Д.Трампын ялалт дэлхийг гайхшруулж, төгрөгийг ам.доллар "дарамталсан" өдрүүд байлаа


Өвлийн тэргүүн сарын шинийн хоёр дахь буюу өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын маань улс төр, эдийн засгийн амьдралд онцлууштай үйл явдал цөөнгүй өрнөж, дэлхий дахинд ч сонирхолтой зүйл багагүй боллоо. Юуны өмнө манай улсын дотоод эдийн засаг, санхүүгийн гол салбар уул уурхайгаар “амьсгалсан” өдрүүд байсан гэхэд хилсдэхгүй. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдсон хүмүүс үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нь танилцаж, үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Тухайлбал, Монголын уул уурхайн салбарыг олон жил судалсан “оношлогч эмч” Да.Ганболд, “1970-аад оны үед 30-40 жил ашиглах нөөцтэй гэж тодорхойлж байсан тус үйлдвэр нэмэлт эрэл хайгуул хийсний үр дүнд дахин төдий хэмжээний нөөцтэйг тогтоосон нь сайн хэрэг” гэж сайшаасан юм. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын төрийн өмчит “Ростех” компани үүнийгээ Худалдаа хөгжлийн банкинд худалдахдаа Засгийн газрын 500 сая ам.долларын бондоор дамжуулан “барьцаа”-нд оруулсан эсэх асуудлыг нягтлан шалгаж, УИХ болон Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх юм байна.
Өнгөрсөн есдүгээр сараас дуулиан тарьсан энэ асуудлыг шалгаж танилцуулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулсны дээр ТУЗ-ийг шинээр сонгосон билээ. Ажлын хэсэг энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны дотор “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар санал дүгнэлтээ гаргаж, парламентаар хэлэлцүүлнэ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд Лондоны металлын бирж дээрх зэсийн үнэ ханш 600 ам.доллараар нэмэгдсэн гэх мэдээлэл чих мялаалаа. Үүний үр дүнд Монголын зэсийн нэг тоннын үнэ 5635 ам.доллар болжээ. Энэ нь эрдэс баялгийн экспортын цөөхөн бүтээгдэхүүнтэй бидний хувьд тун таатай мэдээ юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 4700 ам.долларт “царцаад” байсан энэ үнэ ханш хөдөлж /гэхдээ дээшээ гэдэг нь сайн хэрэг/ эхэлсэн байна.
Манай соёл урлаг, спортын байгууллагын хувьд баяртай сайхан өдрүүд тохиолоо. Учир нь, Монголын орчин цагийн театр, дэлгэцийн урлагийн үндэс суурийг тавьсан Улсын драмын эрдмийн театр /УДЭТ/ 85 жилийн түүхт ойгоо тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнагдлаа. Энэ нь тус театрынхны хүртсэн Төрийн хоёр дахь дээд шагнал бөгөөд өмнө нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Шинэ үеийн утга зохиолын нэрт зүтгэлтнүүдийн нэг С.Буяннэмэхийн “Хүмүүн” жүжгээр тайзны нээлтээ хийж байсан тус театр энэ хугацаанд гадаад, дотоодын сонгодог болон үндэсний 500 гаруй бүтээлийг үзэгч олондоо толилуулсан байдаг. Тус театраас Улсын цирк, Хүүхэлдэйн болон хүүхдийн театр, Дуурь бүжгийн эрдмийн болон хэд хэдэн аймгийн театр, чуулга, хошин урлагийн продакшнууд “өрх тусгаарласан” байна. Тэдний дотроос төрсөн олон арван Ардын болон гавьяат жүжигчдийн төлөөлөл өнөөдөр ч уран бүтээлээ туурвисаар яваа билээ. Монголын шинэ үеийн ууган театраас төрөн гарсан найруулагч, жүжигчид болон тайз, дэлгэцийн алдартнуудыг тоочиж дурсч баршгүй юм. Тус хамт олон хамгийн сүүлд Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан түүний амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” драмын жүжгийг найруулан тоглож байна.
Мөн манай шинэ үеийн спортын ууган байгууллагын нэг “Алдар” спорт хороо 034 дүгээр анги хэмээх хуучин нэршлээ эргүүлэн авч, ангийн тугаа сар гаруйхны өмнө хүлээн авч байсан бол өнгөрсөн долоо хоногт “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор мялаалгалаа. Тус ангийн захирагч, хурандаа Г.Өсөхбаяр хэлэхдээ, “Бид цэрэг дайчдад бие бялдрын хүмүүжил олгоход анхаараад зогсохгүй өөрийн тамирчдыг их спортод амжилт үзүүлэхэд нь бүх талаар тусалж дэмждэг” гэлээ.
УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг ямартай ч хуулийн хугацаанд нь баталлаа. Гэхдээ төсвийн орлогыг 6.1 их наяд, зарлагыг 8.5 их наяд төгрөг байхаар тооцож, 2.4 их наядын алдагдал хүлээхээр баталсан нь ДНБ-ий 9.1 хувьтай тэнцэж байна. Эдийн засгийн өсөлтийг 3.0 хувь байхаар төсөөлсөн нь мөн л уул уурхайн томоохон төсөл хөтөлбөрүүдтэй холбогджээ. Улмаар 2020 оноос л төсвийн алдагдалгүй улсын төсөл баталж магадгүй гэх горьдлогыг тээж буйгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлж байна. Үүнтэй зэрэгцээд ам.долларын ханш 2800 төгрөгт хүрсэн нь долоо хоногийн нэг дуулиан байлаа. Ганцхан өдрийн дотор 300 гаруй төгрөгөөр ам.долларын ханш өссөнөөр арилжааны банкууд валютын гүйлгээгээ зогсооход хүрсэн байна. Төвбанкны валютын нөөц 1.4 тэрбум ам.долларт эргэлдэж байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хэтэрхий бага байгаа гэсэн үг. Ам.долларын ханш ийнхүү огцом өссөнийг Монголбанкны зүгээс түр зуурын огцом хөөсрөлт гэж тайлбарлаж байсан. Гэвч үүнийг эрх мэдэл, хөрөнгө бүхий хүмүүсийн мөнгө угаах зохион байгуулалттай арга гэх юмуу валютын ченжүүдийн бохир бизнесийн илрэл гэж тайлбарлах хүн ч байна. Ямартай ч энэ явдал нь манай гадаад валютын зах зээл эмзэг, ядуу байгааг харуулах шиг боллоо.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян ОХУ-д айлчлахдаа Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж, хоёр орныг холбосон шинэ төмөр зам байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл анхаарал татаж байна. Уг нь энэ салбарт хамтран ажилладгийн хувьд Орос, Монгол Улс төмөр замын дэд бүтцээ сайжруулахаар 250 сая ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурж, тус бүр 125 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байдаг. Энэ нь Д.Медведевийг Ерөнхийлөгч байх үед болсон явдал болохоор ОХУ-ын одоогийн Ерөнхий сайд нь үүнийг мэдэхгүй байх юмуу мартах учиргүй. Тэгээд ч тухайн үедээ Ази, Европыг холбосон төмөр замын гол хонгил нь Монгол Улс, “УБТЗ” байх юм гэж ойлгож байлаа. 2015 онд энэ коридороор 24 сая тонн ачаа тээвэрлэсний дээр 2018 онд 34 сая, цаашлаад 70 сая гаруй тоннд хүргэнэ гэж төлөвлөж байлаа. Монголын төмөр замын төслийн удирдагч Л.Пүрэвбаатарын хэлж байгаагаар,Орос болон Хятад манайхыг тойрч давхиад байх бололцоогүй бололтой юм. Учир нь, 2014 онд байгуулсан ОХУ, Монгол Улсын төмөр замын стратегийн түншлэлийн баримт бичиг байдаг юм байна. Түүнд хамтарсан төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх, сайжруулах 20 гаруй асуудал тусгагдсан гэнэ. Үүний дагуу ажиллаж, элдэв авир гаргалгүй Ази, Европыг холбосон төмөр замын коридороо авч үлдэх нь манайд ашигтай гэж эдийн засагчид анхааруулан зөвлөж байна.
Өнгөрсөн долоо хоногийн олон улсын онцлох үйл явдал нь яах аргагүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан өдөр байлаа. Үүнийг нийгэм, улс төрийн амьдралд гайхалтай явдал гэж тодорхойлж байгаа бол байгалийн шинжлэх ухаан, түүний дотор геометр, математикийн салбарт ч тооцоолшгүй үйлдэл боллоо гэж дэлхийн олон нийт үзэж байгаа юм. Энэ нь түүний өрсөлдөгч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон сонгуулийн өмнөх сунгаанд илт илүүрхэж, гурван удаагийн халз мэтгэлцээнд бүгдэд нь ялалт байгуулж байсантай холбоотой. Бас АНУ-ын нийт иргэдийн гуравны нэг нь Латин Америкийн гаралтай иргэд байдаг атал нэр дэвшигч Д.Трамп “Мексикээс ирсэн хүмүүсийн олонх нь хар тамхичин, дээрэмчид” гэж нэгэнтээ мэдэгдсэн нь тэдний дургүйцлийг илт хүргэж, жагсаал цуглаан ч зохион байгуулж байсан билээ. Одоо ч ийм жагсаал цуглаан Америкийн зарим хотод өрнөж байгаа ч барилгын магнат Д.Трамп нэгэнт Ерөнхийлөгч болох мандатаа халаасалсан болохоор үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, цагаачлалын асуудлаар хатуу чиг шугам баримталдаг Дональд Трамп гарч ирснээр манай хоёр орны дипломат, “гуравдагч хөрш”-ийн харилцаанд өөрчлөлт гарахгүй ч тэнд амьдарч буй монголчуудын хувьд байдал эвгүйтэж магадгүй гэж улс төрийн шинжээчид үзэж байна.

М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан