Д.Оюунхорол: Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж, утаатай тэмцэнэ


 БОАЖ-ын салбарынхан өчигдөр Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Уг хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ногоон хөгжлийн стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга  Ч.Батсансар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Алтангэрэл, Усны нөөцийн хэлтсийн дарга Ш.Мягмар болон бусад холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Мэдээллийн эхэнд салбарын сайд Д.Оюунхорол, ажлаа аваад гурван сар болох хугацаанд өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлж байсан ажил, төсөв, санхүү, эдийн засгийн нөхцөл байдалтай танилцаж, анхаарлаа хандуулж ажилласнаа онцолсон. Ингээд түүнээс зарим асуултад хариулт авснаа хүргэе.

 -Засгийн газрын 100 хоногийн хугацаанд танай салбарынхан ямар ажил амжуулав?

-Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд БОАЖЯ УИХ-ын чуулганаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрийг соёрхон батлуулсан, ус, хөрсний бохирдолтой тэмцсэн, хууль тогтоомж зөрчиж байгаль сүйтгэж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцуулах саналаа холбогдох мэргэжлийн байгууллагад хүргүүлсэн, самар түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацааг наашлуулсан. Торгоны замын аялал жуулчлалын олон улсын хурлыг эх орондоо зохион байгуулсан гээд цөөнгүй ажлыг амжууллаа. Монгол Улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсноор уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмуудад хамрагдах боломж бүрдэж байгаа юм. НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам.доллар хуримтлуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулж эхлэх гэж байна. Манай яам энэ сантай хамтран ажиллахаар хэд хэдэн төслийн санал хүргүүлсэн төдийгүй Монгол Улс 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгаралтаа 14 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлт манай улсад хэрхэн нөлөөлж буйн бодит жишээ Ганга нуур юм. Монгол Улсын зүүн бүсэд л гэхэд 200 гаруй гол горхи, мөрнөөс 120 орчим нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ширгэсэн дүн мэдээ гарсан. Ганга нуур, түүнийг тэжээдэг булгийг хашаажуулах, орон нутгийн хөрөнгөөр бэлчээр усжуулалтын зориулалттай гүний
 худаг гаргах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан гэх зэргээр нуурыг аврах ажлуудыг хийсэн.

-Гол нууруудын хамгаалах чиглэлд тухайлсан ямар ажил хийж байна вэ?
-Хэнтий аймгийн Онон, Балж гол, Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон гол, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө голын бохирдол гээд хариуцлагагүй уул уурхайн улмаас бохирдсон газруудад БОАЖЯ хяналт шалгалтаа эрчимжүүлж ажилласан. Үүний үр дүнд Орхон голын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан. Онон, Балж голын цэвэр усны нөөц, ойн сан бүхий газарт “Айвуун тэс”, “Ю энд Би”, “Гутайн даваа” ХХК гэсэн гурван компани хууль зөрчиж олборлолт явуулж байна гэсэн мэдээллийн дагуу БОАЖЯ-наас хяналт шалгалт хийсэн. “Ю энд Би” ХХК нь хууль тогтоомж зөрчсөн хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байсан учраас ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн. Мөн тус компани Ойн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 0.9 га талбайд учирсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээг авахаар болсон.

-Өвлийн улирал эхэлж буйтай холбоотойгоор утаатай тэмцэх талаар салбар яам ямар бодлого барьж байна вэ?
-Нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан асуудал утааны улирал эхэлсэн учраас утаатай хэрхэн тэмцэх вэ гэсэн БОАЖЯ-ны бодлого олны анхаарлын төвд байгаа. БОАЖЯ-ны удирдлагын мэдээлснээр Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Цэвэр агаарын санг сэргээн байгуулж, агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн эх үүсвэр бий болгохоор төлөвлөсөн. Тус санд эхний ээлжид таван тэрбум төгрөгийг  төвлөрүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөд голчлон зарцуулна. Мөн Торгоны замын олон улсын бага хурлыг энэ сарын 13-15-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулсан нь аялал жуучлалын салбарт томоохон арга хэмжээ болсон. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Цаашдаа нүүдлийн аялал жуулчлалын Үндэсний төвийг барьж байгуулах асуудлыг НҮБ-аас дэмжихээ илэрхийлсэн. Монгол Улс эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед уг салбараас олдог орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ салбараас орж байгаа орлого бүр тэгш шударга, иргэн бүрт хүрдэг. Товчдоо бол утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж болно. Энэхүү утаагүй үйлдвэрлэлд ажиллаж буй ажиллагсадын тоо 50 мянга байна. Иймд энэ тоог ахиулж, 100 мянган ажлын байр бий болгоход анхаарч ажиллана. Цаашид Улаанбаатар хотод болон Хэнтий аймагт аялал жуулчлалын төв байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийслэлд тулгамдаж буй томоохон асуудлын нэг хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллага, улс орнуудад төслийн санал хүргүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авч байгаа. Мөн 2017-2020 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаар хотын гэр хорооллын 8000 өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилтын санд асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан