Б.Чойжилсүрэн: Хүүгийн дарамтыг багасгахын тулд дахин зээл авахаас аргагүй


УИХ-аар 2017 оны төсвийг баталсантай холбогдуулан Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-2017 оны төсвийн онцлогийн талаар та мэдээлэл өгнө үү. УИХ ямархуу бүтэцтэй төсвийг батлав?

-УИХ-аас эцэслэн баталсан тоогоор төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг зургаан их наяд 160.2 тэрбум төгрөг байхаар баталсан. 2016 оны тухайд нэгдсэн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл таван их наяд 400 орчим тэрбум төгрөг байгаа. Ирэх жилд эдийн засгийн өсөлтийг гурван хувиар, нэгдсэн төсвийн орлогыг энэ жилтэй харьцуулахад 700 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Зарлагын хувьд найман их наяд 568.2 тэрбум төгрөгөөр баталсан бол нэгдсэн төсвийн алдагдал 2.5 их наяд байхаар төсвийг баталлаа. Мөн 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьтай байгаа. Харин 2017 онд энэ тоог гурван хувьд хүргэх бодлого барьж байна. Үүний тулд Засгийн газар энэ өвөлдөө амжаад хэд хэдэн том төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Тухайлбал, Тавантолгой төслийн төмөр замтай хамт Тавантолгойн цахилгаан станцын төслийг явуулахаар бэлтгэж байна. Түүнчлэн “ТЭЦ-III”-ын хүчин чадлыг 250 мВт-аар нэмэгдүүлэх төслийг эрчимжүүлэхээр болсон. Төсвийн зарлагын тухайд бүх байгууллага хэмнэлтийн горимд ажиллахаас өөр аргагүй болоод байна. УИХ-д өргөн барьсан хуулийн төслөөр төсвийн урсгал зардлыг дахин нэг хувиар бууруулахаар баталсан. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерүүд тогтоосон орон тоондоо тохируулаад  үйл ажиллагаагаа явуулах эрхийг олгосон.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын зээлийн санг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр боллоо.
Уг ажилд зарцуулахаар 104.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Мөн төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой заалтыг өмнөх зохицуулалтаар нь сэргээж, 36 сар хүртэлх гэж хэвээр үлдээсэн.

-Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом өсч байна. энэ асуудлаар Монголбанктай ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгөөд биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өгсөн гэж ойлгосон. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Засгийн газар Монголбанкинд үүрэг өгөх эрхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тийм учраас Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажилладаг. Валютын ханш сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдсэн. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглан, хяналт тавьж байна. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орж ирэх валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд долоон их наяд 954 орчим тэрбум төгрөгийг зах зээл рүү нийлүүлсэн. Энэ нь валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Дээрх эрэлтийг хангахын тулд Монголбанк валютынхаа нөөцийг шавхсан. Шинэ Засгийн газар валютын урсгалыг дотогш нь болгох асуудлыг гадаадын санхүүгийн байгууллагуудтай ярьж байна. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны эхээр жаахан буурах байх. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор одоо хэлэх боломж алга. Ойрын хугацаанд энэ талаар эргэж мэдээлнэ. Бодит гарц бол Монгол Улс руу орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

-Валютын ханшийг тогтворжуулж, эдийн засгийг сэргээхийн тулд гаднаас хөрөнгө босгохоос аргагүй болчихоод байгааг хүн бүхэн хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар манайх хэдэн улсаас хэр хэмжээний зээл хүсээд байна вэ?
-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. Хугацааны хувьд 20 жилээс доошгүй, хоёр хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироог эцэслэн хийгээгүй байна. Хэрэв зээл авбал зээлээ л төлнө. Тодруулбал, манай авсан нийт зээл жилийн 10.8 хувийн хүүтэй. Тиймээс өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын төвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1.3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо хоёр их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас гарахын тулд ийм зохицуулалт хийхээр болоод байна. Ямар ч байсан Хөрөнгийн зах зээлд бонд босгох ажлыг эхлүүллээ. Хэлэлцээр ид дундаа явж байна. Энэ сард юм уу, ирэх сардаа асуудал тодорхой болох байх. Мөн урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлээч гэдэг санал тавьсан. Арваннэгдүгээр сарын 29-нд БНХАУ-ын талтай эхний хэлэлцээрийг хийнэ. Энэ ажлын хүрээнд хамтран ажиллах зөвлөл Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг ч мөн байгуулсан. Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болно. Тиймээс цагаан сараас өмнө амжаад хэд хэдэн зоригтой шийдвэр гаргаж таарах байх.

-Ирэх оны төсөвт ам.долларыг хэдэн төгрөгөөр тусгасан бэ?
-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа 2016 оны есдүгээр сарын 30-ны ханшаар бодож оруулж ирсэн. Харин УИХ төсөв батлахдаа тэр өдрийн ханшаар тооцож батлахаар тусгасан. Тиймээс нэг ам.долларыг ойролцоогоор 2400 орчим төгрөгөөр тооцож баталсан.

-Төсвийн алдагдлыг 2.5 их наядаар тооцсон нь өндөр үзүүлэлт юм биш үү. Ер нь манай улс хэзээнээс төсвөө алдагдалтай баталдаг болчихсон юм бэ. Алдагдлыг цаашдаа ямар байдлаар нөхөхөөр тооцож байна вэ?
-Төсвийн алдагдлыг 2.5 их наядаар баталсан нь яах аргагүй өндөр хувь мөн. Энэ жил төсвийн хүрээний мэдэгдэл 9.9 хувь байх ёстой. Ирэх жил долоо, 2019 онд 5.5 хувьд хүргэж 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавиад ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулбал ДНБ-ий өсөлтөд огцом нөлөөлнө. Тиймээс огцом буулгах бололцоогүй байна. Хэрвээ буулгавал төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр аргагүй. Бусад зардлын хувьд шавхагдаад дуусч байгаа шүү дээ.

-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал 2017 оны төсөвт тодотгол хийж таарах нь ээ?
-Валютын сангаас манай улс хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Тэдний төлөөлөгчид манайд ирээд Монголбанк, Сангийн яамны бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан. Бид ч мөн судалгаагаа хийнэ. Хэрвээ өөдрөгөөр төсөөлбөл 2017 оны нэгдүгээр сар гэхэд Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх нь тодорхой болно. Үүний наана хэлэлцээрийг эцэслэвэл төсөвт тодотгол хийхийг үгүйсгэхгүй. Ингэж байж эдийн засгийн нөхцөл байдал, бүтцээ өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол манай эдийн засагт хэрэглээ нь давамгайлсан мөртлөө нэмүү өртөг бүтээх салбар нь сайнгүй байна.

-Эрх баригчид урсгал зардлаа аль болох бууруулж, хэмнэлт хийхийг хичээсэн төсөв боллоо гэж байгаа. Гэтэл сөрөг хүчний гишүүдийн зүгээс төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 70 тэрбумаар нэмэгдүүлсэн гэж мэдээлж байна. Энэ талаар тайлбар хийнэ үү?
-Өнгөн талаасаа тэгж харагдах нь аргагүй. Гэхдээ АН-ын гишүүд жаахан хариуцлагагүй шүүмжлээд байгаа. Өөрөөр хэлбэл, 2016 оны зээлийн хүүгийн төлбөрт нэг их наяд 41 тэрбум төгрөгийг зарж байна. Гэтэл энэ зээлийн хүүгийн дарамт ирэх жилүүдэд дахиад томроод явна. 2017 оны төсөвт нэг их наяд 380 тэрбум орчим төгрөг байхаар хүүгийн зардлыг тусгасан. УИХ дээр Тогтворжуулалтын санг ашиглахаас шалтгаалаад зээлийн хүүгийн зардлыг 40 тэрбумаар бууруулж байгаа. Өрийн үйлчилгээ болон зээлийн хүүгийн зардал 300 тэрбум төгрөгөөр нэмэгдчихээр бид төсөвт байгууллага дахь бусад зардлыг 120 тэрбум төгрөгөөр буулгах шаардлага гарч байгаа юм. Урсгал зардал дотор зээлийн хүүгийн төлбөр багтаж байгааг сөрөг хүчнийхэн уг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

-Төсвийн алдагдлыг 9.9 хувиар оруулж ирээд 9.1 хувь болгон баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?
-Орлогоо нэмсэн. Засгийн газраас Тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Тухайлбал, “Монгол шуудан” компанийг 20 тэрбум, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчлахаар төсөвт тусгалаа.

-Дотоод өр хэдэн төгрөгөөр хэмжигдэж байна вэ?
-Ирэх жилийн төгсгөлд дотоод өрийн хэмжээ 4.6 их наяд төгрөгтэй тэнцэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарсан.

-“Оюутолгой” компаниас нэмэлт рояалти авна гэж Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа мэдэгдэж байсан. Гэвч одоо байгаа татварын хуулиар Монгол Улс “Оюутолгой” компанийн эзэмшлийн 34 хувиас татгалзсан тохиолдолд нэмэлт рояалти авах боломж бүрдэх юм билээ. Энэ асуудалд анхаарал хандуулж байгаа юу?
-2009 онд “Оюутолгой” компанитай гэрээ байгуулахдаа тухайн үеийн татвартай холбоотой хуулийн заалтыг баталгаажуулаад, олон улсын заалтаар баталчихсан юм байна лээ. Иймд Засгийн газрын зүгээс “Оюутолгой” компанийн Монгол дахь үр ашгийг нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж байгаа. Гэхдээ 2009 онд хийсэн гэрээг хөндөхгүй гэж тусгасан учраас тодорхой хэмжээний бэрхшээл бий. Тиймээс энэ талаар тухайн үед нь эргэж мэдээлнэ.

-Өмч хувьчлалын хүрээнд хэчнээн обьектыг хэдэн төгрөгөөр хувьчлахаар болсон бэ?
-Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь “Төрийн банк” 75, Хөрөнгийн бирж 20, “Оргил” рашаан сувилал долоо, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчлахаар Засгийн газраас оруулж ирсэн. УИХ-аар төсөв батлах үед хоёр обьект нэмснээр өмч хувьчлалаас нийт 50 тэрбумын орлого төвлөрүүлнэ гэж тооцсон.

-УИХ-ын чуулганаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хуулийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуудлыг ярьж байх шиг байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ?
-“Цалинтай ээж” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газар хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөвт тодотгол хийвэл энэ хөтөлбөрийн санхүүжилтийг шийдэх байх.

М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан