М.Анхцэцэг: Би мөнгөний төлөө биш, Монголынхоо төлөө штанг өргөдөг


Япон, Мексикийн тэнгэрт Монгол Улсын төрийн далбаагаа мандуулсан олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Японд болсон хүндийн өргөлтийн залуучуудын Азийн аварга, Мексикт зохион байгуулсан оюутны дэлхийн аваргад багш, дасгалжуулагчгүйгээр ганцаараа амжилттай оролцоод ирж байгаа юм.
М.Анхцэцэг тэмцээний үеэр гараа бэртээсэн нь спорт сонирхогчид төдийгүй нийт монголчуудын санааг ихэд зовоож байна. Хүмүүс түүний хуучин бэртэл гэмтэл тэмцээний үеэр сэдэрсэн гэж ойлгож байв. Харин энэ талаар тэрбээр “Миний хуучин бэртэл
сэдрээгүй. Гарынхаа бэртэл ямар байгааг одоогоор сайн мэдэхгүй байна. Тэмцээний дараа рентген зураг авахуулахад ясандаа бэртэлгүй гэсэн учраас сойлгосон” хэмээн тайлбар өгчээ. Тиймээс тамирчин маань ирэх сард болох тэмцээндээ оролцож чадахгүй болжээ. Харин эмчилгээ болон бэлтгэл сургуулилтаа сайн хийж байгаад ирэх оны зургадугаар сард болох тэмцээнд хүч үзэхээр төлөвлөжээ. М.Анхцэцэгт тэмцээний зардал олдохгүй байгаа талаар ихээхэн шуугиан тарсан. Зарим хүн “Асашёорюү аварга түүний тэмцээний зардлыг гаргана гэсэн нь худлаа юм уу” гэж ч асууж байлаа. Энэ асуултад М.Анхцэцэг хариулахдаа “Аварга миний хувцас хэрэглэл, уураг, аминдэмийг дааж байгаа. Энэ удаагийн тэмцээний зардлыг л гаргах боломжгүй гэсэн хариулт өгсөн” гэжээ. Түүний энэ удаагийн тэмцээнд оролцсон зардлыг Г.Эрхэмбаяр аварга болон Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, хувь хүмүүс хариуцжээ. М.Анхцэцэг Америкийн Чикагод байхдаа фэйсбүүкээр хүмүүсийн сонирхсон асуултад хариулсан байна. Хамгийн олон давтагдсан асуулт нь түүнд Солонгосоос хамтран ажиллах санал тавьсан тухай байсан бөгөөд тэрбээр “Солонгосоос санал тавьсан нь үнэн ч хүмүүсийн дурдаад байгаа шиг 20 мянган ам.доллар амлаагүй. Тэглээ ч би Солонгосын тамирчин болохгүй. Би мөнгөний төлөө штанг өргөөгүй. Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэх зорилготой. Тиймээс би гадаад руу явахгүй. Над шиг олон монгол залуу хүндийн өргөлтөөр хичээллээрэй” хэмээн уриалжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан