“Союз МС-03” хөлөг олон улсын сансрын станцад хүрчээ


Пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар “Байконур” сансрын буудлаас хөөрсөн “Союз МС-03” хөлөг олон улсын сансрын станцад нисгэгчдийг амжилттай хүргэсэн талаар “Итартасс” агентлаг онцолжээ. 50 дахь удаагийн олон улсын сансрын нисгэгчдийн багт Оросын сансрын нисгэгч Олег Новицкий, НАСА-гийн одон орон судлаач Пегги Уитсон, Европын сансрын агентлагийн одон орон судлаач Том Песке нар багтсан байна. Тэд жижиг оврийн эрдэм шинжилгээний модулыг сансарт байрлуулах бөгөөд станц болон хөлөг хоорондын даралтын хэмжүүрийг шалгах зорилготой гэнэ. Станцад хүрэх автомат удирдлага бүхий нислэг нь хоёр хоног үргэлжилсэн бөгөөд энэ нь шинэ хөлөг онгоцоо туршин шалгахтай холбоотой гэнэ. Түүнчлэн “Союз МС-03” хөлгийн дотоод системийг бүрэн шинэчилсэн байна. Олон улсын сансрын станцтай залгагдах, салгагдах системийг шинэчилжээ. Үүнээс гадна эрчим хүчний хангамжийн системийг нь сайжруулсны дээр нарны зай нь илүү их эрчим хүч гаргах чадалтай болсон аж.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан