Д.Цоодол: Эхийн захиас


Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал бууна
Өглөө ниссэн үүрэндээ эргэж ирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав,
Миний хүү.
Хадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө,
Миний хүү.
Тансаг алтайн нуруунд үүл үдлэн нүүдэг
Тайгын цохионы оройд бүргэд үүрээ засдаг
Талын цагаан дэрсэн дээр эрвээхэй амран нисдэг
Таарах л нэгэн тусаа өрөөлд бас хүргэ,
Миний хүү.
Хүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ,
Миний хүү.
Уулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торинох яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү,
Миний хүү.
Өвс цэцэгтэй энэ их орчлон дээр
Өвс халгай бас бий үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тасдаж хаяхдаа
Хажуугын нь өвсийг бүү зулгаа,
Миний хүү.
Алдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ,
Миний хүү.
Уулын буга эврээ тоосонд үл хүргэнэ
Урсгал мөрөн мандалдаа буртаг үл тогтооно
Нэр чинь чамдаа бугын эвэр, мөрний мандал
Нэг насаараа чи ариухан хадгал,
Миний хүү.
Өчүүхэн цонхны гэрлийг чамлах нь юун
Өөрийн жаалхан ертөнцдөө нар нь ч байдаг юм билүү
Өлгий талынхаа горхийг басах юун
Өргөн далай түүгээр дутдаг ч юм билүү,
Миний хүү.
Аав, ээж нь даваагүй даваа олон даваарай
Амжиж уулзан золгоогүй хүн олон, уулзаарай
Ээлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юм
Ээж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа,
Миний хүү.
Өөд нь шидсэн чулуу эргэж заавал унана
Өөрийг чинь, эсвэл дайсныг чинь ононо
Хэрвээ чи гох дарсан бол сум гарна
Хэний нь ч гэж буу үл ялгана,
Миний хүү.
Наадмын түрүүч ажнайг цолыг нь дуудаж ахуйд
Настай эх нь бэлчээрт цангаж явах вий харж яваарай
Улаахан жимсний амтыг матгах мөртлөө нэг нь
Ургасан модны нь мөчрийг хугачиж байх вий мэдэж яваарай,
Миний хүү.
Усан махбодь зөөлхөн, ээж нь мэднэ
Уулын чулуу хатуу, бас мэднэ
Хатуу гээд чулуу усаа элээдэггүй нь сонин
Харин усны өмнө чулуу тэсдэггүй нь үнэн,
Миний хүү.
Зуун горхи далайг зорин урсаа
Зууртаа зарим нь эцээд үүлэнд очиж нийлээ
Үлэмжийн далайд хүрсэн нь илүү биш ээ
Үүл харин далай, горхи хоёуланг нь тэтгээ,
Миний хүү.
Хол замд уул таарна, бүү сүрд
Хонь хучсан толгод таарна, бүү бард
Тэгш талын уул ч гэж байх
Тэнгэрт тогтсон толгод ч гэж байх,
Миний хүү.
Урих салхи л байгаасай яваад байна даа гэж үүл хэлжээ
Уруу газар л байгаасай яваад байна даа гэж ус хэлжээ
Хоёр далавч минь л байгаасай яваад байна даа гэж шонхор хэлжээ
Хотол нөхөд минь л байгаасай яваад байна даа гэж хүн хэлжээ,
Миний хүү.
Халуун сэтгэлээс чамд цэцэг баривал
Хариуд нь чи бас цэцэг барь
Цэцгийн хариуд цэцэг эс барьвал
Цэнэгтэй буунаас сум чам руу ирнэ,
Миний хүү.
Өдтэй юм шиг хурд ижил дундаа торойно
Өндгөн цагаан сар одод дундаа тормойно
Өнгө ялдам цэцэгс өвсөн дундаа найгана
Өнөр түмний дундаас хүчээ чи олно,
Миний хүү.
Хөвсийх үүл хувирамхай нүүгээд одох нь хялбархан
Хөндийн цэцэгс хувьсамхай, гандаад унах нь амархан
Үүл нүүж, цэцэг хагдравч тэнгэр, газар үлдэнэ
Үнэн гэдэг угтаа ийм л юм шүү дээ,
Миний хүү.
Гариг дэлхийг ивээдэг нараан байг
Гал залгуулаад унтардаг ширхэгхэн шүдэнз яв
Ган халууныг тайлдаг хураан байг
Гачигдахад аминд ордог дусалхан ус яв,
Миний хүү.
Аадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэ
Аянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ
Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэ
Алийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэ,
Миний хүү.
Тоонооор гарсан утаа биш чи
Толгой буурал ээждээ эргэн эргэн ир
Тотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий
Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай,
Миний хүү.
Тавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай
Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай
Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай
Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтай,
Миний хүү.
Арын бууцны чулуу хүүдээ өгье
Аян холдоо хаяузай, богцондоо авч яв
Аавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захья
Алтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч яв,
Миний хүү.
Чамд ярьсан үлгэр минь одноос олон болсон
Чагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөн
Үлгэрээс олон шүлэг хүү минь чи зохио
Үй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнө,
Миний хүү.

  • Шинэ
  • Их уншсан