З.Нарантуяа: Манай улсын төсвийн хуваарилалт улс орныхоо маргаашийг харж чадахгүй байна


УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд явж байна. Сөрөг хүчин болон хувь гишүүнийхээ хувьд та ямар байр суурьтай байна вэ. Эрх баригчдын хэлж байгаа шиг “танасан, шахсан” төсөв болж чадах уу?


-Төсвийг бүхэлд нь авч үзвэл нилээд танасан төсөв. Гэхдээ Засгийн газраас өргөн барьсан төсөлд тусгасан орлого, зарлагын дүнг нарийвчлан зарлагын зүйл бүрээр авч үзэхэд 2.6 их наяд төгрөгийн алдагдлыг 600 тэрбумаас 1 их наяд орчимоор бууруулах боломж байна гэж Төсвийн байнгын хорооны Ажлын хэсэг үзэж, холбогдох тооцооллыг Сангийн яамаар дахин хийлгэж байна. Ингэсэн тохиолдолд алдагдал ДНБ-ний 6.5-6.8 хувь орчим руу орох бололцоотой болно. Ийм боломж байна гэдэг нь “бүрэн шахагдсан” төсөв биш байгааг харуулж байна.

-Тэгвэл ЗГ “бүрэн шахсан сайн” төсөв УИХ-д өргөн барьдаг болоход ямар шинэчлэлт хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Одоогийн энэ төсвийн бүтэц, төсөв зохиож, төлөвлөж байгаа процесст зарчмын өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай гэж үздэг. Орлого, зарлагын зохистой, зорилтот баланс гэж байх ёстой. Айл гэрээр жишээлэхэд 1 жилд олсон бүх орлогоо зөвхөн хоол хүнс, хувцас, гадаад, дотоод аялал, гоо сайхны хэрэгсэл гээд ойр зуурын ахуйн хэрэглээндээ зарцуулдаг айлд үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, эрүүл мэнд, мөн бусад гэнэтийн асуудал гарахад зарцуулах баталгаатай нөөц хуримтлал бий болохгүй, орлогоо илүү нэмэгдүүлэхэд ашиглах өрхийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах, шинэчлэх, орон байрны нөхцлөө сайжруулах эх үүсвэр хэзээ ч нөөцлөгдөж чадахгүй. Үүнтэй адил төсвийнхээ 80 гаруй хувийг төрийн байгууллагуудынхаа үйл ажиллагааны урсгал зардал болох цалин хөлс, бичиг хэргийн зардал, гадаад дотоод томилолт зэрэг нэг удаагийн шинж чанартай зардлууд болон урсгал шилжүүлэг, татаас зэрэг хэрэглээндээ зарцуулаад бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа 10-аадхан хувийг зарцуулдаг манай төсвийн хуваарилалт улс орныхоо маргаашийг харж чадахгүй байгаа юм. Төсвийн бүтцийн өөрчлөлт гэж үүнийг өөрчлөхийг хэлж байна. Бусад орнуудад 65-60/35-40 хувьд байлгадаг жишиг байна.

Төсөв батлах нь зөвхөн 10, 11 сарын ажиллагаанууд биш, бүтэн жилийн өмнөөс тооцоологдож, урт, дунд хугацааны зорилтуудтайгаа нийцүүлсэн бодлогын зорилт л доо. Бүх яамд бодлогоо нэгтгэж, Монгол улсын ирээдүйн хөгжлийн тэргүүлэх салбар гэж бодлогын баримт бичгүүдээрээ тодорхойлсон аж үйлдвэрлэл, олборлох, боловсруулах, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудынхаа зорилтот үзүүлэлтүүдэд суурилж, хуваарилалтаа уялдуулж, эрэмбэ дарааллаа тогтоож баймаар байна. Ингэж бодлогын нэгдмэл байдал сайн хангагддаггүйгээс Засгийн газрынхаа өргөн барьсан хувилбарыг зарим үед “танихын аргагүй” болтол нь өөрчлөөд гишүүн бүр Засгийн газар дээр дэмжигдээгүй тойрог тойргийнхоо төслүүдийг нэмж, орлогыг “хөөргөж” баланслуулж ирсэн гэхэд хилсдэхгүй. 2017 оны хувьд ч нийт харьцаа хуучнаараа буюу зарлагын 81 орчим хувийг урсгал зардалд, 17-хон хувийг хөрөнгө оруулалт,төсөл, арга хэмжээнд зарцуулсан хэвээр л байна. Тухайлбал, улсын төсөв, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх төслүүдийг харвал аж үйлдвэрлэл, олборлох, боловсруулах салбаруудад 350-иадхан сая, ядуурлыг бууруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд засаглалын сулбагар байдлаа сайжруулахад төсвөөс мөнгө тавигдсангүй. Хөдөө аж ахуйн энэ том салбарт маш бага, хүндээ хүрсэн “сайн хөтөлбөр”-үүд бүр орхигдохоор байна.

-Төсвийн орлого, зарлагыг тооцоолоход уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийг дэндүү өндөр үнээр тогтоочихоор төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй алдагдал үүсээд, төсөв тасрах хүндрэл жил бүр гардаг. Уул уурхайн салбараас орох орлогууд хир баталгаатай вэ?

-Төсвийн алдагдал их болж байгаагийн гол шалтгаан нь яах аргагүй уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн уналт. Уналтын хэлбэлзлийг хэн ч урьдчилан хэлж чадахгүй. Сангийн яам олон улсын мэргэшсэн байгууллагуудын судалгаа, таамаглалд тулгуурлаж тооцоолсон байгаа. Эдийн засгийг хямралаас гаргах онцгой хөтөлбөийн төсөлд макро орчныг тогтворжуулах, тодорхой төслүүдийг эхлүүлэх замаар төсвийн орлого, валютын орох урсгалыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Гэхдээ хөтөлбөрт тусгасан арга хэмжээнүүд хэзээнээс эхэлж, ямар үр дүнд хүрэн тоон үзүүлэлтийн тооцоолол нь тодорхойгүй байна. Иймд орлогын бодит гэдэгт эргэлзэж л байна.

Төсвийн тогтворжуулалтын санд байгаа 350 орчим тэрбум төгрөгийг ашиглаж, алдагдлыг энэ хэмжээгээр бууруулах бас нэг боломж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уул уурхайн эрдэс баялгийн үнийн өсөлтөөс үүдсэн алдагдлыг бууруулахад ашиглах нөхцөлтэй Тогтоворжуулалтын сантай байх хуулийн зохицуулалт байдаг. Үүний дагуу байгуулагдаж, хуримтлагдсан нөөц сан гэж ойлгож болно.

-Төсвийн энэ том алдагдлыг бууруулах өөр ямар арга байна?

-Татварын бус орлогын эзлэх хувийг 30-35 хувьд хүргэх боломж бий. Боломжуудыг сайн судалж, тогтолцооныхоо суурийг өргөтгөж, холбогдох хууль, эрх зүйн орчин, татвар хураалт, үнэлгээ, бүртгэлийг системээ шинэчлэх хэрэгтэй. Төрийн нийтийн өмчүүдийн эзэмшил, ашиглалтын байдал хангалтгүй, олон жил үр ашиг муутай явж ирсэн. Хувьчлах, менежментийн өөр хэлбэрт шилжүүлэх ажлыг энэ жилдээ эхлүүлж, төсөвт оруулах орлогын хэмжээг нэмэгдүүлэх даалгаврыг ЗГ-т өгөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөг гэж дуу алдаж ярьж байгаа ч төсвийн хөрөнгөөс төрөл бүрийн хэлбэрээр зээлж аваад эргүүлж өгөөгүй, нэг үгээр төр авч чаддаггүй 2.9 их наядын авлага Засгийн газарт байна шүү дээ. Энэ “муудсан” гэх активуудыг хөрвөдөг, ашигтай актив болгох өрийн менежментийн шинэ арга руу ойрын хугацаанд шилжих нь зөв.

Татварын буцаан олголт буюу 250 гаруй төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд 600 гаруй тэрбум төгрөгийг зарж байна. Тодорхой салбаруудад татаас өгч байгаа. Сүүлийн үед 4 салбарыг онцгойлон үзэж, 1 хувийн татвар ногдуулдаг болгоё гэж ярьж байна. Эдгээрийг судалж, зарчмын нэг байр суурийг баримталдаг болохгүй бол таавар, төсвийн бодлого өөрөө алдагдаж, ихээхэн ялгавартай байдлуудыг үүсгээд байна. Үүнээс хэмнэлт гарах боломж байгаа.

-Гэхдээ ирэх жилийн урсгал зардлыг 410 тэрбум төгрөгөөр танана гэсэн шүү дээ.

-Нэг удаагийн шинж чанартай арга хэмжээнүүдэд төсөвлөсөн байсан 259.2 тэрбум, хэрэгжилтийг нь түр зогсоосон хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, хүүхэд харах үйлчилгээний зардал, нийтийн тээврийн татаас гэх мэтчилэн арга хэмжээний өмнө төлөвлөсөн 152.9 тэрбум төгрөгийг хэмнэе гэсэн саналыг Засгийн газар оруулж ирсэн байгаа.

Төсвийн хэмнэлтийн бодлогыг нилээд алсыг харж хийх хэрэгтэй . Нийт төсвийн бараг 3-ны хоёр хувийг цалин хөлс, төрийн байгууллагын зардал эзэлж байгаа. Нийгмийн халамж, тэтгэвэрийн одоогийн тогтолцоо төсөвт 1 их наяд орчим төгрөгийн ачаалал өгч байна. Улс төрөөс айлгүйгээр төрийн албаны реформыг МАН эрх барьж байгаа энэ дөрвөн жилдээ хийж чадвал Монгол Улсын төсөв санхүүгийн бодлого тогтвортой байхад чухал алхам болно. Тэтгэврийн тогтолцоог бие даалгаж, тэтгэврийн даатгалын санг санхүүгийн зах зээлийн гол оролцогч, хөрөнгө оруулалтын томоохон сан болгох эрх зүйн анхны алхам өнгөрсөн парламентийн үед тавигдсаныг буцаах, хойшлуулах гэхээсээ урагш нь явуулбал хөрөнгийн захын хөгжил ч урагшилна.
-Засгийн газрын өрийн тухайд их ярьж байгаа ирэх онуудад өр төдийлөн буурахгүйгээр дунд хугацааны бодлогын баримт бичигт тусгагдлаа гэж байсан. Үүнийгээ тодруулахгүй юу?

-АН эрх барьж байх хугацаандаа бондын зарцуулалт дээр буруу бодлого баримталсны улмаас эдийн засагт хүндрэл учруулж байна гэж эрх баригчид удаа дараа мэдэгдсэн. Энэ талаар?

-Бондуудын үндсэн болон хүүгийн төлбөр төсөвт хүндрэл учруулж байгаа нь үнээн. Гэхдээ нөгөө талаас нь бас нэг зүйлийг бодох хэрэгтэй. АН гадаад зах зээлд хямд өртөгтэй 5.0 тэрбум долларын гаргахаар анх төлөвлөж байсан. Хямд эх үүсвэртэй гадаад зах зээлээс бонд босгох боломжтой цаг үеэ бид ашиглаж чадсан бол өнөөдөр жилийн 15-16 хувийн хүүтэй дотоодын мөн хэмжээний бондын болон түүний хүүгийн төлбөрт орох байсан уу үгүй юу гэж. Энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж ирж чадсанаа, илүү ихийг ч ашиглах боломжийг яагаад алдсанаа ярьдаггүй хэрнээ дотоод талдаа л зодолдоод жижиг улс төр хийгээд байдагт харамсдаг. Энэ бүх хөрөнгө оруулалтууд Монголд л шингэсэн шүү дээ. Нэг хэсэгт нь илүү, нөгөө хэсэгт нь дутуу, заримд нь оногдоогүй л байх. Зарим нь хуулийн дагуу, зарим нь хууль зөрчөөд авсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг шалгаж тогтоох тийм хэцүү биш. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу авсан бол буцааж төлж л таарна. Эдийн засгийн хүндрэл олон учир шалтгаан, нөхцөл байдал нэг цаг хугацаанд бүрэлдсэний үр дагавар. Гол шалтгаан нь үнийн уналт. Борлуулдаг бүтээгдэхүүнийх нь үнэ унаж, ашиггүй болсон үед ямар ч бизнес алдаатай наймаа хийхгүйн тулд үйл ажиллагаагаа түр зогсооно шүү дээ. Хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус бүхий л хөнгөлөлт, таатай нөхцлийг хуулиуддаа хийж өгсөн ч байдал дээрдэхгүй байгааг харж байгаа биз дээ. Бусад олон шалтгаанууд мэдээж нэрмээс болж өгсөн. Ялангуяа тогтворгүй бодлого, бизнесийн харилцагчийн хувьд тууштай биш зан гаргах, тодорхойгүй байдал гэх мэт.

-Халамж, тэтгэврийн хавтгайрсан байдлыг зогсоох ёстой гэж ярьсан. Тиймдээ ч хүүхдийн мөнгө, оюутнуудад олгодог тэтгэмжүүдийг зогсоосон. Гэтэл НББСШУ-ны байнгын хороогоор “Насны хишиг”-ийг олгох хэмжээг 38 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр нь дэмжигдсэн байсан.

-Халамж хэрэгтэй байгаа нийгмийн тэр хэсэг бүлэгтээ л очих ёстой. Халамжийн зорилго нь тэр хэсэг, бүлгээ тодорхойлох учиртай тул тогтвортой зохицуулалттай байх шаардлага гарч ирж байна. Ингэснээр халамж хүртэж байгаа иргэний орлогын байдалд ч, төсөвт ч эрсдэл учруулахгүй. Халамжийн бодлогын зорилго тодорхойгүй, тууштай биш, сонгуулиар санал авах хэрэгсэл болгож ашигладаг болсоны үр дагавар хүүхэд, залуучууд, ахмад эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль нам эвсэл сонгуульд ялсанаас хамаарч ялгаатайгаар төрийн халамжид хамрагдах болж байна. Энэ бол маш буруу жишиг.

Настай хүмүүст нэг удаа тусламж өгөх үү, байнга авдаг тэтгэврийнх нь хэмжээг нэмэгдүүлж, улмаар нөгөө хөгшинийхээ авч амжаагүй өнгөрсөн тэтгэврийг өөрийнх дээр нь нэмж өгөх үү. Энэ шийдвэрийг гаргахад ямар ч улс төр хэрэггүй бөгөөд аль нь иргэндээ ашигтай байна, мөн улсын төсөвтөө дарамт учруулахгүй байна гэдэг тооцоолол л чухал. Энэ өнцөгөөс Насны хишиг, Хамтын тэтгэврийн ашиг тусыг үнэлбэл Хамтын тэтгэвэр нь илүү гэж бид харж байгаа юм.

-Харин оюутнуудын тэтгэлэг, тэтгэмжүүдийг зогсоосон нь зөв гэж бодож байна уу?

-Үгүй. Оюутнуудад чанартай боловсрол чухал. Чанартай боловсролоор дамжуулж, хариуцлагатай иргэнийг хөгжүүлнэ. Улс орны хөгжил сайн хөгжсөн боловсон хүчин дээр тогтоно. Үүнийг захын хүн ойлгоно. Чанартай, хариуцлагатай боловсролыг олгох эх үүсвэрийг төсөвт дарамтгүйгээр шийдсэн сайн оюутны зээлийг зогсоож, төсвийн хөрөнгөөр байгуулсан Боловсролын зээлийн сангаар шийдвэрлэхээр боллоо. Төсвөөс 100.0 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гаргах гэж байна. Төрийн сангийн зээлээр суралцсан суралцагсдын зээлээ төлж байсан түүх, банкнаас авсан оюутны зээлийн эргэн төлөлт хоёрыг харьцуулж харахад аль нь хүнийг илүү хариуцлагатай болгодгыг харж болно.

-Та 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 1.0 хувьд болгоход зөвхөн дөрвөн салбараар хязгаарласныг буруу гэж үзэж, эсрэг байсан гэсэн.

-Эдийн засгийн хямралтай, ажилгүйдлын түвшин 10.4 хувьд хүрч өссөн энэ үед ААН-үүдээ татварын бодлогоор дэмжиж, ажлын байрыг нь хадгалуулах бодлого барьж байгаа бол ажлын байрыг хамгийн их хадгалдаг бусад салбаруудаа ч ялгахгүйгээр бүгдийг нь хамруулья гэсэн саналыг гаргасан ч цөөнхи болсон. Зөвхөн барилга, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл зэрэг үйлдвэрлэлийн салбарынх ч биш бүх л айл өрхийн орлого буурч хэрэглээ татагдаж байхад ижил тэгш зарчим барих нь зөв л дөө.

2016 оны гүйцэтгэлээр ХАА-н салбарын өсөлт ДНБ-ий 10 хувиас дээшээ гарсан. Энэ бол тэргүүлэх салбар. Мөн технологийн салбар байна. Олон залуус төрөл бүрийн программ хангамж, контентууд, оюуны бүтээлүүдийг үйлдвэрлэж байна. Энэ төрлийн үйлчилгээний хүрээ ч тэлж байна. Экспортын орлогыг нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар. Аялал жуулчлалын салбар байна. Жилд ирэх жуулчны тоог нэмэгдүүлбэл валютын орлого өснө. Энэ мэтчилэн татварын хөнгөлөлтийн бодлогод хамраг ёстой салбарууд нь гадна үлдэх гээд байгаа учраас эсрэг байрь сууриа илэрхийлсэн.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног эдгээр өдрүүдэд тохиолоо. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд хэр үр дүнтэй ажиллаж чадсан гэж дүгнэж байна вэ?

-Хийж эхлүүлэхээр тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаа. 3 сар гэдэг харьцангуй богино хугацаа. Сөрөг хүчин гээд бүгдийг сөргүүлж хараагүй. Энэ хугацаанд авсан арга хэмжээний үр дүнгээр л дүгнэгдэнэ. Төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, хэмнэлт таналтыг хийх гэж оролдож байна. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд энэ тал дээр санал бодлоо хэлж хамтран ажиллаж байна. Харин эдийн засгийг тогтворжуулах бодлогын хувьд тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа.

-УИХ-аар татваруудыг нэмнэ, хасна, тэтгэмжүүдийг зогсооно, зогсоохгүй гэсэн эргэж буцсан шийдвэрүүд нь ард түмэнд төдийлөн таалагдахгүй байгаа.

-Тиймээ. Тухайлсан асуудлаар Засгийн тууштай, тодорхой бодлогогүйгээс УИХ дээр ирсэн хойноо оруулж ирсэн саналаасаа ухрах, буцах асуудал гарч байгаа. Тухайлбал, мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй гэснээ ЗГ нь нэмнэ гэсэн санал оруулна, төсвийг танах концепцоор төсвийн хуулиа өргөн барьсанаа зэрэгцүүлээд зарим салбарын аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлнө гэсэн хуулийн төсөл өргөн барьж, зөрчилдөөнтэй бодлого, үйлдэлүүд хийгээд байгаа. Цаашдаа анхаарч ажиллах биз дээ.

-Та ОУВС-тай хамтарч ажиллах хэрэгтэй гэж хэлсэн байсан. “Стэнд-бай” хөтөлбөрт хамрагдах нь зайлшгүй зүйл үү?

-ОУВС-ийн тусламжийг авах нь илүү дээр хувилбар гэж үзэж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны гүйцэтгэлээр 390 сая долларт хүрнэ, ирэх жилд 490 сая доллар болно гэж Монголбанк таамаглаж байгаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал хоёрыг богино хугацаанд ямар нэг эх үүсвэрээс хаахгүй бол макро үзүүлэлтүүд муудаж, тогтворгүй байдал руу түлхэж, хямрал илүү гүнзгийрнэ. Хамгийн хямд хүүтэй эх үүсвэр гэдэг утгаар бидэнд хэрэгтэй. Дээр нь хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулж, зардал, орлогынхоо реформыг хийх үүрэг хүлээх байх. Үүргээ биелүүлбэл гадна талдаа сайн мессеж өгнө. Энэ мэт давуу талуудыг нь харж шийдвэрээ гаргах болов уу гэж харж байна.

Г.Жаргалмаа

ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР" СОНИН

  • Шинэ
  • Их уншсан