Хайрын аялгуу


Өнгөрснөө бодож сууна, үнэтэй цагуудыг чамдаа зориулж
Үргэлжийн дэргэд чинь жаргасан бол үлгэр хаашаа хөтлөх байсан бол гэж

Үнэн сэтгэлийн хайраар тор нэхэж амжсан бол өнөөдөр бид хамтдаа нөмрөөд

Хөл гар, хурууд нь ижил тэднийхээ тухай инээд цугласан нүдээр их удаан ярилцах байсан даа

Зүрхний булангаас ерөөсөө арчигддаггүй, зүүд шиг үе үехэн тодорч ирдэг

Мандаж шингэх амьдралын нарнаар бараа тасарч үзээгүй, цаашид ч үл тасрах

Далайгаас ганцхан л удаа шүүрсэн сувд мэт дахиж давтагдашгүй,
өнгөрч холдсон цаг хугацааны даруухан хирнээ гэгээнхэн дурсамж минь

Гэнэ гэнэхэн санаж явснаа, гэргий болсон олон жилүүдэд хадгалж ирснээ өнөөдөр би тэрлэж сууна

Үүнээс өөрөөр дахин бичихгүй, бичих шалтгаан үгүй бидний хамтдаа хөглөгдсөн сайн, сайхан цагууд

Бийр будгийн үзүүрт торгон шигтгээ шиг урлагдаж, бичиг номын хуудаснаа гэрэлтэнхэн үлдэг ээ...

Зүрхний гүнээс үе үе инээмсэглэл тодруулдаг шигээ, яруу гэгэлгэн мөрүүдээс минь ялгуун хайрын аялгууг эгшиглүүлж байгаарай, ...

Яг чи надад тоглож өгдөг, би сонсож суудаг байсан шиг ээ....санаж байна уу, тэр үеийг ...

Х.ДУЛАМСҮРЭН

  • Шинэ
  • Их уншсан