Б.Энхмөнх: АН-ын их хуралд залуучуудыг 30-аас доошгүй хувьтай оруулах шаардлагатай


Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо их чуулганаа хийж шинэ удирдлагын багаа сонгосон юм. Энэхүү чуулганаар Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон  сэтгүүлч Б.Энхмөнхтэй уулзаж тус холбооны цаашдын ажлын зорилго зорилт болоод ирэх сард хуралдах АН-ын Их хурлын талаар байр суурийг нь сонссон юм.
-Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны их чуулган жаахан сүр бараагүй, нам гүм болоод өнгөрөв үү дээ?

-Та тэгэж бодож байгаа юм байна. Энэ бол таны бодол. Манай намын зарим фракцийн залуус ч гэсэн яг таны хэлсэн шиг нам гүм болгоод хэн нэгэнд энэ холбооны тамгыг гардуулаад өгчихье гэж бодсон юм шиг байна лээ. Гэтэл чуулганд оролцсон залуусын дийлэнх нь тэдний бодлыг эвдчих шиг болсон. Манай холбооны өмнөх удирдлага болох Б.Баттүвшин ерөнхийлөгчийн баг 2014 оноос хойш өдийг хүртэл ажилласан. Бас нэг талдаа энэ холбооны үйл ажиллагаа, цар хүрээг тэлж ажиллаж чадаагүй. Мөн өнгөрсөн хоёр шатны сонгуульд нам ялагдсан учраас хариуцлагаа хүлээгээд ажлаа өгөх нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Энэ хандлага, ийм улс төрийн соёл цаашдаа манай намд тогтох ёстой.
-Ийм хэв маяг тогтох амаргүй л болов уу?
-Ер нь хариуцлага алдсан эсвэл намаа ялалтад хүргээгүй бол ажлаа шууд өгөөд явдаг байх ёстой.
-Ардчилсан залуучуудын холбооны удирдлагын баг 100 хувь шинэчлэгдсэн байдал ажиглагдаж байсан?
-Энэ сарын 12-ны өдөр болсон бага чуулганаас их чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасны дагуу 13-ны өдөр АЗХ-ны их чуулган болсон. Чуулганаар удирдлагын баг таны хэлсэнчлэн 100 хувь шинэчлэгдсэн. Тодруулбал, холбооны ерөнхийлөгчөөр манай намын залуучуудын тод төлөөлөл УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга асан С.Дэмчиг сонгогдлоо. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр бас л манай намын шилдэг залуусын төлөөлөл Б.Ган-Очир, Г.Оюунбат, Б.Өлзийбаяр, Ж.Сугарсүрэн, Г.Эрдэмхишиг гэсэн таван хүн сонгогдсон. Дэд ерөнхийлөгчөөр намайг оруулаад арван хүн сонгогдлоо.
-АН-ын дэргэдэх бүтцийн том байгууллага бол яах аргагүй л АЗХ мөн л байх. Гэхдээ бүтцийн хувьд арай л нүсэр болчихсон юм шиг?
-Яах вэ дээ том, нүсэр бүтэц гэж харвал тэгэж л харагдана. Харин зөв зохион байгуулаад хүчээ зөв хуваарилаад үр дүнгээ тооцвол боломжийн л бүтэц. АЗХ-ны дүрмэнд энэ бүтцийг болно гээд заагаад өгчихсөн байдаг юм билээ. Бас дээр нь олон шатны сонгуульд АН ялагдчихсан байгаа энэ хүнд үед ачаа үүрье, намдаа зүтгэе гэж байгаа залуучуудаа цаашаа гэж болохгүй биз дээ. Энэ хүнд үеийг дан ганц АН-ынхан ч биш нийт монголчууд үүрээд л гарна. Тэгэхээр залуусынхаа оролцоог хүндэтгэж үзээд, хүлээн зөвшөөрөх ёстой.
-АЗХ-ны их чуулган яагаад хэвлэлийнхнээс хол өнгөрсөн юм бэ?
-Хэвлэлийнхнээс хол өнгөрсөн нь ч юу юм. Чимээгүй байж байгаад л зохицуулчих гэтэл тэд чадсангүй. Ер нь дараа дараагийн АЗХ-ны их чуулган өнгөрсөн шиг, өчигдөр шиг болохгүй гэдэгт бол итгэлтэй байна. Одоо залуучууд бид залуусынхаа оролцоог хазаарладаг, хязгаарладаг ужгирсан муухай зуршлаасаа салах цаг болсон. Бүх залуучууд ийм явцуу боддог юм болов уу гэж боддог байсан харин ч үгүй юм билээ. Энэ нь АЗХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгох үйл явцаас харагдсан.
-Мэдээж та дотор нь ороод суучихаж байгаа юм чинь өмгөөлөх л байх?
-Би ч бас яг тийм хүн биш л дээ. Дарга болоод л өнгөрснөө мартдаг, өөрийгөө дөвийлгөдөг хүн биш.
-Ардчилсан залуучуудын холбоог толгойлж ажиллах үүрэг ингээд та бүхэнд ноогдлоо. Ажлаа юунаас эхлэнэ гэж харж байна?
-Миний хувьд сонгогдоод хоёрхон хонож байна. Дэд ерөнхийлөгч болсныхоо маргаашнаас  ажиллаад эхэлсэн. Ойрын хүрээний залуустайгаа уулзалдаж байна. Тун удахгүй болох Удирдах зөвлөлийн хурлаараа АН-ын дэргэдэх бүтцийн томоохон энэ байгууллагыг хэрхэн авч явах талаар өөрийнхөө зүгээс барьж орох саналаа боловсруулж байна. Үндсэндээ АН ч тэр, АЗХ ч тэр сүүлийн хэдэн жилд гишүүдээ тэлсэнгүй, сонссонгүй, тоосонгүй. Эндээс л ажлынхаа эхлэл цэгийг олж харж байна даа.
-Тэлсэнгүй, сонссонгүй, тоосонгүй гээд нэлээд гомдолтой байх шиг. АН ч тэр АЗХ ч тэр яагаад ийм болчихов?
-Гомдох нь ч юу юм. Ямар жаахан хүүхэд биш. Гэхдээ бас дотроо жаахан харамсал төрдөг л юм. Бод доо. Саяхан миний нэг танил АН-ын Баянзүрх дүүргийн намын хороон дээр гишүүнээр элсэе гээд очтол үнэмлэх тасарсан учраас элсүүлэх боломжгүй гээд буцаасан байдаг. Ердөө л энэ. Намд эрт орсон хүмүүс нь шинэ гишүүдээ хүлээж авахаа больчихож. Би анх Өмнөговь аймгийн Ардчилсан намд элсэж байсан хүн л дээ. Тэр үед би Өмнөговь аймгийн Ардчилсан намын хороонд орох гэж таван удаа очоод орж чадаагүй. Зургаа дахь удаагаа очиж намын хорооны гишүүн болж байлаа.
-Өнгөрсөн хоёр шатны сонгууль бол АН-д тавьсан ард түмний дүн байлаа. Ялагдлын шалтгааныг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Та энэ олон ялагдалд ямар дүгнэлт өгөх вэ?
-Энэ олон ялагдал том том шалтгаанаас үүдсэн гэхээсээ илүүтэй АН-ын удирдлагууд, шийдвэр гаргах түвшний байгууллага нь жирийн гишүүдээсээ эгнэгт холдсон. 2009 оноос хойш АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл, бүх шатны намын хороодод салхи орсонгүй. Нэг ёсондоо цусны эргэлт зогсож, уураг тархи нь эрүүл саруулаар сэтгэхээ байсан. Товчхондоо АН-ын жирийн гишүүд, залуусын оролцоо байхгүй болсон. Эдгээр нь намын ялагдлын хамгийн суурь шалтгаан. Нэг ёсондоо АН-ын энэ олон гишүүд дэмжигчид намдаа итгэл алдарчихсан байгаа нь нам ялагдах хамгийн том  шалтгаан болсон гэж хардаг. Улс төрийн нам бол нэр дэвшигч гэдэг бараа зарах ёстой газар. Гэтэл манай АН чинь зүгээр л автобусны буудал дээрх ТҮЦ шиг болчихоод байна. Хүний тэгэж их итгэсэн итгэлийг АН-ын уураг тархи болсон хүмүүс нь тогтоон барьж чадаагүй. Энэ л ялагдлын шалтгаан болсон.
-Таны ярианаас анзаарахад энэ олон ялагдалд нам л буруутай болж харагдаад байна. Энд АЗХ ямар ч буруугүй юу?
-/Инээв/ Би дээр хэлсэн. Манай холбооны өмнөх удирдлагууд намын энэ олон ялагдлын дараа хариуцлагаа ухамсарлаад огцорсон гэж. Тэгэхээр манай холбоо бол хариуцлагаа ухамсарладаг шинэ үе мөн байгаа биз, нэг талдаа. Нөгөө талдаа өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийн ирцийг харахад залуусын идэвхи оролцоо маш муу байсан. Шинэ үеийн залуучууд бол дийлэнхдээ АН-д ихээхэн дэмжлэгтэй байдаг ч тэдний оролцоог бид идэвхжүүлж чадахгүй байна. Яагаад гэхээр нөгөө л сүүлийн арван жилийн хугацаанд залуусыг гадуурхсан, хэн ч биш гэж тооцсон, болоогүй байна гэж мохоосон бодлогогүй дарга нартай холбогдоно л доо. Асуудал байна. Шийдэл л хэрэгтэй.
-Одоо тэгвэл дараа дараагийн шатны сонгуулиудад яаж хэрхэн ялах вэ. Та юу гэж харж байна вэ?
-АН Монгол Улс төрийн орон зайд өөрийн гэсэн орой зайгаа дахин эзлэх ёстой. Нэг ёсондоо дахин шинэчлэгдэн гарч ирэх шаардлагатай. Ерөөсөө л АН-д том шинэчлэлт, өөрчлөлт явагдах учиртай. Энэхүү шинэчлэлийн цөм нь намын дүрмийн сайн өөрчлөлт, намын бодлого тодорхойлох ба УИХ, бүх шатны ИТХ-ын нэр дэвшигчдийг сонгоход намын жирийн гишүүд, залуусын оролцоог хангасан байх явдал. Түүнчлэн олон шинэчлэлийн хөдөлгөөнүүдийн үгийг тогтож сонсож, гаргах шийдвэртээ тэдний байр суурийг гүн шингээж чадвал би намдаа “браво” л гэж хэлнэ.
-АН-ын шинэчлэл гэж амтай бүхэн ярьж байна. Нам шинэчлэх хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг олон боллоо. Намын шинэчлэлд АЗХ ямархуу байдлаар оролцох вэ?
-АН бол хэн нэгний өмч биш. Өмч болгоно гээд харвал монголын ард түмний өмч юм. АН-ын шинэчлэлийн талаар хэн ч ам нээсэн тэр хүний эрхийн асуудал, нэгд. Хоёрт гэвэл АЗХ намын шинэчлэлийн талаар байр сууриа нэгтгээгүй байна. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлбэл болохгүй зүйл алга.
-За тэгвэл АН-ын гишүүний хувиар байр сууриа илэрхийлээч гэвэл?
-Миний байр суурь их тодорхой. Юу гэвэл АН-ын Үндэсний зөвлөлдөх хороонд АЗХ-ны эзлэх байр суурь 30-аас дээш хувийн үзүүлэлттэй байх учиртай. Аливаа нийгэм залуучууд, ид дунд насныхан, ахмад үеийн гэсэн алтан холбоостой байдаг шүү дээ. Гэтэл АЗХ гээд АН-ын энэ том бүтцийн байгууллага өдий болтол даллахаар ил гардаг, далайхаар далд ордог зарчмаар явж ирлээ. Ах нар хэрэгтэй үедээ залуучуудаа барьж авчихаад, хэрэг нь дуусахаар одоо далд бай гэж түлхсээр олон жил өнгөрлөө. Энэ бүхнийг өөрчлөх цаг нь болсон. Дахиад хэлье. АН-ын ҮЗХ-ны гишүүдэд хандаж энэ удаагийн намын их хурал зохион байгуулах ажлын хэсэг, дүрмийн ажлын хэсэгт АЗХ-ны төлөөллийг 30-аас дээш хувьтай оруулж өгөөрэй гэж уриалмаар байна. Залуу үе чинь энэ шийдвэрийг л хүлээж байгаа шүү гэж хэлье дээ.
-Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны хурал болно. Эндээс ямар шийдвэр гараасай гэж бодож байна?
-Өнөөдөр ҮЗХ хуралдах товтой байгаа. Хуралдах эсэхийг нь мэдэхгүй. Хуралдана л гэдэг, хуралдана л гэдэг. Яг хуралдсан уу гэвэл үгүй шүү дээ. Хэрвээ хуралдвал хоёр асуудлын хариулт тодорхой болно. Нэгд, АН-ын дүрмийн ажлын хэсгийг байгуулах асуудал, хоёрт, ирэх арванхоёрдугаар сард болох Их хурлын ажлын хэсгийн асуудал шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр энэ хоёр ажлын хэсгийг байгуулахдаа АЗХ-нд 30-аас дээш хувийн квот олгох ёстой. ҮЗХ хэрвээ ийм зоригтой шийдвэр гаргаж чадвал АН-ын шинэчлэлд одоогийн Үндэсний зөвлөлд хорооноос оруулж буй том дэмжлэг болно.
-Тун удахгүй сар хүрэхгүй хугацааны дараа АН-ын их хурал болох гэж байна. Энэ их хурлаар дүрмийн шинэчлэл, даргын асуудал гээд олон зүйлийг хөндөж, хариултаа олно. Энэ их хуралд АЗХ ямар байр суурьтай оролцох гэж байгаа вэ?
-Та холбооны байр суурь асуугаад байна. Би холбооны байр суурь ярьмааргүй байна. Яагаад гэвэл би чинь дээрээ нэг ерөнхийлөгч, таван тэргүүн дэд ерөнхийлөгчтэй хүн шүү дээ.
-Таны хувийн байр суурийг асууж байна?
-Энэ удаагийн их хурлын бүрэлдэхүүнд АЗХ-ны гишүүдийг нийт төлөөлөгчийн 30-аас дээш хувьд оруулах хэрэгтэй. Орон нутгаас ирж байгаа 50 төлөөлөгч байна гэж тооцвол 15-20 нь АЗХ-ны гишүүдээс бүрдэх ёстой. Монгол Улс чинь залуусын орон шүү дээ. Тиймээс залуусын улс төр дэх оролцоог хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх ёс суртахуунтай байх учиртай.
-Энэ шаардлагыг чинь биелүүлчихвэл тэгээд л болчих уу. Маш хялбар шаардлага юм биш үү?
-Яалаа гэж. Та асуугаад байвал би хариулаад л байя. Би таны асуусан асуултын хүрээнд л хариултаа өгнө шүү дээ.
-Өөр ямар байр суурьтай байна. Би зөвхөн хувийн байр суурийг чинь асууж байгаа хэрэг шүү?
-АН УИХ, Нийслэл, аймаг дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа залуучуудын төлөөллийг бодитой оруулдаг, өрсөлдөх боломжоор хангадаг байх ёстой. Монгол Улс залуусын орон гэдэг утгаараа улсын бодлого тодорхойлох, хэрэгжүүлэхэд залуусын төлөөлөл байх нь зүй ёсны хэрэг. АН залуустаа ачаа үүрүүлье гэж бодож байгаа бол УИХ-ын сонгуульд өрсөлдөх залуучууддаа боломж олгоод ядаж л арваас дээш суудлын квот өгөх ёстой.

Улс төрийн тойм сонин

  • Шинэ
  • Их уншсан