Саидов Рустам: Олимп, дэлхийн аваргатай орны рингэд ам гарч чадахгүй


Сонирхогчдын боксын “Сидней-2000” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Азийн спортын наадмын тав, Азийн АШТ-ий хошой аварга, Узбекистан улсын боксын шигшээ багийн дасгалжуулагч Саидов Рустамтай ярилцлаа.

-Монголд тавтай морил, Рустам?

-Баярлалаа. Би “Чингис хаан-Улаанбаатар цом” сонирхогчдын боксын олон улсын тэмцээнд найман эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчинтай ирлээ.

-Аян замдаа хэр алжаав. Танай баг тамирчид тэмцээнд нэлээд тулгаж ирлээ?
-Би бол ядрахыг ажрахгүй ээ. Хамгийн гол нь тамирчид. Тэд хөнжлөөсөө цухуйхгүй унтаж  байхыг бодвол ядарцгаасан юм байлгүй.  

-Өчигдөр хил дээр саатсан гэж дууллаа. Одоо бол асуудалгүй биз дээ?
-Давгүй ээ. Дэлхийн шилдэг тамирчин Т.Үйтүмэн биднийг тоссон.

-Энэ тэмцээнээс хэдэн медальтай харих бодолтой байгаа вэ?
-Монголын боксчдын ур чадвар бидэн шиг орос школтой. Олимп, дэлхийн аварга төрүүлсэн орны рингэнд ам гарах нь зохимжгүй юм. Бид энэ тэмцээнд сайн тамирчдаа сойсон.  

-2015 оны ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тулаанд манай тамирчин Д.Отгондалайг ялсан ДАШТ-ий мөнгөн медальт Эльнур Авдураймов таны шавь байх аа. Тэр Монголд ирсэн үү?
-Ирсэн. Тэр жин өгсч 64 кг-д тулалдана.

-Энэ жинд манай шилдэг боксчин Б.Чинзориг хүч үзнэ. Тэр УАШТ-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнийг хоёр удаа ялсан гээд бодохгүй юу?
-Тэгвэл сайхан тулаан гарах нь дээ. Ширүүн өрсөлдөөн үзүүлэх гэж л бид олон жил энэ спортын төлөө амьдарч, ажилласан биз дээ.

-Өнгөрсөн жилийн ДАШТ-ий 60 кг-д манай тамирчин Д.Отгондалай Э.Авдураймовт ялагдаж, медальгүй ирсэн. Манай спортын мэргэжилтнүүд Д.Отгондалайг ялсан гэдэг. Та тэр тулааны талаар юу хэлэх вэ?
-Үнэндээ тэр тулаанд Д.Отгондалай ялсан байхгүй юу. Тэр байтугай Д.Отгондалай олимп, дэлхийн аварга болох боломж ч байсан. Би түүнийг олимпийн аварга гэж боддог.

-Авдураймов олимпийн наадамд оролцох эрхээ авсан ч Риогийн рингэнд яагаад гараагүй юм бэ?
-Узбекистаны 60 кг-д түүний гол өрсөлдөгч нь сонирхогчдын боксын хагас мэргэжлийн тэмцээнээс олимпод оролцох эрхээ авсан юм. Тэдний дунд сорил тулаан явуулаад хэн илүүг нь олимпод оролцуулсан даа. Энэ нь шударга шийдвэр болсон.  

-Ярилцлагын маань гол зочин нь та болохоор таны амьдрал, спортын ертөнцөд өнгөрүүлсэн он жилүүдийг эргэн сөхмөөр байна. Боксын спортод анх хэн хөтөлж оруулсан бэ?
-Би өөрийнхөө дур сонирхлоор энэ спортод орсон. Намайг хэн ч ятгаагүй.

-Тэгвэл гэр бүлд тань танаас өөр спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Миний төрсөн эгч Саидов Елена гандболын спортын олимпийн аварга. Тэр их биерхүү, 195 см өндөртэй. Харин эхнэр маань талбайн теннисчин. Цагтаа шуугиулж явсан хүн. Одоо гурван хүүхдээ хараад спортоос хөндийрсөн. Миний ганц хүү ээжийнхээ спортыг өвлөж байгаа.

-Та хүүгээ яагаад боксчин болгоогүй юм бэ?
-Хүүгээ боксчин бололгүй ээжийнхээ спортыг өвлөсөнд баяртай байгаа. Боксын спорт чинь хэцүү шүү дээ.    

-Олимп, ДАШТ-ээс медаль хүртээд ирэхэд гэр бүлийнхэн тань хэрхэн угтддаг вэ?
-Намайг медаль хүртээд ирэхэд ээж минь л их баярладаг даа. Эгч бид хоёрыг энэ амжилтад хүрэхэд ээж минь их нөлөөлсөн. Ээж маань биднийг бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд оролцоход бүх зүйлээр дэмждэг юм. Би ээжийгээ үргэлж олимпийн аварга гэж хүндэлдэг. Аав бол их ажил хэрэгч хүн. Эгч бид хоёрт цаг зав зарцуулах завгүй ажилладаг байлаа.

-Таны санаанаас гардаггүй дурсамжтай тэмцээн гэвэл?
-Миний хамгийн оргил амжилт олимп. Олимпийн наадмын +91 кг-ын жинд мөнгөн медалийн төлөө Казахстаны Мухтархан Дильдабековтой тулалдсан. Уг нь би түүнийг ялсан ч шүүгч миний гарыг өргөөгүй. Би өмнө нь тэр нөхрийг ялж байсан. Надад олимпийн аварга болох боломж бүрэн дүүрэн байсан. Яг танай Д.Отгондалай шиг харамсалтай зүйл болж байлаа.

-Дэлхийн аварга болсон тухайгаа ярихгүй юу?
-2005 онд Турк улсад болсон ДАШТ-нд бэлтгэл сургуулилт сайн байсан ч олимпод бэлтгэснийг яаж гүйцэхэв. Би бэлтгэл сургуулилтын нөр их хөдөлмөрийн үр шимээр энэ нэр алдар, оргилд хүрсэн.

-Узбекистан улсын Засгийн газар олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчдаа хэрхэн урамшуулдаг вэ?
-"Рио"-гийн олимпийн наадамд түрүүлсэн тамирчинд 200 мянга ам.доллар өгсөн бол дэлхийн аварга болбол 15 мянган ам.доллараар урамшуулдаг.

-Тэгвэл таныг олимпийн наадмаас хүрэл медаль, дэлхийн аварга болоход хэрхэн шагнасан бэ?
-Намайг ид байхад мөнгөний ханш чанга байсан. Олимпийн хүрэл медалийг 15 мянга, дэлхийн аварга болоход таван мянган ам.доллараар урамшуулж байлаа.

-Томоогүй гэмээр нэг асуулт тавъя. Та багадаа зодоонд хэр оролцдог байсан бэ?
-Би аль болох хүнтэй муудалцахаас хол байхыг эрмэлздэг. Залуу байхад охид хүүхнүүдээс болж олон хүнтэй муудалцсан. Одоо бол төлөвшсөн. Боксчин хүний гар зэвсэг юм шүү дээ. Энэ зэвсгийг хаа хамаагүй хэрэглэж болдоггүй юм.  

-Рингэнд шилдэг байсан хүн дасгалжуулагч хийхэд ямар мэдрэмж төрж байна?
-Дасгалжуулагчийн ажил хэцүү юм байна. Тамирчин рингэд гарсан бол нэг л хүнтэй өрсөлддөг бол дасгалжуулагч олон хүний төлөө санаа зовдог. Өөрөө тулалдаж байснаас илүү бухимддаг юм байна.  

-Та хэзээ зодог тайлсан билээ?
-2006 онд зодог тайлсан. Бэлтгэл сургуулилтаа байнга л хийдэг. Рингэнд нэг гарна гэсэн бодол бий.   

-Боксын спорт Орос, Куба, Монгол, Казахстан, Узбекистанд илүү хөгжсөн. Үүнийг юутай холбож үздэг вэ?
-Таны нэрлэсэн орныхон хоол хүнсэндээ махыг ихээр хэрэглэдэг нь нөлөөлдөг байх.

-Та мэргэжлийн бокст хүч үзэх талаар бодож байсан уу?
-АНУ-ын мэргэжлийн бокст хүч үзэхийг мөрөөддөг байсан. Яг мэргэжлийн бокст орох гэж байтал ээж маань хүнд өвдөөд орхисон. Спорт бол хүнд хэзээ ч олддог зүйл, харин ээж гэдэг хүн ганц шүү дээ.

Эх сурвалж: АРДЫН ЭРХ СОНИН

  • Шинэ
  • Их уншсан