С.Саянцэцэг: Хүн өөрт оногдсон ажилдаа үнэнч байвал мэргэжлийн үнэ цэнээ мэдэрнэ


Монголын гарамгай уран бүтээлчид нэгэн дор чуулдаг “Virtuоso” гала тоглолт боллоо. Энэ жилийн гарамгайчуудын гарамгайгаар төгөлдөр хуурч С.Саянцэцэг тодорсон юм. Монголын ирээдүй болсон хөгжимчдийг бэлтгэж байгаа төгөлдөр хуурч С.САЯНЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

 -Энэ жилийн гарамгай уран бүтээлч болсонд баяр хүргэе. Сонгодог, үндэсний хөгжим эгшиглэсэн тоглолтын тайзан дээр гарахаа хэзээ мэдсэн бэ?

 -“Virtuоso” гала тоглолтод оролцоно гэдгээ нэг сарын өмнө мэдсэн. Би зургаан сараас нэг жилийн өмнө бүх ажлаа төлөвлөчихдөг учраас тухайн үед багагүй сандарсан шүү. Ямар бүтээл тоглох уу, ийм сайхан ажлыг дэмжээд өгөх юмсан, чимээд өгөхсөн гэж бодож байлаа. Ингээд тухайн үед нэг шинэ зохиол гаргаж байснаа давтаад тоглосон доо. Тоглолтын уур амьсгал, үзэгчдийн хөгжимчдийг хүлээж авч байгаа байдал надад их таалагдсан. Үзэгчид тоглолтыг соёлтой үздэг болсон байна, магадгүй миний тоглосон бүтээл гоё зохиол учраас таалагдаад шимтэн үзсэн болов уу. Гэхдээ энэ талаар үзэгчид илүү ярих байх. Тоглолтыг дандаа ингэж үздэг бол гадаадынхан ч “Монголчууд соёлтой байна” гэж ярина. Би 13 настайдаа анх удаа Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр гарч байсан болохоор надад дотно, халуун дулаан санагдаж байлаа.

 -Тоглолтын үеэр үзэгчдэд толилуулсан шинэ бүтээлээ хэдий хугацаанд бэлдсэн бэ?
 -Энэ зохиолыг сар хагасын хугацаанд бэлдсэн. Одоо өдрийн ихэнх цагийг хүүхдүүдэд хичээл зааж өнгөрөөж байгаа учраас хувийн тоглолтод анхаарах цаг зав муутай байна. Гэсэн ч жилдээ нэг шинэ уран бүтээл хийж санаа амардаг. Цаг хугацаа гэдэг маш хурдан өнгөрөх юм. Нэг л мэдэхэд 30 жил тайзан дээр төгөлдөр хууртайгаа “нөхөрлөсөн” байна. Сүүлийн дөрвөн жил миний тоглолт эрс багассан. Өмнө нь Испанид амьдарч байхдаа сард 2-3 удаа тоглож, шинэ хуучин уран бүтээлээ дахин барьж авдаг байсан бол одоо аливаа зүйлийг их бодож хийдэг болжээ. Гол анхаарлаа шавь нартаа хандуулж байна. Тэднийгээ яаж сайн төгөлдөр хуур тоглуулах уу, соёлтой хүн болгох тал дээр илүү анхаарах хүсэл ундарч байна. Яагаад гэвэл манай Монголын амьдрал маш хэцүү. Хэцүү гэдгийг ядуу буурай гэж ойлгож болохгүй. Цаг агаарын хувьд эрс тэс дөрвөн улиралтай, маш их утаатай, замын түгжрэлээс эхлээд бухимдах зүйл олон гэдэг утгаар нь хэцүү гэж дүгнэж байгаа юм. Бас хүүхэд бүр хүссэнээрээ төгөлдөр хуураа давтах боломж олдохгүй байна. Тиймээс би заримдаа шавь нараа өөрийнхөө сургууль дээр төгөлдөр хуураа давтах боломжийг нь гаргаж өгдөг. Хаана сонгодог хөгжим байна, тэр улс соёлтой байдаг. Сонгодог урлаг үүсч хөгжсөн Европын хүмүүс өдөр болгон кофе шигээ сонгодог урлагийг хэрэглээ болгож чадсан байна. Тэнд уран бүтээлчдэд урам өгдөг, баяр гуниг, зовлон жаргалаа нээлттэй илэрхийлж чаддаг. Ийм нээлттэй, сонгодог урлаг хөгжсөн газар тоглоход сайхан байдаг. “Virtuоso”-гийн үзэгчид надад Европт тоглож байгаа юм шиг мэдрэмжийг өгсөн. Ялангуяа үзэгчид маань инээмсэглэл тодуулсан, гэрэлтэж байгааг харахад сэтгэлд дулаахан байлаа. Төгөлдөр хуурч хүнд спорттой адилхан үзэгчид чухал байдаг юм шүү дээ.

 -Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр олон жилий дараа дахин гарахад таны мартагдашгүй сайхан дурсамжууд сэргэсэн үү?
 -13 настайдаа Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх гарахад Монгол Зөвлөлтийн хамтарсан тоглолт болж байсан. Гоё хувцастай орос хүмүүс бүжиглээд, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Ардын жүжигчин Ю.Оюун, Т.Цолмон багш маань ч гэсэн төгөлдөр хуур тоглож байсан санагдана. Тэр үед би пионерийн гишүүн, зургаадугаар ангийн сурагч байв. Тайзан дээр гарахын өмнө багш маань “Сайн тоглоно шүү” гэж хэлээд чимхсэнийг ерөөсөө мартдаггүй. Рахманиновын Музыкалный момент гээд хүнд зохиолд багтдаг дөрвөн минутын бүтээл бий. Хүүхэд байхдаа тоглодог байсан энэ бүтээлээ одоо ч гэсэн хааяа тоглодог. Ер нь хүүхэд байхдаа тоглож байсан бүх зохиол толгойд үлдсэн. Энэ бүх дурсамж сая Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр гарахад бодогдсон. Шинэ зохиол тоглох учраас санаа зовох үе ч гарч байлаа. Хүүхэд нас, аавыгаа санаж дурссан өдөр болсон. Ер нь би бүх дотнын хүмүүсээ бодож мөргөдөг. Би бурхан шүтдэггүй ч гэсэн миний бурхад тусдаа байдаг. Багш, алдарт төгөлдөр хуурчдынхаа бүтээлийг сонсч тэжээгддэг. Тийм сайхан тоглолтууд өнөөдөр ховор болсон байна.

-Гарамгайчуудын гарамгайгаар сүүлийн жилүүдэд морин хуурч Н.Жигжиддорж, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ зэрэг үндэсний хөгжимчин тодорсон. Энэ удаа хаан хуурын эзэн гарамгай уран бүтээлч боллоо. “Virtuоso”- гийн тайзан дээр үндэсний хөгжимчдийн тоглолтыг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Сонгодог, үндэсний хөгжим хоёр тусдаа мэргэжил. Учир нь, сонгодог хөгжимчид багаасаа тоглож эхэлдэг. Харин өнөөдөр үндэсний хөгжимчдийг багаас нь бэлдэж байгаа байх. Би үндэсний хөгжмийг их сонирхдог. Энэ удаагийн тоглолтын үеэр миний хөгжмийн боловсрол нэмэгдсэн. Учир нь, ёочин пидаль /гишгүүр/- тай байхыг анх удаа харлаа. Яагаад гэвэл намайг сурч байхад ёочин пидальгүй байсан юм. Тэгээд оюутнуудтайгаа “Бидний өрсөлдөгч хөгжим гараад иржээ” гэж ярилцаж байлаа. Бас хуучир хөгжимчин маш гоё тоглосон. Би угаасаа морин хуурт дуртай. Яагаад гэвэл хөгжмийн ертөнцийн гүнд ороод ирсэн чинь бүдүүн өнгөнд дурлах болсон. Үндэсний хөгжмөөр сонгодог зохиолыг тоглохыг хараад сайхан санагдсан. Төгөлдөр хуураар монгол ардын дуу тоглохтой адил байдаг байх гэж би дотроо бодсон. Ер нь уран бүтээл хийж байгаа хүмүүсийн бодол нэг байдаг. Тиймээс ерөөсөө залхуурч болохгүй. Залхуурах л юм бол хүний бодол өөрчлөгддөг. Хүмүүс нэг амьдрах юм чинь зовох хэрэггүй гэдэг. Би үүнээс өөрөөр боддог. Амьдралд зовлон, жаргал ээлжилдэг. Энэ нь ч амьдралын утга учрыг бидэнд ухааруулж, ойлгуулдаг. Тэгэхээр хүн өөрт оногдсон ажлаа хийгээд мэргэжилдээ үнэнч, хайртай байх хэрэгтэй, урвалгүйгээр эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Тэгж байж мэргэжлийн үнэ цэнэ, амт, амжилт, аз жаргалыг мэдэрнэ. Мэдээж энэ аз жаргалыг үзэхийн тулд маш олон бартаатай замыг туулна. Амжилт, аз жаргал хэзээ ч амархан ирдэггүйг ойлгох хэрэгтэй. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд тал талын мэдлэг боловсрол эзэмших ёстой юм.

 -Нийгмийн хатуу, ширүүн зүйлсийг урлаг уран сайхан тэр дундаа дуу хөгжим зөөллөж байдаг. Ийм учраас урлагийн нийгэм дэх үүрэг их хариуцлага дагуулдаг байх?
-Урлаг тэр дотроо сонгодог хөгжим хүнийг эмчилж байгааг эрдэмтэд тогтоогоод байна. Өнөөгийн хэцүү нөхцөлд хүмүүсийг “Урлагтай ойрхон байгаарай, үргэлж инээмсэглээрэй” гэж хэлмээр байна.

 -Бид өмнө нь ярилцахдаа таны тоглолтын талаар ярилцаж байсан. Та тоглолтын бэлтгэлдээ орсон уу?
-Сая “Virtuоso”-д оролцохдоо нэлээд бэлтгэл хийсэн болохоор баяртай байна. Хэдхэн хоногийн өмнө надад Солонгос, Хятадаас сайхан мэдээ ирлээ. Надад “Ирж тоглолт хийгээч” гэсэн санал тавиад, эрх нээгдчихсэн явж байна. Хятадад хийх тоглолтын хувьд миний оюутан байсан хүн надад тоглолт хийх санал тавьсан. Оюутан маань надаар 13 жил төгөлдөр хуурын хичээл заалгасан. Одоо надад хэд хэдэн Өвөрмонгол оюутан бий. Түрүүч нь Өвөрмонголын Урлагийн их сургуулийн багш болчихоод одоо болтол надаас асуух зүйлээ асууж холбоотой явдаг. Сая нэлээд олон тоглолт хийгээд шуугиулж байна. Оюутан маань “Би багшаараа гайхуулмаар байна” гэсэн.

 -Тэгвэл та удахгүй Хятадад тоглолтоо хийх нь ээ?
 -Хятадад тоглолтоо хийж байсан. Миний хамгийн сэтгэлийг хөдөлгөж байгаа нь Солонгост хийх тоглолт. Учир нь, Солонгост тоглох нь миний мөрөөдлийн нэг байлаа. Тиймээс мөрөөдөл биелэх гэж байгаад баяртай байна. Гэхдээ одоо хүүхдүүдээ тэмцээнд бэлдүүлэхэд анхаарч явна. Ирэх оны нэгдүгээр сард болох олон улсын тэмцээнд Хөгжим бүжгийн коллежийн хоёрдугаар ангийн нэг охин, миний хичээллүүлдэг сургалтаас дөрвөн хүүхэд оролцоно. Би хүүхдүүдээ мэргэжлийн, хувийн гэж ялгадаггүй. Хүүхдүүдийн ээж, аав нар надад их тусалдаг.

 -Та шавь нараараа их бахархах юм аа?
 -Багш нараасаа сурсан эрдмээ шавь нартаа өгөх, заах гэж би их яардаг. Шавь нарын маань түрүүч нь олон улсын тэмцээнд оролцоод хэд, хэдэн медаль авлаа. Оросын нэрт удирдаачтай хамтран тоглоод шавь маань том үнэлгээ авсан. “Virtuоso” шиг хөгжмийн баярыг би жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулдаг. Наадамд олон улсын хөгжимчид ирж оролцдог. Бид арав хоног зөвхөн хөгжмийн талаар ярилцаж, тийм орчныг бүрдүүлдэг. Өнөөдөр өглөө ч гэсэн нөхөр бид хоёр энэ наадмын талаар ярилцсан. Энэ дашрамд хэлэхэд би “Virtuоso”- гоос олон улсын наадамдаа хийлч Тамирыг урихаар болсон. Энэ залуу хөгжимчин миний сэтгэлийг үнэхээр татсан. Төлөв даруу, соёлтой, эелдэг, авьяастай хөгжимчин хүүхэд байсан. Хөгжимчин хүн ийм л байх ёстой гэж боддог. Гэхдээ энэ талаар Тамирт хараахан хэлээгүй байна.

 -Саяхан дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монгол хөгжимчид хамтран тоглосноо интернэтээр цацлаа. Эдгээр хөгжимчин дунд таны дүү төгөлдөр хуур тоглож байгааг харсан. Та тэр бичлэгийг үзсэн үү?
 -Үзэлгүй яахав. Дүү маань эхлээд өөрийнхөө оронд намайг тогло гэсэн. Манай дүү хөгжмийн зохиолч хүн гэхэд төгөлдөр хуур сайн тоглодог. Тийм болохоор би “Өөрөө тогло” гэж хэлсэн. Үүний үр дүнд дүү маань төгөлдөр хуураа сайн давтсан гэсэн. Би дүүгээрээ их бахархдаг. Манай хоёр эмэгтэй дүү ч гэсэн урам хайрлаж байдаг юм. Аав маань байсан бол бас л ингэж хэлэх байсан болов уу. Яагаад гэвэл энэ хүмүүжлийг аав ээж минь үр хүүхдүүддээ өгсөн.

 -Ярилцлагын төгсгөлд би танд нэг хүсэлт тавимаар байна. Европчууд сонгодог урлагийн тоглолтоо заримдаа задгай талбайд зохион байгуулдаг. Бид ч гэсэн яагаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сонгодог тоглолт хийж болохгүй гэж. Тиймээс хэрвээ боломж олдвол ирэх зун тоглолтоо задгай талбайд хийгээч гэж хүсмээр байна.
 -Маш гоё санаа байна. Энэ талаар нэлээд хэдэн жилийн өмнө ярьж байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүй байсан. Тиймээс боломж гарвал яагаад тийм орчинд тоглож болохгүй гэж. Гэхдээ би ганцаараа биш, бяцхан шавь нартайгаа тоглолт хийж болно шүү дээ. Энэ асуулт надад нэг зүйлийг сануулчихлаа. Нэг удаа амьдарч байсан хотын маань архитекторч, уран бүтээлчид сөнөсөн онгоц авч засч тохижуулаад надаар тоглолт хийлгүүлье гэсэн ч бүтээгүй. Үүний дараа тусгай тайз засаад тоглож байсан юм. Тухайн үед надад “Пиренеин уулын орой дээр төгөлдөр хуур тоглуулмаар байна” гэж хүртэл санал тавьж байсан. Тэгэхэд би их баярлаж байсан ч бас л бүтээгүй учраас гонсойж байсныг саналаа.

Б.СЭЛЭНГЭ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан