Ч.Хүрэлбаатар: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багцаар нь авч үзэх хэрэгтэй


УИХ-ын нэгдсэн чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлд жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй хүнс, хувцас, нэхмэл, барилгын материалын болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулахаар тусгасан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ ярилцлаа.

-Татварын хөнгөлөлтөд хамруулах дөрвөн салбарыг ямар үндэслэлээр сонгосон бэ. Нэмж хамруулах боломжтой юу. Түүнчлэн Улаанбаатар хотод төвлөрсөн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт байдаг. Гэтэл хөдөө орон нутагт хөнгөлөлт эдлэх боломж төдийлөн байдаггүй шүү дээ. Үүнд тэгш бус байдал бий болоод байгаа юм биш үү?
-Засгийн газраас албан татвар ногдуулах орлогын хэмжээ нь 1.5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар буюу ашгийн татварын хувь хэмжээг 90 хувиар хөнгөлж нэг хувь болгоё гэдэг санал оруулж ирсэн. Гэхдээ үүнд дөрвөн салбарыг сонгож авсан. Үндэслэл нь үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Бусад салбарын хувьд үе шаттайгаар хамруулах нь илүү оновчтой гэж Засгийн газар үзэж байгаа. Хуулийн төсөлд дөрөв бус бүх салбарыг хамруулж татварыг нь нэг хувь болговол нийтдээ 27 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт гаргахаар байна. Харин дөрвөн салбарыг сонгож авснаар 1.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт гаргах тооцоонд үндэслэсэн. Монгол Улсад нийт 250 төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт байдаг. Үүнийг багцаар нь эргэж авч үзээч гэдэг зүйлийг Засгийн газарт хэлсэн. Татварыг дөрвөн салбарт 90 хувь хөнгөлөх асуудлыг энэ долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар ярина. Харин Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тодорхой хувиар хөнгөлсөн заалтуудыг хүчингүй болгохоор оруулж ирсэн. Үүнийг Төсвийн байнгын хороогоор ярилцаж байгаад нийслэлээс алсмагдмал хөдөө орон нутгийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлдэг байдлыг үгүй болгож болохгүй гэж үзсэнээр дахин сэргээж, УИХ-аар дэмжсэн.

-Татварыг хөнгөлснөөр эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?
-Уг нь арваад жилийн өмнө Монгол Улс дөрвөн арвын татварт шилжих тогтолцоог бий болгож, хөнгөлж, чөлөөлөхөө больё. Ерөөсөө арван хувийн татвар дээр тогтъё. Татварынхаа хуулийг тогтвортой байлгавал хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байна гэж үзэж тэр хуулийг гаргаж баталж байсан. Үүний дараагаар янз бүрийн шалтгаанаар татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн тоо нэмэгдсээр өнөөдөр 250 төрөлд хүрсэн байна. Зөвхөн 2016 онд 500 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр харагдаж байна. Тиймээс ерөнхийдөө татварын хувь хэмжээгээ бууруулж байгаа тохиолдолд хөнгөлөлт, чөлөөлөлтөө багасгах тал руугаа байвал яасан юм бэ гэдэг саналыг УИХ-ын гишүүд хэлж байна. Төсвийн байнгын хороо ч гэсэн энэ байр суурийг илэрхийлж байгаа. Тодорхой нэгэн салбар, нийгмийн бүлгийг дэмжихэд зориулcан хөнгөлөлт чөлөөлөлт байдаг.

-Татварын хөнгөлөлтөд бүх салбарыг хамруулах ёстой гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн. Хэрэв ингэж хавтгайруулбал Засгийн газар хуулийн төслөө эргүүлж татах хэрэгтэй гэж байсан. Гишүүд татварын хөнгөлөлтөд өөрсдийн компаниудаа хамруулах гэж лобби хийгээд байна гэсэн шүүмжлэл байна. Татварын хөнгөлөлтөд салбаруудыг ялгаварлахгүйгээр хамруулах ёстой гээд байгааг ингэж ойлгож болох уу?
-Тийм зүйл байна, байхгүй гэж хэлэхэд хэцүү. Гишүүдийн хэн нь ямар бизнес хийдгийг би тэр бүр мэдэхгүй. Гэхдээ тийм асуудалгүй байгаасай гэж хүсч байна. Тиймээс Засгийн газрын байр суурь дөрвөн салбар гэдэг дээр Төсвийн байнгын хороо нэлээд төвлөрсөн. Ерөнхийдөө 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг хүртэл аж ахуйн нэгжид нэг хувийн татвар ногдуулна гэсэн. Тэгэхээр тэр хөтөлбөр рүүгээ явах нь зүйтэй гэсэн зарчимтай байгаа. Тэгэхдээ тэр олон төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийг давхар авч үзэж нэг цогц байдлаар хувь хэмжээ болгохтой хамтад нь оруулж ирэх ёстой гэсэн байр суурийг хувь хүнийхээ хувьд барьж байна.

-Эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөрийг энэ сарын 27-нд Сангийн сайд өргөн барьсан. Энэ хөтөлбөрийг төсөв хэлэлцэж байгаа үед хамт хэлэлцэх ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлж байсан. Энэ хөтөлбөрийг төсөвтэй хамт хэлэлцэх болов уу?
-Төсвийн хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хийж дуусгах хуультай. Энэ долоо хоногт төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, бусад Байнгын хороо хэлэлцүүлгээ хийсний дараа хамгийн сүүлд гол хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо хийдэг. Тиймээс энэ ажлуудыг энэ долоо хоногт амжуулна.

-Ирэх онд эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж хөтөлбөрт тусгасан байсан. Ийм боломж бий юү?
-Монголбанкны мөнгөний бодлогын бичиг баримтад эдийн засгийн өсөлтийг 2.8 хувь гэсэн байна лээ. Харин Засгийн газрын оруулж ирсэн баримт бичигт гурван хувьд хүргэнэ гэж байна. Тэгэхээр Монголбанк, Засгийн газрын байр суурь өөр юм байна гэж ойлгож байгаа. Томоохон төслүүдээ хөдөлгөж чадвал, хувийн хэвшлийг сайн дэмжээд өгвөл, мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдлыг бууруулж чадвал эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх боломжтой. Хэрвээ 9.9 хувийн төсвийн алдагдалтай, их хэмжээний өр зээл авна гэсэн зарчмаар хандвал энэ өсөлт гарахгүй. Тэгэхээр Төсвийн байнгын хороон дээр ажлын хэсэг гарч 9.9 хувийн алдагдлыг бууруулах өөрөөр хэлбэл, 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай оруулж ирсэн төсвийн алдагдлыг яаж бууруулах, мөн 1.3 их наяд төгрөгт хүрсэн байгаа хүүгийн зардлыг хэрхэн бууруулах вэ. Ингэснээрээ арилжааны банкуудад чөлөөт эх үүсвэрийг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллаж байна. Арилжааны банкуудад чөлөөт эх үүсвэрийг бий болгосноор энэ нь эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн эх үүсвэр болно. Одоо арилжааны банкуудаас хувийн хэвшил рүү гаргаж байгаа зээлийг бүгдийг төсвийн алдагдалд сороод авчихаж байна. Тэгэхээр эдийн засаг өсөх боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс төсвийн алдагдлыг яаж бууруулах талаар ажлын хэсэг ажиллаж санал боловсруулж, тооцоо судалгааг нягталж байна.

М.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан