Ч.Хүрэлбаатар: Хувийн эрх ашгаа хойш нь тавьчихвал эдийн засгийг сэргээхэд их хугацаа шаардахгүй


УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2017 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг Байнгын хороодоор хийлээ. Хэлэлцүүлгийн явцад Засгийн газраас анх оруулж ирснээсээ хэр өөрчлөгдсөн бэ. Бидний мэдэж байгаагаар Хүүхэд харах үйлчилгээний зардлын мөнгийг нэмж тусгахаар болох шиг боллоо?

-2017 оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгаад байна. Үндсэндээ Засгийн газраас ирэх оны төсвийг өргөн барихдаа алдагдлыг ДНБ-ий 9.9 хувь, харин төсвийн алдагдлыг хоёр их наяд 580-аад тэрбум төгрөг байна гэж оруулж ирсэн. Үүнийг Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгийн үед төсвийн алдагдлыг ДНБ-ий нэг хувь болгож буюу 0.8 функтээр сайжруулсан. Өөрөөр хэлбэл, 200 тэрбум төгрөгөөр төсвийн алдагдлыг бууруулж баталлаа. Нөгөөтэйгүүр төсвийн зардал талд нэлээд шинжилгээ хийж үзсэн. Хамгийн ихээр санаа зовоож буй зүйл нь зээлийн хүүд төлж байгаа мөнгөний хэмжээ байна. Тухайлбал, 1.3 их наяд төгрөгийг үүнд зарцуулж байна. Гэтэл Монгол Улс дөрөвхөн жилийн өмнө авсан зээлийнхээ хүүд 32 тэрбум төгрөг төлдөг байсан бол өнөөдөр нэг их наяд 346 тэрбум болж хувирсан. Тиймээс энэ зээлийн хүүгийн зардлыг яаж бурууулах вэ гэдэгт ихээхэн анхаарал хандуулж ажилласан. Ингэснээр зээлийн хүүгийн төлбөрийг 50 орчим тэрбум төгрөгөөр буурууллаа. Мөн шинээр гаргах үнэт цаас, зээллэгийн хэмжээг ч 300-гаад тэрбумаар бууруулж тооцсон. Ер нь эдийн засаг хүндрэлтэй, аж ахуйн нэгж, ард иргэд бүсээ чангалж байгаа үед төр хэмнэлт хийх ёстой гэж үзээд төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу төрийн байгууллагуудыг нэг хувийн хэмнэлт гаргаач гэсэн санал гаргасныг Байнгын хороодоор дэмжлээ.

-Нэг хувийн хэмнэлтээс 30-аад тэрбум төгрөгийн хэмнэлт хийхээр байсан уу?
-Улсын төсвөөс 30-аад тэрбум, орон нутгийн төсвийг оруулаад үзвэл нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийг хэмнэхээр байна.

-Уг нь төсвийн алдагдлыг ДНБ-ий зургаан хувьд оруулах боломж байна гэж Байнгын хорооны хуралдааны үеэр ярьж байсан. Энэ санал юу болсон юм бэ?
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 330 тэрбум төгрөгийг бид өндөр хүүтэй зээлээ хаах, гаргаж байгаа үнэт цаасыг орлуулах зорилгоор ашигласан. Тэгэхээр энэ мөнгийг орлого дээр дахин бүртгэж болохгүй байгаа юм. Учир нь, өмнө нэг удаа орлогод бүртгэчихсэн хөрөнгө учраас. Хэрвээ орлогод энэ мөнгийг нэмчихвэл төсвийн алдагдал 6-7 хувьд буугаад ирэх боломж байсан л даа. Гэхдээ яг бүртгэлийн дүрмээр энэ нь орлого талдаа бүртгэхгүйгээр зардал санхүүжүүлэх хэлбэрээр төсвийн шугамын доорх санхүүжилтээр орж байгаа юм. Ингээд үзэхээр үндсэндээ Монгол Улсаас гарах зардлын хэмжээг нийт 550-гаад тэрбум төгрөгөөр буюу төсвийн тэнцлийг ерөнхий утгаар нь сайжруулсан гэж ойлгож болно.

-Орлогыг ямар байдлаар нэмэгдүүлэхээр ярилцаж байгаа вэ. Ямар ч байсан өмч хувьчлалаас 50-аад тэрбумыг төвлөрүүлэхээр тооцсон байсан?
-Өмч хувьчлалын орлогыг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Бидний мэдэж байгаагаар хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулчихсан учраас тэдний анхаарлыг эргүүлж татах ёстой. Тэгэхээр өмч хувьчлалыг үргэлжлүүлж хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Дээр нь төрийн өмчит аж ахуйн нэгж болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. Ингэхдээ аж ахуйн нэгжүүдийг биш гаргаж өгсөн тайлан дээр нь ажиллалаа. Ингээд үзэхээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орон тоо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 5000 гаруй хүнээр нэмэгдсэн байна. Орон тоо нэмэгдэхийн хэрээр ашигт үйл ажиллагаа нь нэмэгдэх байтал төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр 3.5 их наяд байснаа 10.5 их наяд болж, гурав дахин өссөн байх жишээтэй. Эдгээр аж ахуйн нэгж нийт 180-аад тэрбум төгрөгийн ашигтай байсан бол одоо 11 тэрбумын алдагдалтай гараад байна. Тэгэхээр төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сайжруулъя, улсын төсөвт төвлөрүүлдэг ашгийнх нь хэмжээг нэмэгдүүлье гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Ер нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн улсын төсөвт төлдөг ашгийн хэмжээг 10 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсөвт суулгалаа.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас хаана хаанаа хэмнэлт хийе гэж байна. Гэтэл зарим сайдын багц нэмэгдсэн харагдаад байсан. Тухайлбал, ХНХЯ-ных бараг нэг их наядаар нэмэгдсэн нь ямар учиртай юм бэ?
-Бид энэ талаар нэлээд тогтож ярилцсан. Тухайлбал, ХНХЯ-ны тухайд хоёр яамыг нэгтгэсэн учраас зардал нь нэмэгдсэн харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Г.Баярсайхан, С.Эрдэнэ гээд хоёр сайд тусдаа яамтай байсныг нийлүүлж нэг яам болгосон шүү дээ. Түүнээс 2017 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт ерөөсөө тусгаагүй. Дээрээс нь төсвийн ерөнхийлөн захирагч нарыг нэг хувийн хэмнэлт гарга гэдэг чиглэлийг өгч байна.

-Төрийн өмчит компаниудын хувьчлалыг үндэслэлгүй явуулж байна. Тухайлбал, “Монгол шуудан” компани 10 тэрбумын ашигтай ажиллаж байгаа атал 20 тэрбумаар хувьчлах гэж байгаа нь буруу гэх шүүмжлэл өрнөж байна. Үүнд та ямар тайлбар өгөх бол?
-Энэ худлаа мэдээлэл. “Монгол шуудан” компани бага зэргийн ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ алдагдалтай болгоныг хувьчилна гэсэн үг биш. Энд нэг зүйлийг хэлэхэд, хэн нэг нь төрийн өмчит компанийн захирал болж болно, гэхдээ хувийнхаа компанид очиж байгаа мэт ханддаг байдлыг зогсоох ёстой гэж үзэж байгаа. 2012-2016 онд төрийн өмчийг хувьчилж, бүтцийн өөрчлөлт хийнэ гэж 20-оод обьектыг жагсаасан ч үндсэндээ нэгээс бусдыг нь хэрэгжүүлж чадаагүй. Энэ юуг харуулж байна гэхээр төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид хийсэн шалгалтын дүнг харуулах ёстой юм. Баахан өр үүсгэдэг, дараа нь дарга нь ажлаа өгөөд явчихдаг. Тэр өрийг нь эргээд яах вэ гэдэг асуудал үүсдэг. Тиймээс хэвлэлээр кампанит ажил явуулдаг, феодал болж хувиргадаг ажиллагааг бага явуулаасай гэж хүсч байна. Эцэстээ энэ чинь Монгол Улсын хөгжлийн асуудал шүү дээ. Төр өмчдөө эзэн байх ёстой болохоос шинэ захирлын хувийн асуудлыг шийдэх газар биш. 20 тэрбум бол зөвхөн дуудах үнэ юм. Борлуулах процессыг нээлттэй явуулах учраас бүх зүйл нээлттэй өрнөнө. Хэн нэг хүн төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирал болохоороо тэнд хаан, ноён, феодал болох гэж оролдоод байдгийн жишээ л энд өрнөөд байгаа юм.

-Олон улсын валютын сангийн төлөөлөл манай улсад ирж ажиллаад буцлаа. Эхний байдлаар ямар шаардлага тавьсан бэ, хэлэлцээр ямар шатандаа байна вэ?
-Олон улсын валютын сангийнхантай бид өмнө нь хамтарч байсан. Хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр маань ч амжилттай хэрэгжиж байсан удаатай. 2008-2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын үед Монгол Улс Олон улсын валютын сантай хамтарч ажилласан. Нэгдүгээрт, үүний дүнд, хоёрдугаарт манайх бодлогоо зөв хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгийн өсөлтийг 2010-2012 онд 12-оос дээш хувиар өсгөж чадсан шүү дээ. Зарим хүний байр суурийг харахаар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг муу гэж яриад байгаа юм. Гэтэл ярьж байгааг нь сонсохоор үнэндээ Валютын сан гэдэг байгууллагаа муухан мэдэж байна уу гэж харагдаад байгаа юм. Өмнө нь хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн талаар ойлголтгүй шахуу байж шүүмжлээд байгаа зүйл ажиглагдсан. Тэгэхээр Олон улсын валютын сан бол дайсан биш гэдгийг хэлье. Тиймээс ч энэ сантай хамтарч ажиллах эрмэлзлэл УИХ, Засгийн газарт байгаа гэж найдаж байна. Энэ сантай хамтарвал эдийн засаг дахь үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулна, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ. Ийм үүднээс л бид хандаж байна. Олон улсын валютын сан бол манай эдийн засгийг муутгах гэж орж ирэхгүй нь ойлгомжтой. Ямар ч байсан гэрээ хэлцэл үргэлжилж байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар бол эхний ээлжид манай улс хэчнээн төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар байгаа юм бэ?
-Хоёр төрлийн хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Нэг нь “Стэнд бай” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлдэг. Нөгөөх нь арван жилийн хугацааны хөтөлбөр. Манайх “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүллээ гэхэд хоёр төрлийн санхүүжилт авна. Эхнийх нь Олон улсын валютын сангаас Монгол Улсад төлбөрийн тэнцлийг тогтвортой байлгаж, валютын ханшийн огцом хөдөлгөөний эрсдэлээс хамгаалах санхүүжилт орж ирэх юм. Хөтөлбөр зурагдлаа бол маргааш нь Монголбанкинд шууд мөнгө нь байрших юм. Энэ нь 400-500 сая ам.доллар байна. Үүнээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк болон хамтрагч орнуудын зээл зэргийг оруулаад тооцвол 1.5-2 тэрбум ам.долларын зээл авах боломжтой байна. Эдгээр зээл хүү багатай, хөнгөлөлттэй байх юм.

-Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг өргөн барьснаар УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байна. Хямралын үеийн төлөвлөгөө гэхэд хангалтгүй, эдийн засгийн нарийвчилсан тооцоолол муутай, хэт түүхий шинжтэй гэх шүүмжлэл өрнөөд байна. Та Байнгын хорооны даргын хувьд энэ хөтөлбөрийг хэр сайн боловсруулсан гэж үзэж байна вэ?
-Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөний хүрээнд том төслүүдээ хөдөлгөе гэдэг зарчмыг хатуу суулгасан байна лээ. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Харин нэг зүйл дээр илүү анхаарал тавих ёстой. Энэ нь хувийн хэвшлийг хэрхэн дэмжих юм бэ гэдэг асуудал. Энд тэндээс зээл авч, цахилгаан станцуудыг өргөтгөнө гээд байгаа. Гэтэл энэ ажлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө хийчих бүрэн боломжтой. Хувийн хэвшил өөрөө хийх боломжтой байтал төр өмнөөс нь зээл авч, улсын өрийг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэх гээд байгаа нь буруу гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, зээл биш хөрөнгө оруулалтыг бүх талаас нь дэмжсэн хөтөлбөр байвал хэрэгжинэ. Түүнээс биш ихээхэн хэмжээний зээл авч асуудлыг шийдэх гэсэн оролдлого нь үр дүнд хүрэхгүй. Хямралыг давах хөтөлбөрийн гол амин сүнс нь хөрөнгө оруулалтыг дэмжих тухай байгаасай гэж хүсч байна.

-Хямралаас гарах төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийг 1.8 жилийн хугацаанд тогтворжуулна гэж тооцож байгаа юм билээ. Энэ нь таныхаар хэр боломжтой хугацаа вэ?
-Хямралаас гарах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарах үр дүн нь эрт тусмаа сайн. Хэрэв болдог бол жилийн дотор үр дүнг нь гаргачих юмсан гэж бодож байгаа. Ажлаа сайн зохион байгуулаад явчихвал болох ажил. Гэхдээ жижиг эрх ашгуудаа, найз нөхдөө хамгаалахгүй том эрх ашиг буюу улс орныхоо байдлыг бодчихвол хямралаас богино хугацаанд гарах боломжтой. Найз нөхдийнхөө эрх ашгийг хамгаалаад асуудалд хааны сэтгэлгээгээр хандаад байвал хямралаас гарах хугацаа уртасна. Нөгөө талаар зээлд анхаарал хандуулаад байвал эргээд эдийн засагт дарамт болно. Энэ сэтгэлгээг өөрчлөөд хувийн хэвшлээ дэмжээд хөрөнгө оруулалт татчихвал эдийн засгийг сэргээхэд их хугацаа шаардахгүй.
 М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан