
-Та ном хэр уншдаг вэ. Сүүлийн үед ямар ном уншиж байгаа бол?
 
-Зав багатай болохоор хүссэн хэмжээгээрээ уншиж чадахгүй байна. Магадгүй энэ шалтаг шиг сонсогдож болох юм. Би шинэ он эхлэхэд өөртөө зорилго тавьж, төлөвлөгөө боловсруулдаг. Энэ жилийн хувьд сард хоёр ном унших зорилго тавьсан ч үр дүнд хүрч чадахгүй байгаа. Гэхдээ огт уншдаггүй хүн биш л дээ. Одоо Вьетнамын дайны талаар ном уншиж байгаа. Мөн монгол хэлээр ном уншихаар төлөвлөсөн.
 
-Та өөрийн цахим хуудастаа яруу найрагч Р.Чойномын шүлгээс бичсэн байсан. Монголын уран зохиолыг сонирхдог уу?
 
-Үнэнийг хэлэхэд монгол хэлээр цөөхөн ном уншиж байсан. “Монголын нууц товчоо”-г хэсэг хэсгээс нь уншиж байлаа. Бүтнээр нь уншиж үнэхээр зүрхлэхгүй юм билээ. Орчин үеийн ном арай энгийн бичсэн байдаг учраас ойлгоход илүү хялбар. Хэлний чадвараа дээшлүүлье гэвэл яруу тансаг зүйрлэлтэй ном сонгох хэрэгтэй. Гэхдээ одоогоор тийм ном уншихгүй байгаа нь миний залхуу зантай холбоотой байж болох юм.
 
-Та монгол хэлийг төрөлх хэл шигээ сайн эзэмшжээ. Монгол хэл сурахад хэр хүндрэлтэй байсан бэ?
 
-Би монгол хэл сурахаар шийдээд зургаан сар маш эрчимтэй, тууштай, хичээнгүй суралцсан. Үүний үр дүнд сууриа их сайн тавьсан гэж боддог. Хамгийн гол нь сурч буй хэлээ өдөр бүр давтаж байх хэрэгтэй.Ер нь хэл сурч буй хүн ам нээхээс, алдаа гаргахаас айж, ичиж болохгүй. Миний төрөлх хэл биш учраас би шууд төгс ярихгүй гэж бодоод зоригтой байх хэрэгтэй. Хэл сурна гэдэг урт хугацааны хичээл зүтгэл байдаг. Тиймээс зогсохгүй, шантрахгүй өдөр бүр давтах ёстой.
 
-Хэл сурч буй хүн практик чиг шугамыг баримтлах ёстой юу эсвэл онолын мэдлэг сайн суурийг тавьдаг уу?
 
-Тухайн хүний зорилгоос хамаарна. Академик төвшинд ашиглах бол дүрэм маш чухал. Миний хувьд дүрмээс илүү харилцаж буй хүнээ ойлгож, өөрийн санаа бодлоо зөв илэрхийлэх нь ач холбогдолтой гэж боддог. Тиймээс үгийн баялгаа нэмэгдүүлэхэд түлхүү анхаардаг. Зурагт үзэж байгаад эсвэл хүнтэй ярьж байхдаа ойлгохгүй үг гарч ирвэл хурдхан шиг жижигхэн дэвтэр эсвэл гар утсан дээрээ тэмдэглэж аваад дараа нь толь бичгээс хардаг. Мэдэхгүй байлаа гээд тоохгүй өнгөрөөж болохгүй. Саяхан би “совин татах, дөжрөм, нурмагар, эв дүйгүй, савсагнах” гэх мэт хэд хэдэн үгийг тэмдэглэж авсан.
 
-Та хэр зарчимч хүн бэ?
 
-Би аливаа зүйлд уян хатан байхыг л эрхэмлэдэг. Бүх зүйлд тэнцвэртэй хандах хэрэгтэй гэж боддог. Ер нь зөөлөн талдаа хүн байх. Ажилчид маань заримдаа хатуу байх хэрэгтэй, хэтэрхий зөөлөн байна гэж шүүмжилдэг. Магадгүй тэдний зөв байж болох юм. Хэрэв доод албан тушаалтан маань өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй, хангалтгүй ажиллаж байвал зохих ёсны дагуу шаардлага тавьж, хяналт тавих хэрэгтэй. Удирдагч гээд хэтэрхий дарамттай хандаж, захирангуй байх тусам ажлын үр бүтээмжид сөргөөр нөлөөлнө.
 
-Арилжааны компани толгойлж яваа хүний хувьд асуухад сүүлийн үед борлуулалт хэр байна вэ?
 
-Нөхцөл байдал муу байгаа. Бид алдагдалтай ажиллаж байна. Борлуулалтын хувь эдийн засгийн ерөнхий нөхцөлөөс шалтгаалах хэдий ч бид өөрсдөдөө дүгнэлт хийж, өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Би эергээр харах дуртай. Өнгөрсөн оноос арай илүү ашигтай ажиллаж, бага зардлаар үйл ажиллагаагаа явуулж чадаж байгаа нь нэг талын амжилт юм. Эдийн засаг хэдий хэцүү байгаа ч боловсон хүчний боловсролд гар татахгүйг хичээдэг. Мэргэжилтнүүдээ гадагшаа явуулж, дотооддоо ч мөн сургалт зохион байгуулдаг. Сайн боловсон хүчин манай байгууллагын бусдаас ялгарах онцлог. Манай компанийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн үнэтэй байж магадгүй. Гэхдээ олон улсын стандартад нийцсэн багаж хэрэгсэл, чадварлаг боловсон хүчинтэй гэдгээ нүүр бардам хэлж чадна.
 
-Та өглөө бүр ажилчдадаа онч мэргэн үгс явуулдаг гэсэн. Манай уншигчдад ямар үг хэлэх вэ?
 
-Энд тэнд явж байхад таалагдсан үг гарвал нэмдэг онч мэргэн үгийн сантай. Өглөөд үгсийн сангаасаа харж байгаад явуулдаг юм. Сүмийн удирдагчийнхаа хэлсэн үгнээс хуваалцъя гэж бодож байна. “No other success can compensate for failure in the home” гэдэг үгийг хэлмээр байна. Орчуулбал, жаахан утгагүй сонсогдож магадгүй, гэхдээ надад таалагддаг. Ерөнхий утга нь хичнээн өндөр албан тушаалтай, амжилтад хүрсэн байлаа ч гэсэн гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй, тэднийгээ үл тоох нь жинхэнэ амжилттай хүн гэдгийг хэзээ ч тодорхойлж чадахгүй гэсэн үг. Тиймээс гэр бүлдээ анхаарч, цаг зав гаргах хэрэгтэй. Би дөрвөн хүүхэдтэй учраас гэр бүлдээ цаг гаргах нь миний хийх ажлын хамгийн чухал үүрэг гэж боддог. Би одоо байгаа албан тушаал, ажлаа насаараа хийхгүй. Гэтэл аав, эр нөхөр байх бол миний бүхий л амьдралынхаа турш хийх зүйл учраас гэр бүлдээ цаг гаргаж, амар амгалан орчинг бүрдүүлэх ёстой.
 
А.Даваахүү
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан