А.Цогцэцэг: Эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллана


Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх бодлого зохицуулалтын талаар сайд А.ЦОГЦЭЦЭГТЭЙ ярилцлаа.

 -Шинэ Засгийн газрыг бүрдүүлснээс хойш яамдын сайд нар салбартаа хэрэгжүүлэх шаардлагатай хуулийг санаачлан батлуулж байна. Танай салбарын хувьд эрх зүйн шинэчлэлт хийх шаардлага байна уу. Зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах ямар хууль байна вэ?

 -Донорын тухай хууль нийгэмд хамгийн их хэрэгтэй байна. Амьд донорын эрх ашгийг хамгаалах асуудлыг энд ярина. Тиймээс энэ чиглэлд шинэчилсэн найруулга оруулж батлуулах хэрэгтэй. Олон улсад ийм хууль байдаг. Гэхдээ үүн дээр болгоомжлох асуудал байгаа учраас түүнийг нь давхар хуульчилж өгөхгүй бол болохгүй. Түүнчлэн Нялх, балчир насны хүүхдийн хоол ундны бүтээгдэхүүний тухай хуулийг шинэчлэн оруулж байгаа. Эхийн сүүг орлох бүтээгдэхүүний талаар тусгасан хуулийг шинэчлэн найруулж байна. Хүүхдээ хөхний сүүгээрээ хооллодог ээжүүдийн тоо жилээс жилд багасч, өнөөдрийн байдлаар 42 хувьд хүрлээ. Энэ бол маш аюултай. Хөхний сүүгээрээ хооллоогүй хүүхдүүдийн олонх нь өнгөрсөн жил улаанбурхан өвчнөөр өвдөж, амь насанд нь эрсдэл учирсан. Тиймээс энэ хуулийг яаралтай гаргах ёстой.

 -Та салбарын ажлаа хүлээж аваад нэлээд хэдэн сар өнгөрлөө. Анх ажил хүлээж авахад эрүүл мэндийн салбарын дүр төрх ямар байсан бэ?
 -20-оод тэрбум төгрөгийн өртэй яам хүлээж авсан. Энэ нь ихэвчлэн орон тоо, эмийн төсөв дээр гарсан байна лээ. Сүүлийн 4-5 жилийг харахад байнга нэмэгдэж явсаар ийм хэмжээнд хүрсэн байна. Тиймээс нэгдүгээрт, энэ өрийг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал гарч байна. Хоёрдугаарт, нийт сумын эрүүл мэндийн байгууллагын 80 хувь нь ашиглалтын зардал буурч, дууссан багаж тоног төхөөрөмжтэй, орон байртай. Үүнд 47500 хүн ажиллаж байгаа нь төсөвлөсөн орон тооноос 1098 хүнээр илүү байгаа юм. Эдгээр хүний илүү цаг, томилолтын мөнгийг огт олгодоггүй. Ингээд бодохоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс маш бага өртгөөр өндөр хариуцлагатай, хүнд ажлыг хийж байна. Салбарын бодлогын баримт бичгийг сөхөөд үзэхээр өмнө нь яаж явж байсан гэмээр санагдсан. Тухайлбал, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль гэж бий. Архи уугаад гудамжинд унасан хүмүүсийг эмнэлгийн хүлээн авахад хүргэж өгснөөр энгийн үйлчлүүлэгчдийн эрх зөрчиж, ачаалал үүсгэж байна. Тиймээс энэхүү хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д оруулахаар болсон.

 -20 тэрбум төгрөгийг нэмэхгүйгээр барагдуулах боломж бий юү?
 -Их хэмжээний өрийг нэг тэрбум хүртэл багасгана. Чадвал бүр тэглэнэ. Ингэхийн тулд бид ажлын баг гаргаж сумын эрүүл мэндийн нэгдлийн төвийн санхүүг хүртэл шалгана. Зарим төсөв дээр зарцуулаагүй үлдэгдэл байдаг. Тухайлбал, III эмнэлэг 620 сая төгрөгийг илүүдэлтэй байгаа бөгөөд Даатгалын сангаас мөнгө авах ёстой. Энэ нь олгогдохгүй байгаагаас нөгөө талдаа тус эмнэлэг эмийн өрөнд орсон. Ийм байдлаар өр нэмэгдсэн учир үүнийг зохицуулж, хуулийн хүрээнд холбогдох байгууллагатай ярилцаж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Үүний дараа эмнэлгийн удирдлагууд яагаад төсөвт тааруулж ажиллахгүй байгаад хариуцлага тооцох асуудал гарч ирнэ. Ингээд өрийн асуудлыг шийдвэрлэсний дараа өргүй ажиллах шаардлага тавих боломжтой болно.

-Манай улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа хэдий ч яамдын санхүүжилтийг боломжит байдлаар хуваарилсан байх. Танай яамны хувьд төсөв ямар байна вэ?
 -Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хасаагүй л болохоос нэмээгүй. Өнгөрсөн онд 672 тэрбум төгрөгөөр төсөв баталсан бол энэ жил 645.7 тэрбум төгрөгөөр баталсан. Тиймээс бага өртөг зардлаар найдвартай тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Нисдэг тэрэг авч яаралтай түргэн тусламж үзүүлэх талаар ярьж, ажлын хэсгийнхэн зогсоолын асуудлыг судалж байсан. Үүнийг хэрэгжүүлэх боломж байна уу?
 -Санхүүжилт нь байхгүй хэдий ч олон улсын байгууллагын хандив тусламжаар нисдэг тэрэг авах талаар ярьж байна. Өнөөдрийн байдлаар Батлан хамгаалах яаманд хоёр нисдэг тэрэг байдаг бөгөөд одоогоор их засварт явсан юм байна. Түүнийг ирэхээр зудтай аймгуудад яаралтай түргэн тусламж үзүүлэх боломжоор хангахаар гэрээ байгуулахаар ярьж байна. Ингэхдээ зөвхөн нисдэг тэргэнд зарцуулах бензин болон ажлын хөлсийг эрүүл мэндийн байгууллагаас төлнө. Үүний дүнд алслагдсан орон нутагт эмнэлгийн түргэн тусламжийг нисдэг тэргээр үзүүлэх боломжтой болж байна.

-Сүүлийн үед эх, хүүхдийн эндэгдэл олны санааг зовоож эхэллээ. Ийм асуудал нэмэгдэхгүй байх талд хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
 -Намайг ажил хүлээж авахад 30 эх эндсэн гэсэн тоон мэдээлэл өгсөн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн орон бол 27.3 хувьтай байдаг. Гэтэл манайх 50.2 хувьтай байгаа эрүүл мэндийн салбарыг хүлээж авлаа. Тиймээс ажил хүлээж авсан өдрөөс эхлэн эх хүүхдийн эндэгдэлд тоймтой арга хэмжээ авах чиглэлд тушаал гаргасан. Тухайлбал, энэ чиглэлээр мэргэжлийн баг гаргаж хамгийн олон эх хүүхдийн эндэгдэлтэй байгаа есөн аймаг, зургаан дүүрэгт сургалт зохион байгуулсан. Цаашид дараагийн тууштай арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 -Бөөрний дутагдалтай болон цусны хорт хавдартай хүмүүсийг зардлыг төрөөс даахаар болсон нь иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн том алхам боллоо. Цаашид салбартаа ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
 -Бөөрний аппаратад ордог хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 565 хүн бөөрний дутагдалтай. Гэтэл улсын хэмжээд гемодализын 116 аппаратыг ажиллуулж байгаа учир дээрхи иргэдийг хэдэн ээлжээр оруулаад ч дийлэхгүй байгаа юм. Бөөрний дутагдалтай хүмүүс долоо хоногт заавал гурван удаа аппартад орох ёстой бөгөөд хувийн эмнэлэгт нэг удаа ороход 170-200 мянган төгрөг төлдөг. Сард хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг гэсэн үг. Ийм байдлаар эдийн засгийн дарамтад орж байсан иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийлдвэрлэсэн. Нэг хүнд ногдох зардлыг төсөвт суулгасан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрхэн хэрэгжүүлэх талаар зарчмын арга зүйн тогтоолыг гаргаж өгсөн. Аль ч Засгийн үед болон дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг эзэлж байхдаа үүнийг шийдвэрлэж чадаагүй. Залуучууд голдуу цусны хорт хавдартай байна. Тэд насан туршдаа цусны хорт хавдрын эсрэг эм уух шаардлагатай байдаг. Гэтэл тухайн эм нь 200- 250 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь өвчтэй иргэн болон түүний ар гэрийнхэнд асар их санхүүгийн ачаалал үүсгэж байгаа юм. Тиймээс цусны хорт хавдрын эсрэг эмийн үнийг төрөөс хариуцдаг болсон. Энэ бол Мэргэжлийн Засгийн газрын үед авч хэрэгжүүлж байгаа хамгийн том алхмын нэг юм. Өөрөөр хэлбэл, иргэдийгээ аливаа санхүүгийн эрсдэлээс хамгаалах алхам хийж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг давхар хийх бодлогыг баримталж байна. -Өвөлжилт хүндэрсэн болон магадлалтай байгаа аймгуудад түргэн тусламжийн автомашин олгосон. Харин сумдын түргэн тусламжийн автомашин ашиглалтын шаардлага хангадаггүй учир иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж чаддаггүй ауудал их яригддаг.

 -Анх удаагаа 151 сумд яаралтай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөхөөр болсон. Өнгөрсөн есдүгээр сард үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг батлуулсан. Он гарахаас өмнө тендерийн ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр ийм асуудал үүсэхгүй.
 -Орон нутгийн иргэдэд тулгамдаж байгаа бас нэг асуудал бол онош тогтоож чадахгүй байх явдал. Шат дамжлагаар нийслэл рүү явуулдаг нь иргэдэд хүндрэлтэй байдаг. Үүнийг сорьц тээвэрлэлтийн байдлаар шийдвэрлэж байгаа гэсэн. Хэрэгжилт ямар байна вэ? -Үүнийг сорьц тээвэрлэлтийн аргаар шийдвэрлэсэн. Тодруулбал, сумаас нь аймгийн төв рүү тэндээс нийслэлийн гуравдугаар шатлалын эмнэлэг рүү сорьцыг тээвэрлэнэ гэсэн үг. Зам тээврийн яамтай гэрээ байгуулсны үндсэн дээр сорьцыг шуудангууд үнэ төлбөргүй авч ирээд түгээх цэгүүдэд тараадаг. Үүний хэрэгжилтэд бид хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ удаашралтай зүйл байгаа хэдий ч гараагаа эхэлсэн учир цаашид үүсэх чирэгдлийг багасгана.

С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан