Хайр намайг өөрчлөв


Гуниглангуй харц алгуур алгуурхан холдсоор
Баясгалантай тод болов
Санаашрангуй царай аажим аажмаар гэрэлтсээр
Итгэлтэй сэргэлэн болов

Хайр намайг ийнхүү өөрчлөв
Хайрын шидээр сэтгэлийн гал сэргэв

Гундаж явсан өнгө зүс цэцэглэх мэт цэгцэрч
Гуравхан сарын дотор дээшээ цойлон дэлбээлэв
Ганцаардлын мананд төөрсөн бодлын хөх сүүдэр
Ганган залуу насны илчинд бүдгэрэн холдов

Хайр намайг ингэж өөрчлөв
Хайрын хүчээр зүрхэнд солонго татав.

Орноосоо өндийх дургүй хүнд хүчир бие
Цонхны гэгээнд инээмсэглэл зүүж
Амьдралын нарыг алгаараа тосон
Аз жаргалын дууг ямагт аялан зугаацдаг болов

Хайр намайг ийнхүү өөрчлөв.
Хамгаас залуу, хамгаас тансагхан, хамгийн гэрэлтэй
Хайр намайг өнгөлөх тусам хачин тод гялалзана.
Хайр ийнхүү өөрчлөв.

2016.10.17

Х.ДУЛАМСҮРЭН

  • Шинэ
  • Их уншсан