Оюун ухааны баг тамирчид 15 медаль хүртлээ


АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо энэ сарын 7-11-нд болж байгаа оюун ухааны олимпийн наадмаас манай баг тамирчид өнөөдрийн байдлаар 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл медаль, нийт 15 медаль хүртээд байна.

Тус тэмцээний хоёр дахь өдөр "Binary digits" буюу "Хоёртын тоолол" төрлийн дүнг гаргахад Их мастер Б.Шижир-Эрдэнэ /16 нас/ 4770 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг шинэчилж, алтан медаль хүртлээ. 2012 онд энэ төрөлд Германы тамирчин, ОУИМ Ёханнес Маллов  4065 цифр алдаагүй санаснаар олимпийн дээд амжилтыг тогтоосныг ийнхүү манай тамирчин шинэчилсэн байна. Мөн уг төрөлд Азийн мастер З.Цэцэгзул /16 нас/ 4545 цифр алдаагүй санаж мөнгөн медалийн эзэн боллоо.
Тус тэмцээнд 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна. “Memoriad-2016″ оюуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академ /МОУА/-ийн багш, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Б.Баасандорж болон ОУИМ С.Цогбадрах /24 настай, 2012 оны олимпийн рекорд эзэмшигч/, ОУИМ Э.Энхмөнх /18 настай, 2014 оны өсвөрийн дэлхийн аварга/, ОУИМ Э.Пүрэвжав /17 настай, 2015 оны өсвөрийн дэлхийн аварга/, ОУИМ Б.Шижир-Эрдэнэ /16 настай, Америкийн нээлттэй тэмцээний аварга/, ОУМ Т.Энхжин /18 настай, Тайванийн нээлттэй тэмцээний аварга/, Азийн мастер З.Цэцэгзул /16 настай, дэлхийн рекорд эзэмшигч/, ОУМ Б.Ариунсанаа /14 настай, Дэлхийн өсвөрийн аваргын хүрэл медальт/, Н.Намуундарь (12 настай, Дэлхийн бага насны рекорд эзэмшигч/, М.Тамир /12 настай, Тайваний нээлттэй тэмцээний бага насны ангилалд аварга/, Б.Бат-Эрдэнэ /12 настай, Б.Хангал (11 нас) /хоёул Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/, Б.Биндэръяа, Д.Гэрэлт-Од /хоёул 8 настай/, Б.Энхлүүн /7 настай/ нарын бүрэлдэхүүнтэй 16 хүн оролцож байна.

Дашрамд сонирхуулахад, МОУА-ийн тамирчид энэ удаагийн тэмцээнээс өмнө олон улсын 39 тэмцээнд оролцож 524 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байгаа юм. Манай баг тамирчдыг “Оюуны Ундраа” группийн хамт олон энэ тэмцээнд ивээн тэтгэн дэмжсэн байна.

  • Шинэ
  • Их уншсан