Норвегийн М.Карлсен гурав дахь удаагаа дэлхийн аварга болов


Норвегийн их мастер Магнус Карлсен Оросын шатарчин Сергей Карякиныг хожиж гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэд гурван долоо хоногийн хугацаанд 12 өрөг тоглож, дараа нь богиносгосон цагаар дөрвөн удаа түргэн тоглолт хийсний эцэст аваргаа тодруулсан юм. Үндсэн 12 өрөг тоглосны дараа тооны харьцаа 6:6-аар тэнцсэн тул нэмэлт тоглолт хийхээр болжээ. Нэмэлт тоглолтын хүрээнд 25 минутаар нийт дөрвөн өрөг тоглоход эхний хоёрт нь тэнцэж, дараагийн хоёрт нь М.Карлсен давамгайлснаар онооны харьцаа 9:7 болж шилдгээ батлан харуулжээ. Нью-Йорк хотод болсон шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэлхий даяар зургаан сая орчим хүн үзэж сонирхсон байна. Аварга шалгаруулах шийдвэрлэх тоглолтын өдөр их мастер М.Карлсены 26 насны төрсөн өдөр тохиосон бөгөөд түүнд дэмжигчдээс баяр хүргэсэн байна. Хоёр шатарчин 1.1 сая ам.долларыг хувааж авах бөгөөд дэлхийн аварга Карлсенд нийт мөнгөн шагналыг 60 хувь ногдох аж. Тэмцээний дараах хэвлэлийн хурлын үеэр Оросын шатарчин С.Карякин “Үнэхээр хэцүү тоглолт байлаа. Хэдий алдаа гаргасан ч гэсэн үндсэн өргийн тоглолтдоо сэтгэл хангалуун байгаа. М.Карлсен миний алдааг анзаарч өөртөө ашигтайгаар эргүүлж чадсан” гэжээ. Харин М.Карлсен “Үнэхээр амаргүй тоглолт байлаа. Эхнээсээ ялна гэсэн итгэлтэй байсан ч найман өргийн дараагаас бага зэрэг айж эхэлсэн. Гэхдээ сэтгэл зүйгээ хянан төвлөрөх хэрэгтэй байсан тул их хичээсэн” гэжээ.

А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан