Н.Номтойбаяр: Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлж, амьжиргааны төвшинг дахин тогтооно


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан 100 хоногийн хугацаанд ямар ажил хийж, хэрэгжүүлснээ өчигдөр тайлагналаа. ХНХЯ Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хоёр ч хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан бөгөөд долоон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлжээ. Түүнчлэн ахмадуудад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд онцолсон. Тухайлбал, ахмадуудад “Насны хишиг” олгохоос авахуулаад Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчлэх, тэтгэврийн насыг нь таван жилээр наашлуулах болон малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан зэргийг онцолж байв.
Мөн тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах үүднээс банкуудтай ярилцахаар болжээ. Түүнчлэн цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсноос гадна төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг үргэлжлүүлэх, Оюутны зээлийн сангийн журмыг боловсруулах зэрэг нийгэмд хүлээлт үүсгээд байсан олон асуудлыг шийдсэн эхлэлийг нь тавьсан гэдгээ хэлсэн. 100 хоногийн тайлан хуралд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, дэд сайд С.Мөнгөнчимэг, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр болон бусад алба хэлтсийн дарга нар оролцсон юм.
Тайлангийн хурлын үеэр Залуучуудын хөгжлийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах тухай хуульчилж өгөх талаар ярилцсан юм. Үүнээс гадна анхаарал татсан нэг томоохон ажил нь цалингийн зээлийн хүү, шимтгэлийг бууруулах бодлогыг хэрэгжүүлэхээр болжээ. Мөн гадаадад ажиллах хүч гаргах хамтын ажиллагааг БНСУ, Япон улстай тохиролцоод байгаа аж. Цаг үеийн асуудлаар ХНХ-ын сайд Н.НОМТОЙБАЯРТАЙ ярилцлаа.


-Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжинэ гэдгээ та илэрхийлсэн. Харин энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс ихээхэн бухимдалтай байна. Салбарын яам энэ үйлчилгээг үргэлжлүүлэхийн тулд чухам ямар ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулган дээр энэ талаар би тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд би хөдөө орон нутагт буюу 12 аймаг, хоёр дүүрэгт ажиллалаа. Ингэхдээ Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй зарим төвийн үйл ажиллагаатай танилцсан. Стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байна уу гэвэл, байна. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хүүхдийн эрх, хамгааллын бодлогыг хангаагүй, орчин нөхцөл нь тааруу төв ч байна. Жишээ нь, олон нохой тэжээхийн зэрэгцээ хүүхэд харах үйлчилгээ явуулж байх жишээтэй. Мөн өрөөний халуун дулаан, чийгшил, хуурайшилт, ариун цэвэр, аюулгүй байдал зөрчигдсөн төв ч байна. Дөрвөн замын уулзвар дээр Хүүхэд харах үйлчилгээний төв байрлаж байх жишээтэй. Түүнчлэн багш нар эцэг эхчүүдтэйгээ ямар ч холбоогүй гэх мэт зөрчлүүд илэрсэн. Одоо ч шалгалт үргэлжилсээр байна. Манай яамны бодлого хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлье. Ингэхдээ зохих стандартын дагуу байлгах талын хяналт шаардлагыг сайжруулъя гэж байгаа юм. Одоогоор УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Ийм үед хүүхэд харах үйлчилгээний асуудлыг хөндөх боломжтой. Яамны бодлого бол ажлын хэсгийн мэдээллийг аваад онцгой анхаарах, дэмжих нь зүйтэй юм байна гэж бодож байгаа.

-Өмнөх сайдын үед өрхийн амьжиргааг өрөөсгөл тогтоож байна. Зурагт, угаалгын машинтай бол баян айлын тоонд оруулаад байна гэх шүүмжлэл гарч байсан. Үүнд салбарын яам анхаарал хандуулж байна уу?
-Бид өрхийн амьжиргааны төвшинг тогтоох аргачлалаа шинэчилж, өрхийн нэгдсэн мэдээллийн санг шинэчлэх судалгааг дахин явуулахаар болсон. 2016 онд багтааж, ядуу болон гэр хороололд амьдардаг айлуудад судлаачид очиж, орлогын бус аргаар амьжиргаа тогтоох асуулгад хариулт авна. Харин орон сууцанд амьдардаг болон дунджаас дээш орлоготой өрхүүдийн амьжиргааг шинэчлэн тогтоох хүсэлтэд тулгуурлаж, судалгааг дахин явуулах юм. Ер нь өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааны аргачлалыг гурван жил тутам шинэчлэх шаардлагатай байдаг.

-Та өмнө нь ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ёстой гэж мэдэгддэг байсан. Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэхийг судалж үзсэн үү?
-Өмнө нь эрх барьж байсан АН-ынхан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж байсан ч, үнэнд гүйцэгдэж зээлийн хүүг боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын хүрээнд Төрийн банктай хамтарсан ажлын хэсгийг байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг гарч ажилласан. Нэг сайн мэдээ дуулгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Хэтдээ цалингийн зээлийг ч бууруулах боломжтой. Арга зам нь маш тодорхой. Хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1 дүгээр заалтыг удирдлага болгоод та бүгдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний хуримтлалыг арилжааны банкинд байршуулах арга замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ бол төсвөөс татаас авах арга биш. Харамсалтай нь Төрийн банкны зардал өндөр байна. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүд шингэнэ гэсэн үг. Өөрсдийнхөө зардлыг зургаан хувьд багтаах боломж байна гэдэг хариуг тус банкнаас надад өгсөн. Энэ бол маш өндөр. Бусад арилжааны банк надад гурав орчим хүүгийн орлогын нэмэгдлийг нэмье гэдэг саналаа илэрхийлээд байгаа. Гэтэл Төрийн банк дэндүү өндөр зардалтай байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн зардлын чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулахдаа хуваалцах шаардлагатай болоод байна. Хуваалцахын хэрээр нийгмийн даатгалын орлогын мөнгө буурна. Тэгэхээр би ийм шийдвэрийг гаргаж чадахгүй нь. Төрийн банкны захиралтай уулзаад “Энэ зургаан хувиа буулгах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьсан. Төрийн банк хүүгээ буулгаж чадахгүй бол бусад банкинд хүсэлт тавина. Аль банк бага хүү санал болгоно тэр банктай хамтарч ажиллана.

-2019 онд нийт хүүхдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө бөөнд нь авна. Тэр мөнгөний санхүүжилтийг хаанаас гаргах вэ?
-2019 онд хүүхдийн мөнгийг өгнө. 392 тэрбум төгрөгийг төлнө. Энэ мөнгийг төсвөөс өгнө.

-Ирэх оны төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Нийгмийн даатгалын тогтолцоо маань албадан, шахаж шаардсан шинжтэйгээр ажлаа явуулдаг болсон байна. Энэ тогтолцоог өөрчилнө. Илүү арилжааны шинжтэй болгох зарчмын байр, суурийг баримталж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зах зээл 600.000 орчим төлөгчтэй. Тэдгээр хүмүүст чиглэсэн бодлогыг хэрэгжүүлдэг болмоор байна. Нийгмийн даатгалын сан 587 тэрбум төгрөгийг улсаас татаас хэлбэрээр авдаг. Нийгмийн даатгалаараа улс төрийн оноо авах гэж ажиллаж ирсний үр дүн бол энэ. Сайн менежментээр нийгмийн даатгалын сангаа бид аваравармаар байна. Энэ тал дээр ажиллаж байна. Цаашдаа нийгмийн даатгалын мөнгийг албадан авах бус тухайн санг арилжааны хэлбэрт шилжүүлж нийгмийн даатгалын байцаагчдыг менежерийн статусаар солих бодлого боловсруулна.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан Сангийн яамнаас дутахгүй тоо ярьдаг болжээ гэж шүүмжлэх иргэд байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?
-Энэ салбар хувь хүн рүү хандсан ажлыг төрийн бус байгууллагын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлдэг. Гэр бүл хүүхэд залуусын агентлагийг тусдаа бий болгосон. Мөнгөн дүнгээр хэмжигдэхээргүй ажлуудыг хийж байгаа. НҮБ болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран бид үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яамнаас ядуурлаас урьдчилан сэргийлэх бодлого баримталж ажиллана. Монгол хүний нэг онцлог нь амьдрал нь нэг доройтоод ирэхээр сэхэл авч чаддаггүй. Тэгэхээр бид хүн бүрийг ажилтай байлгах зорилготой. Хамгийн гол нь нэг хүнийг ажилтай болгож ядуурлаас гаргахад хэдэн төгрөг шаардлагатай юм бэ гэдгийг л тооцож үзэх хэрэгтэй.

-Таныг сайд болсноосоо хойш яамандаа их томилгоо хийсэн гээд байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ яаманд өмнө нь ажиллаж байсан хүмүүс ч бий. Шинээр ажилд орсон хүмүүс ч байна. Намайг МАК-ийн дэд ерөнхийлөгчийг ажилд томилсон гэдэг. Гэтэл өмнө нь Хөдөлмөр халамжийн газрын дэд даргаар ажиллаж байсан хүн ажиллаж байгаа шүү дээ. Баг хамт олноо бүрдүүлэх нь зарчмын л хэрэг. С.Бямбацогтын дүүг ажилд авлаа л гэж байна. Гэтэл С.Бямбацогт даргыг УИХ-ын гишүүн болоогүй байхад дүү нь энэ яаманд ажиллаж эхэлсэн. 11 жил энэ салбарт мэргэжилтнээс нь эхлээд ахлах мэргэжилтэн, газрын дарга болтлоо ажилласан. Ах нь сайд болонгуут энэ хүнийг ажилгүй болголтой нь биш дээ. Т.Аюурсайхан гишүүний дүүг ажилд авсан гэж шүүмжилсэн. Даатгалын салбарын хүрээнд улсын шилдэг тэргүүний ажилтан тэмдгийг таван удаа хүртсэн хүн бий. Тэр нь Т.Аюурсайханы дүү Т.Саран гэж хүн. Энэ хүнийг би хэлтсийн даргаар томилсон. Манай салбарын үлгэр жишээч хүн. Т.Аюурсайхан гишүүнтэй хань хамсаатан гэдгийг нь ч мэдээгүй.

М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан