Д.Цогтбаатар: Монгол Улс казиногоор эдийн засгаа аврах жижиг улс биш шүү


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулсан тухайд монголчууд өнгөрсөн долоо хоногт сэтгэгдлээ илэрхийлэх нь олон байлаа. Гэсэн ч энэ нь Монголд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаар бодитой гаргалгаа хийсэн нь тун цөөхөн. Иймд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг олон улсын харилцаа судлаачийнх нь хувиар ярилцлагадаа урилаа. Түүнчлэн УИХ-аар өнгөрсөн долоо хоногт батлагдсан Монгол Улсын 2017 оны төсөв болон Засгийн газраас УИХ-д өргөн барьсан эдийн засгийг хямралаас гаргахын тулд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар, нийслэлийн ногоон бүс болон цэцэрлэг, сургуулийн талбайд газар олгохгүй байх хүсэлтийг тэрбээр нийслэлийн Засаг дарга Су.Батболдод өргөн барьж шийдүүлсэн тул энэ талаар нь  ярилцлаа.

Дональд Трамп яллаа гээд АНУ эдийн засгийн бодлогоо 180 градус өөрчлөх боломжгүй

-Ярилцлагынхаа эхний асуултыг олон улсын харилцаа судлаач гэдэг мэргэжилд тань тулгуурлаж тавих нь цаг үеэ дагах юм болов уу гэж бодож байна. Учир нь, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Дональд Трамп ялалт байгууллаа. Та мэргэжлийнхээ үүднээс энэ сонгуулийн дүнг хэрхэн харж байгаа вэ. Манайхны хувьд АНУ-д ажиллаж, амьдарч буй ах дүү хамаатан садан, найз нөхдөдөө санаа тавьж буй харагдах юм?
-Юун түрүүнд АНУ-ын сонгууль гэдэг Америкийн дотоод асуудал гэдэг талаас нь харах хэрэгтэй.  Хэнийгээ сонгох нь тэр ард түмний бүрэн эрх. Монгол Улс ард түмний итгэлээр сонгогдсон тэр хүнтэй л ажиллана. Хэн байх нь хамаагүй. Гол нь, улс төр, эдийн засгийн харилцаандаа одоогийн төвшингөө алдахгүй, өргөжүүлж явах нь чухал. Иймд дараагийн алхмаа хийхэд ямар ямар санаачилгыг бидний зүгээс гаргах ёстой вэ гэдэг арга тактикаа боловсруулж байх хэрэгтэй. Яагаад гэхээр энэ чинь засаг солигдож байгаа асуудал. Үүнд тохирсон арга тактикаа бэлэн болгох хэрэгтэй. Нэн хурдан.

-Та тэгвэл ямар өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?
-Бизнесмэн хүн гарч ирсэн учраас хөрөнгө оруулалт тал дээр хэрхэн үр ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг чухалчилж үзэх хэрэгтэй. Тэр хүний бизнесийн туршлага нь өөрөө АНУ-ын бизнес эрхлэгчдийн хувьд боломж. Тэднийхээ эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь тэлэхийг чухалчлах болов уу. Тэр тэлэлтэд Монгол Улсыг багтаах, хамруулахын төлөө идэвх зүтгэл гаргахад одооноос бэлдмээр байна. Дэлхийн зах зээл Дональд Трампын ялалтад ямар хариу үйлдэл үзүүлэв гээд харахаар алт, зэсийн үнэ бага зэрэг унаснаа одоо өсөлт үзүүлээд эхэллээ. Энэ бол эерэг үзүүлэлт. Тэгэхээр үүнд таарсан ажил хэрэгч, бизнесийн саналаа манайхан эхнээсээ бэлэн болгох ёстой. Гадаад худалдааны чиглэлээр өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлаа бодсон байх ёстой. Хэдийгээр манай бүх саналыг дэмжих нь эргэлзээтэй ч гэсэн яриа хэлэлцээрт бэлэн болох хэрэгтэй юм. Ер нь бол улс төрийн байр суурь илэр­хийлэхээс илүү бизнес, худалдааны чиглэлийн хамтын ажиллагаагаа ярилцвал манайд ашигтай тусах болов уу гэсэн бодол байна. Тэгэхээр шинэ бо­ломж гэж харах нь л чухал юм.

-Манайхан Дональд Трампын хэлсэн “Монгол бол Азийн Мексик” гэсэн үгэнд нь их эмзэглэх шиг болсон?
-Би бол дипломатч хүн. Тэр утгаараа л асуудалд хан­дана. Сонгуулийн үеэр сэтгүүлч Цагаан хэрмийг Монгол­чуу­дын эсрэг барьсан тухай нэр дэвшигчид хэлж байсан. Энэ нь ялалтын төлөө явж байгаа хүний тэр үеийн арга тактик. Гэхдээ АНУ-ын гадаад харилцаа залгамж шинж чана­раа маш сайн хадгалдаг. Тиймээс сонгуулийн үеэр яригд­сан зүйлсэд онцгой ач хол­бог­дол өгөх хэрэггүй болов уу.

–АНУ-ын сонгуулийн дүнтэй зэрэгцүүлж тавих нэг сэдэв бол сонгогчдын ч, улс төрийн ч чиг баримжааг тааварлах аргагүй болсны илэрхийлэл хэмээн үзэх хүн олон байна. Нэг ёсны ерөнхий төлөвийг хэлэлцдэг байсан олны хандлага, судалгаа нь өөрөө нэг өдрийн дотор сонгогчдын сэтгэл зүйг удирдаж чадахгүй байгаа тухай юм л даа?
-Таашгүй гэж хэлж болохгүй гэж бодож байна. Яагаад гэхээр ирээдүйг бид  төсөөлөхдөө өнөөдрийг бол­тол ашиглаад ирсэн хуучин төсөөлөл, суурь аргачлалаасаа салах цаг болчихжээ гэдгийг хэлээд байна л даа. Аргачлалаа ийнхүү өөрчлөөд харвал Дональд Трампад харин ч ялах магадлал нь байсан. Би саяхан олон улсын харилцааны тогтолцооны шинэ загварын тухай нэлээн бичиж,  ярьсан.

-Шинэ загвар гэдгээ тодруулахгүй юу?
-Ерөөсөө сүүлийн 20 жил хөгжиж ирсэн даяаршилд тулгуурлан тэлж ирсэн харилцаа эрс өөрчлөгдөөд ир­лээ. 1990-ээд оноос хойш төлөвшиж ирсэн олон улсын харилцаа өөрийн эрхгүй энэ цаг үеэсээ хоцроод эхэллээ. Шинэ цаг үедээ таарахгүй болчихлоо. Иймд шинэ харилцааны загвар руу орох хэрэгтэй болж байна гэж бичиж байсан. Одоо яг тэр хандлага харагдаж байна. Тэгэхээр бид шинэ цаг үетэйгээ нийцүүлж харах өнцгөө өөрчилж асуудалд хандахгүй бол хуучнаараа хараад, хийгээд байж болохгүй болчихсон гэсэн үг. Үүний хамгийн том дохио нь саяын болж өнгөрсөн сонгуулийн дүн. Дэлхийн том давалгаа өөрчлөгдөөд явж байгаад бид бодлоготойгоор өөрсдийгөө зохицуулж сурах хэрэгтэй. Түүнээс бус дэлхийг бид өөрчилнө гэж байхгүй. Энэ нь нэлээн бүтээлч ажиллагааг шаардана. Монгол Улсын зүгээс шүү.

-Энэ чинь тэгвэл манай улсын бусад улс оронтой харилцах харилцааны зарим ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөх шаардлагатай болсон гэсэн үг үү?
-Харах шинэ өнцөг хэрэг­тэй. Бахь байдгаараа, хууч­наараа манай улс жижиг юм чинь, бид ямар бусдад гэм хийх биш, бидэнтэй муудах орон байхгүй, бүгд сайн хандана гэсэн хуучин хэв маягаараа яваад байж болохгүй. Харин ч ингэж өөрчлөгдөж байгаа харилцаанд ийм байр сууринаас асуудалд хандвал бидэнд алдагдалтай. Харин аль нь илүү ашигтай байх нь вэ гэдэг тооцоогоо нэлээн нухацтай, шинэ өнцгөөс харах хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд Монгол Улсын олон улсын харилцааны уламжлалт бодлогыг алдаж болохгүй. Суурь үнэт зүйлсээ хадгалаад, шинэ арга барилыг заавал бодох ёстой гэсэн үг.

-Хиллари Клинтон, Дональд Трамп хоёр дээр Та мөрий тавьсан уу. Хүмүүс нэлээн мөрий тавьсан сураг байсан?
-Монгол Улс л ялах ёстой гэдэг байр сууринаас дипломатууд асуудалд хандана. Тэнд хэн нь ч ялсан бай, адилхан л америк хүн. Тоглоомын дүрэм шударга. Тэдний хэн нь ч байлаа гэсэн АНУ-аа өөд нь татна. Үүнтэй адил Монгол Улс хоёр орны харилцаанд адил эрхтэйгээр эрх ашгаа л чухалчлах хэрэгтэй. Тэгж гэмээ нь тоглоом шударга болно. Ийм өгөгдөхүүнтэй өргөн дээр АНУ-ын Ерөнхийлөгч хэн байх нь манай гадаад бодлогод тийм чухал биш. Харилцан ашигтай хамтарч ажиллах нь л чухал.

-Сонгогчдын сонголтын чиг хандлага өөрчлөгдөж байгаа тухайд. Та хариултаа дэлгэрүүлэхгүй юу?
-Үнэхээр өөрчлөгдөж байна. Энэ чинь дэлхий өөрчлөгд­чихөөд байна гэдгийн дохио.  Үүнийг харах ёстой. Цааш цаашдаа үүнийг бодолцож улс төр хийх ёстой гэсэн үг.

-Бизнесмэн хүн АНУ-ын Ерөнхийлөгч болсны давуу тал нь юу вэ?
-Тангараг өргөсөн л бол цаашид бизнесмэн биш болно. АНУ-ын Ерөнхийлөгч болно. Бүх асуудалд энэ байр сууринаасаа хандана байх. Тэгж ч ирсэн уламжлалтай. Харин худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал дээр тодорхой өөрчлөлт гарахыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа АНУ-ын эдийн засгийн үндсэн салбартай өрсөлдөхүйц салбартай бусад улс орны харилцаанд тодорхой хэмжээнд өөрчлөлт гарч таарна. Ер нь бол хүйтэн дайн дууссанаас хойшхи дэлхий ертөнцийн эдийн засгийн өсөлтийн загвар бол нээлттэй, чөлөөт өрсөлдөөд явах ёстой гэсэн зарчим дээр тулгуурлаж байсан. Хоорондоо аль болох чөлөөт худалдаа явуулахад чиглэсэн. Үүнийг хөгжлийн хөдөлгүүр гэж бодож байсан. Гэтэл сонгогчдын хандлага, олон нийтийн өөрсдийн эрх ашгаа хүндэтгэх тэр үзэл санаа нь өөрөө заавал даяаршаад хөгжих үү, үгүй юу. Үүн дотор улс орны өөрийн эрх ашиг, хаана байна вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Энэ бол сонгогчдын сонголт өөрчлөгдөх болсны үндсэн хүчин зүйл байх талтай. Гэхдээ тэглээ гээд даяаршлын загвараас татгалзаж болохгүй. Тодорхой хэмжээнд улс орны өөрийн эрх ашгийг бүгдийг задгай тавьж өгөх бус дотоод зах зээлээ хамгаалах бодлого явах шаардлагатай болсон гэж сонгогчид дүгнээд байна. Харин зөв үү, буруу юу гэдгийг цаг хугацаа л харуулна. Мэдээж үүндээ хэт автаад хоорондоо худалдаа, эдийн засгийн харил­цаагаа эрс бууруулж, зөвхөн өөрийнхөө дотоод эдийн засаг дээр тулгуурлаж хөгжинө гэх  юм бол энэ нь маш том зөрчил рүү хөтөлнө. Би тэгэхээр тэгэхгүй болов уу гэж бодож байна. Нэг ёсны огцом өөрчлөх гэхээс илүүтэй бүх зүйлээрээ даяаршина гэсэн тэр хуучин чиг хандлагаа бага зэрэг өөрчилж, улс орны өөрийнх нь дотоод эрх ашгийг хамтад нь тусгаж явах болов уу.

-Та тэгэхээр даяаршилд хэт найдах, энэ давалгаанд хэт автах бодлого аажимдаа суларч байна гэж дүгнэж байна уу?
-Даяаршил мэдээж хэрэгтэй. Ашигтай тустай хандлага, үр дүн олон бий. Жишээ нь, элэгний С вирусийг устгадаг Харвони эм байна. Хуучнаар бол энэ эмийг бүтээсэн орон нь зөвхөн өөрийн хил хязгаартаа л хэрэглэж, зөвхөн өөрийнхөө иргэдийг эрүүлжүүлэхийг чу­халч­лах байсан. Харин даяаршлын тус дэмээр АНУ-д үйлдвэрлэгдэхтэй зэрэгцээд монголчууд маань эх орондоо ууж, өөрсдийгөө эмчилж эхэлж байна. Энэ нь манайд ч, тухайн орондоо ч ашигтай. Наад зах нь, эмийнх нь борлуулалт нэмэгдэж, тэр хэрээр шинжлэх ухаандаа зарцуулах санхүүгийн эх үүсвэр нь баталгаажиж байгаа. Энэ бол нэг сайн тал нь. Гол нь зөвхөн сайн талыг нь харж явсаар байгаад сөрөг талыг нь анхаарахгүй үлдээсэн байна л даа. Энэ нь асуудал үүсгэчихсэн. Уг нь тэр сөрөг зүйлийг эхнээс нь олж харж, түүнийгээ эмнэх тал дээр анхаарал хандуулсан бол иргэдийн хандлага ингэж өөрчлөгдөхгүй байх байсан.

-Дональд Трамп цагаачдын хувьд хатуу бодлого барина. Хятад тэргүүтэй зарим орноос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулна гэх мэтээр ярьсан. Энэ бодлого нь хэрэгжлээ гэхэд манай улсад сөрөг нөлөө гэж байх уу. Аль эсвэл хаа холын Трамп хамаагүй гэж үзэх үү. УИХ-ын гишүүнтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай ярих нь зарим нэг хүнд ач холбогдолгүй мэт санагдаж болно. Гэсэн ч манай улсын хамгийн идэвхтэй хамтрагч, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдэж байгаа гэдэг утгаар нь бодоход бас сонирхохгүй байхын аргагүй сэдэв шүү дээ?
-Үнэхээр хамааралгүй биш хамааралтай. Тэр дундаа даяаршсан ертөнцөд шүү. Яг манай улсад сөрөг нөлөөтэй юу гэдгийн тухайд би өөдрөгөөр харахыг хүсч байна. Америкийн эдийн засгийнх нь салбарт өрсөлдөөн бий болгодог эдийн засгийн салбартай орнуудтай явуулдаг бодлогод нь тодорхой өөрчлөлт гарна гэдгийг хэлсэн. Гэхдээ огцом 180 градусын өөрчлөлт гарахгүй болов уу. Яагаад гэхээр хүсээд ч тийм өөрчлөлт хийх боломж байхгүй. Харин тодорхой хэмжээний саармагжуулалт, удаашралд хө­төлж магадгүй. Тэр нь эргээд манайд сөргөөр нөлөөлж магад­­гүй. Гэхдээ одоо яг тэгнэ, ингэнэ гээд хэлэх боломжгүй юм.

-“Би өөдрөгөөр харахыг хүсч байна” гэдгийн тухайд?
-Энэ үгийг би тохиолдлоор хэлж байгаа юм биш. Бодит байдал дээр өөрөөр явчихаж магадгүй гэдгийг би үгүйсгэж чадахгүй байгаа учраас ингэж хэлж байна. Тухайлбал, сон­гуу­лийн дараа алт, зэсний дэлхийн зах зээлийн үнэ өсч ажиглагдав. Олон улсын биржүүд дээрх хувьцааны үнэ ч эхлээд унаж байгаад өслөө. Мексикийн бараа бүтээгдэхүүн дээр 35 хувь, Хятадын бараа бүтээгдэхүүнд 45 хувийн татвар ноогдуулна гэж ярьж байсан. Тэрийг яг амьдрал дээр хийх үү, үгүй юү гэдэг нь том асуудал. Яагаад гэхээр худалдаа, эдийн засгийн харилцаа гэдэг чинь тодорхой тоон дээр үндэслэсэн тооцоо судалгаа, аргачлалаар шийдэгддэг асуудал. Тэгэхээр тооцоолж л үзнэ. Татвараа 45 хувь болголоо гэхэд хэн нь илүү хохирох вэ гэдэг чинь өөрөө асуудал. Энэ тохиолдолд АНУ-д ашигтай байхаас илүү хохирол үзүүлэх магадлал нь маш өндөр. Мэдээж ямар шийдвэр гаргахыг би мэдэхгүй. Гэхдээ тэгэхгүй байх гэдэг тооцоолол нь байна. Худалдааны даяаршил дандаа л АНУ-д ашигтай хувилбараар явж ирсэн. Тэр хэрээр бусад улс орнууд даяаршлаас болж бид ажлын байраа алдлаа, алдагдал хүлээлээ гэдэг асуудлыг яриад эхэлсэн. Америк илүү өрсөлдөх чадвартай учраас эд баялгийн урсгал тэр улс руу тэмүүлдэг. Үүний хамгийн тод жишээ гэхэд гадаадын хөрөнгө оруулалтын өнгөрсөн жилийн мэдээллээс харахад дэлхийд хамгийн их хөрөнгө оруулалт татсан улс нь Америк л байсан. Энэ ашигтай байдлаа тарифын бодлогоо өөрчилснөөр хадгалж үлдэх үү, алдах уу гэдэг чинь асуудал. Яг энэ өнцгөөс нь харвал Америк тийм амархан өөрчлөлт хийхгүй байх. Би өөрөө худалдааны чиглэлээр олон жил ажилласан. Тэр утгаараа ийм өөрчлөлт хийнэ гэдэг маш хүнд гэж хэлэх байна.

Казиногоор эдийн засгаа аварна гэж ярих нь инээдтэй асуудал шүү

-Та бид хоёрын ярилцлага Монгол Улсын 2017 оны төсвийг УИХ-аар баталсан үед өрнөж байна. Иймд энэ сэдвийг тойрч өнгөрөх аргагүй нь тодорхой. АНУ-ын сонгууль дэлхийн асуудал байлаа гэхэд улсын төсөв бол манай асуудал шүү дээ. Харамсалтай нь, ирэх оны төсвийг хэмнэлтийн зарчмаа барьсан, алдагдлаа бууруулсан их сахилга баттай төсөв байх болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл бараг бахь байдгаараа батлагдлаа. Төсвийн алдагдал есөн хувьтай байж болохгүй. Бууруулах ёстой гэж байсан та бүхний санал цаасан дээр эцсийн хувилбараар буусангүй шүү дээ?
-Танах тал дээр би ч гэсэн хүссэн хэмжээнд хүртэл хассангүй гэж бодож байгаа. Төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний есөн хувьтай тэнцэж байна гэдэг бол их өндөр тоо. Ийм алдагдал цаашаа үргэлжилж, цаанаа энэ хэвээр явна гэвэл Монгол Улс хэзээ ч хямралаас гарч чадахгүй. Засгийн газраас улсын төсвийн төслийг 9.8 хувийн алдагдалтай оруулж ирсэн. УИХ бололцооныхоо хэрээр танасаар байгаад 9.1 хувь дээр буулгасан.

-Та 0.7 хувийн л таналт хийж. Яалт ч үгүй хангалтгүй үзүүлэлт?
-Мэдээж хангалтгүй. Гэхдээ нэгэнт өсгөөд том болгочихсон зүйлийг ганц цавчаад таслаад хаяж болохгүй. Үе шаттайгаар явах хэрэгтэй. Үе шаттайгаар багасгах нь эдийн засагтаа нөхцөл байдалтайгаа зохицож хувьсах боломжийг олгодог. Бод л доо, иргэд ипотекийн зээлтэй байгаа. Гэтэл эдийн засгаа аврах гэж байна гээд шууд цавчаад, хэмнээд эхэлбэл тэд зээлээ төлж чадахгүй болно. Зээлээ төлж чадахгүй болохоор банкууд эрсдэлд орно. Банкууд эрсдэлд орохоор улс орны эдийн засаг улам хүндэрнэ. Энэ чинь эргэх холбоо. Би харин концесс дээр зоригтой хасах хэрэгтэй гэдэг байр суурьтай байсан. Мөн 2020 он гэхэд цомхон төртэй, яамдын тоог ес болгоно, Дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн зарлагын хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй болгоно. Төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжийн тэдэн хувийг хувьчилна гэдэг тодорхой зоригтой зорилтуудыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй байсан болов уу гэж бодож байсан. Ер нь төр гэдэг 180 мянган хүнтэй армийг багасгаад 100 мянга хэтрэхгүй болговол их хэмнэлт алсдаа гарна. Харин төрийн өндөр албан тушаалтнуудын цалин зэргийг бууруулах л хэрэгтэй байсан юм. Гэхдээ эхнээсээ хугацаатай (хоёр жилээр ч юм уу) хасах санал оруулж ирэх байсан юм.

-Гэхдээ зоригтой гэдэг үгэн дээр тань тулгуурлаад асуухад МАН засгийн эрх авахтайгаа зэрэгцээд “Цалин бууруулна. Тэтгэмж хасна. Иргэд минь тэсвэр тэвчээртэй бай. Хүлээ. Өөр арга зам алга. Бүсээ чангал” гэдэг үгийг УИХ-ын гишүүд ч, Засгийн газар ч хэлж байсан. Гэсэн ч хоёр сар хүрэхгүй хугацаанд бүх өгөгдлүүд хуучин мөрдөж ирсэн журам, дүрмээрээ батлагдаж байсан. Ийм шийдвэрийн араас тодорхой зорилт, зорилго, зоригтой шийдлийг ярих нь илүүц, үр дүнгүй хэрэг биш үү?
-Үнэн. Гэхдээ нэг далайл­таар бүх зүйлийг шийдэх гэж үзвэл бид бүх юмаа алдана. Одоо бол эдийн засаг хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ бүх юмаа алдчихаагүй байна. Тэгэхдээ мэдээж их хүндрэлтэй. Ийм үед бодлогогүйгээр бүх зардлаа танана гэвэл ажилгүйдэл хэр хэмжээнд хүрэх вэ, банкны муу зээлүүдийн төвшин ямар хэмжээнд очих вэ энэ бүхнийг бодох хэрэгтэй. Тэгэхээр огцомдоно гэдэг бүхнийг илааршуулах бус унагах аюултай. 36 сарын тэтгэмжийн асуудал байна. Шууд хасахаар оруулж ирсэн. Бод л доо, хоёр жилийн өмнө тэтгэвэрт гарах тухай бодож эхлэхдээ би 36 сарын тэтгэмж авна. Түүнийгээ аваад гарна гэдэг шийдлээ гаргачихсан байхад нь шууд хасна гэдэг байж болохгүй зүйл. Тэр хүмүүсийг авах ёстой мөнгөө авах боломжгүй болтол эдийн засгаа доройтуулсан нь төрийн буруу. Тэр хүмүүсийн буруу биш. Төр бодлогогүй явсны буруу. Энэ буруу үйл ажиллагааныхаа ачааг иргэдэд үүрүүлж болохгүй. Харин  аажимдаа тэтгэвэрт гарах хүмүүст олгох ёстой тэтгэмжийг өөрчилж, ажилласан жилтэй нь уях хэрэгтэй. Өнөөдөр гарах гэж байгаа хүмүүсийн мөнгийг цаг тулгаж зогсоож болохгүй.

-Та тэгвэл ирэх оны төсвийн гол алдааг нь юу гэж харж байгаа юм бэ. Зоригтой шийдэж болох, шийдэж болохгүй зүйлс бий гэдгээсээ үндэслээд тайлбарлахад?
-Төрийн албанд илүү их хэмнэлт хийж болох байсан. Тэвчиж болох их олон хөрөнгө оруулалт байсан. Үүнийг хэмнэж чадаагүй. Нийгмийн шинж чанартай халамжуудын төлбөрөөс заримыг нь хойш­луулах хувилбар байж болох байсан. Харамсалтай нь, тэгж чадсангүй. Манайхан шууд төлнө, төлөхгүй гэдэг хоёр хатуу байр сууринаас хандаад байна. Үүнийгээ менежменттэй болгож, төлбөрийг цаг хуга­цааны хуваарьт оруулах талаас сайн ажиллаж чадсангүй.

–Эдийн засгийн өсөлтөө гурван хувиар төсөөлсөн байсан. Энэ хямралын үед чамлахаар төлөвлөгөө биш байх. Гэхдээ “Энэ өсөлтөндөө хүрч чадах уу” гэдэгт хэн ч тодорхой, эерэг тайлбар өгөхгүй байгаа?
-Наадах чинь л харин асуулт. Дөнгөж сая би дэлхий өөрчлөгдөж байна гэж ярьсан. Ийм үед эдийн засаг огцом өсдөггүй. Тэр өөрчлөлтөд дасах гэж дэлхийн эдийн засаг тодорхой хэмжээнд удааширдаг. Энэ нь лав л манай экспорт дээр нөлөөлнө. Гаднаас орж ирэх орлогод сөргөөр нөлөөлөх талтай. Сүүлийн жилүүдэд дандаа өөдрөгөөр төсөөлж ирсэн. Гэсэн ч тэр төсөөлөлд хүрч өсөөгүй. Дандаа унасан. Хэрэв энэ маягаараа өсөлт удааширч, гурван хувьдаа эдийн засгийн өсөлт хүрэхгүй бол төсвийн алдагдал ес байтугай хувьд хүрч өснө.

-Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргах онцгой төлөвлөгөө боловсруулж, УИХ-д өргөн барьсан байгаа. Энэ төлөвлөгөө дээрх сэдэвтэй холбогдож таараа. Та тэр төлөвлөгөөнөөс итгэл найдвар олж харсан уу. Казино байгуулна. Мега төслүүдээ хөдөлгөнө гэх мэт олон зорилт дэвшүүлсэн байсан?
-Том төслүүд хөдлөх ёстой. Энэ үнэн. Тэр бол бодитой зах зээлтэй, хөрөнгө оруулагчтай. Бид өөрсдөө хөрөнгө оруу­лагчаа үргээчихгүй, буруу зүйл ярихгүй бол хөдлөхийн хувьд хөдөлнө.

-Үргэх эрсдэлтэй гэж үү?
-Үргэнэ. Үргэхэд амархан. Одоо ер нь бол үргэчихсэн байгаа.

-Үлдсэн хэдээ үргээхгүйн тулд ямар үг хэлж болохгүй вэ?
-Маш олон бодлого байна. Наад зах нь, татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, гаалийн татварыг нэмэх гэх тал руугаа яриад эхэлбэл байдал эвгүй болно. Сүүлдээ улс орноор нь ха

  • Шинэ
  • Их уншсан