Их говийн тэмээний баяр болно


Говь-Алтай аймгийн Бигэр суманд уламжлалт Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадам энэ сарын 26-27-ны өдрүүдэд 11 дэх удаагаа болох гэж байна.
Монголын үндэсний брэнд таван хошуу малын манлай эрдэнэ-тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчид, тэмээчдийн туршлагыг солилцуулах, тэдний хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод гадаадын зочид, жуулчдын сонирхлыг Говь-Алтай аймгийн тэмээнд суурилсан аялал жуулчлалд татах зорилготой энэхүү баяр Алтайн тэмээчдийн оролцож заншсан, хүсэн хүлээдэг арга хэмжээ билээ.

Хүндэтгэлийн тэмээн жагсаалаар эхэлдэг Их говийн тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээнүүд явагдаж, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулдаг. Үүний зэрэгцээ тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас гадна  тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн ч мөн тэмээний баярын уламжлалт арга хэмжээ юм.     

Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний 5 сумыг шалгаруулан шагнадаг. Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан Шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн Мөнгөн буйл, шилдэг гурван тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг уламжлалтай.


“Их говийн тэмээний баяр-2016”, Говь-Алтайн тэмээчдийн XI их наадмын төрөл, шалгаруулалт
1.    Хурдан атны                         1-20 байр                         
2.    Хурдан торомны уралдаан                                 1-20 байр                         
3.    Шилмэл буур шалгаруулах тэмцээн                  1-5 байр
4.    Шилмэл ингэ шалгаруулах тэмцээн                  1-5 байр
5.    Сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн           1-3 байр
6.    Тэмээчдийн буухиа тэмцээн                              1-3 байр
7.    Тэмээний шилдэг сүүн бүтээгдэхүүн               1-3 байр
8.    Тэмээний шилдэг ноосон бүтээгдэхүүн           1-3 байр
9.    Тэмээний шилдэг ганган хэрэглэл                    1-3 байр
10.    Тэмээ тэмээчин говь нутгийн тухай             
Дууны тэмцээн                          1-3 байр                                   
Бүжиг, хөгжмийн бүтээлийн тэмцээн        1-3 байр         
Ерөөл магтаалын тэмцээн             1-3 байр
11.    Шилдэг зохион байгуулалттай сум             1-5 байр
12.    Шилдгийн шилдэг 1 тэмээчинд хүндэт өргөмжлөл, 10 лангийн Мөнгөн буйл, мөнгөн шагнал
13.    Шилдэг 3 тэмээчинд хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал

  • Шинэ
  • Их уншсан