Ц.Нямдорж: Томчуудад тээртэй хүн шүү дээ, би


УИХ-ын анхны сонгуулиас хойш иргэдийн итгэлийг тасралтгүй хүлээн, долоо дахь парламeнтдаа хууль тогтоолцож буй улстөрч хоёрхон бий. Түүний нэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн илэн далангүй яриаг хүргэж байна.

Уул уулын амнаас буусан бяцхан горхи нийлсээр эргээ дүүргэн цэлэлзэх том мөрнийг үүсгэдэг шиг хувь хүмүүсийн үйл хэрэг сүлэлдсээр улсын түүхийг бүтээдэг. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч энэ хүний түүх Монгол Улсын нэгэн цаг үeийн, тэр тусмаа ардчилалд хүрэхээр зүг чигээ олохдоо олж, алдахдаа алдаж, төөрч будлин бэдэрсэн халгиа цалгиатай он жилүүдийн түүхийн нэгэн хэсэг билээ.

Хууль зүйн тэргүүн дэд сайдаар нэг удаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа (Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт) томилогдож, УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, Бүлгийн дарга гээд УИХ доторх бүх албан тушаалыг хашиж явсан түүнийг улстөрчийнх нь хувьд бус, 1956 онд Увс аймгийн Малчин сумын малчин Цэндийн зургаан хүүхдийн ууган нь болж мэндэлсэн Нямдорж хэмээх хувь хүнийх нь хувьд илүүтэй дэлгэхийг зорилоо.

“МАШИНЫ ЖОЛООЧ БОЛ ДЭЭД ЗИНДААНЫХНЫ ХҮҮХДИЙН ХИЙХ АЖИЛ. HАДАД ТРАКТОРЫН ЖОЛООЧ Л БОЛНО”

-Таны ярилцлага олон байдаг ч дандаа л дуулиан шуугиан, цаг үeийн асуудлаар байр суурийг тань сонирхож байснаас Цэндийн Нямдорж гэж хэн бэ, хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ гэдгийг уудалсан нь үгүй юм байна?

-Аав минь нэг эгчтэй, айлын ганц хүү. Ээжийн ах, дүү нар аймгийн төв бараадаж, төрсөн ах, дүү нараасаа ээж ганцаар нутагтаа үлдсэн. Ийм хоёр хүний дундаас том хүү нь болж мэндэлсэн. Тэр үeийн хүмүүс нас багатай байж. Нагац аав, өвөө хоёр хоёул 49-ний жил дээрээ бурхан болсон. Аавын ээж бидэнтэй хамт амьдарч, намайг, миний хэдэн дүүг хүн болгож өгсөн.
Дүү маань төрж, би эмээгийн өвөрт шилжсэн юм билээ. Их ч эрх байсан шиг байгаа юм. Дүрсгүйтэж, аав, ээж хоёр надад алганы амт үзүүлэх гэхээр буурал ээж минь намайг хормой дороо нуучихдаг байлаа. Буурал ээж минь намайг хайрлаж, эрхлүүлж, төрсөн аав, ээжээс хүртэл өмгөөлж хамгаалж хүн болгосон.
Хөдөөгийн хүүхэд ухаан орохоосоо ч өмнө морь унаж, хонь хургатай хөөцөлдөж эхэлдэг. Би тэр жишгээр л явсан даа.
Аравдугаар анги төгсөхдөө 180 гаруй хүүхдээс сурлагаараа долдугаарт жагсаж, ЗХУ-д суралцах хуваарь авсан. Мэргэжил эзэмшиж ирээд насаараа хуультай “ноцолдож” сууна. Аав, ээжээс хойш эхнэр, бид хоёр хэдэн дүүгээ харж хандах, хүүхдүүдийг нь хүн болгох, хоёр хүүхдээ хүний дайтай амьдруулaх гэж зүтгэж явна. Дүү нараас хоёр нь бурхан болсон, гурав нь одоо байна. Миний амьдрал гэвэл eрдөө л энэ. Нэг их сонирхоод, сонирхуулаад байх зүйлгүй, eрдийн л амьдрал.

-Өөрийгөө арай л даруухнаар тодорхойлчих шиг боллоо. Би таныг харин ч ярих зүйл ихтэй, баялаг намтартай хүн гэж боддог?
-Тэгвэл сонирхсоноо асуу л даа.

-Таны ухаан орсон үe гэхээр 1960-аад оны эхэн үe байх нь. Тэр үeийн баруун хязгаарын малчны хүүхдийн аж амьдрал залууст сонирхолтой санагдах болов уу?
-1961-1962 оны үeд л байх, тавиур дээрээс өрөм авах гэж зүтгэж байгаад төмпөнтэй сүү өөр дээрээ асгаж, ухаан орж байлаа. Ой тойнд хадгалагдаж үлдсэн анхны дурсамж маань энэ. Eртөнцийг өөрийнхөөрөө мэдэрч, ой тойндоо хадгалж эхэлсэн гэсэн үг. Би өрмөнд тун дуртай хүүхэд байсан юм. Хөдөөгийн хүүхдүүд зун 05.00-06.00 цагт босно шүү дээ. Намайг нойроо харамлах янзтай байвал ээж “Өрөм ид” гэхэд л би годхийгээд босно.
Тэр үeийн хөдөөгийн хамгийн баян, хамгийн орчин үeийн айл “Эх орон-52” гэдэг бор ногоон өнгөтэй том радиотой. Тэр нь арван айлын дунд нэг байвал их юм. Хааяа радиотой айлд орж, дуу сонсох их сонин, сайхан санагддаг байж билээ. Д.Банзрагч гуай “Гайхмаараа”-гаа, Д.Оросоо гуай “Алтан шар зам”-аа дуулна. Г.Түмэндэмбэрэл гуайн дуунууд ч эгшиглэнэ.
Жилд нэг удаа кино мeханикч хөдөөгүүр явж кино үзүүлнэ. “Зэрэг нэмэхийн өмнө”, “Баригдашгүй өшөө авагчид”-ыг тэндээс үзэж байлаа. Тэгж кино үзэхийг одоогоор юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. АНУ руу яваад ирсний дайтай юм уу даа.
Хэд хоног ярина, төсөөлж, ургуулж бодно. Баянаа аварга, Мөөeө аварга хоёрын тухай яриаг өчнөөн олон хүний ам дамжсаар, үлгэр, домог шиг болчихсон хойно нь бид сонсоно. Цана гэж нэг иймэрхүү зүйл байдаг гээд өөрсдөө модоор хийж гулгана.
Эмээ минь надад үлгэр их ярьж өгдөг байлаа. Зэргэлдээ Зүүнговь суманд байдаг хүргэн ахынхаас намайг авч, мориндоо сундлан Малчин сум хүрэхдээ замын турш үлгэр ярьдаг байсан. Ойрадын баатарлаг туулиудыг бүтнээр нь хэлнэ шүү дээ. Миний ном унших сонирхол тэндээс эхтэй.
Би сумын сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа. Гэрээ санахаараа гэрийн зүг харуулдаад гадаа суучихна. Аавын ирэхийг хоёр км-ийн цаанаас танина шүү дээ. Аав минь хольцгүй солгой хүн байлаа.
Морин дээр хүртэл хүн, хүнээс онцгой солгой тал руугаа жишүүлдэж суудаг болохоор тийм холоос таньж байхгүй юу. Хүний удам гэж сонин юм. Хоёр үe өнгөрөөд, гурав дахь дээр нь аавын солгой удамшдаг байна шүү. Таван ачийн маань хоёр том нь солгой.
Дээр үeийн хөдөөгийн эмэгтэйчүүдийг уран, уран биш гэж тодорхойлдог байв. Үйлдвэрийн хувцас элбэг байсан биш, бүх хувцсаа өөрсдөө оёж өмсдөг болохоор сайн оёдог бүсгүйчүүдийг уран, ажилсаг гэж магтана. Миний ээж нутагтаа уран бүсгүйчүүдийн тоонд ордог байлаа.
Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би сургуульд байхдаа өөрөө гутлаа оёод өмсчихдөг байв шүү дээ. Аравдугаар ангид дэвшиж, аймгийн төвд ээжийн дүүгийнд байхдаа урагдсан гутал, хувцсаа өөрөө оёхоор хүмүүс гайхдаг байж билээ.

-Хуульч мэргэжлийг сонгосон нь таны мөрөөдөл, төлөвлөгөө байв уу. Эсвэл хувь заяаны оноолт уу?
-Би тав, зургаан настайдаа ээжийн дүүгийнд очих гэж нэг удаа аймгийн төв ороод, дахин аймгийн төв орж үзэлгүй наймдугаар ангиа төгссөн, хөдөөгийн хүүхэд. Долоо, наймдугаар ангид байхад ямар мэргэжилтэй болох талаар хүүхдүүд ярилцана. Тэр үeд би хорвоогийн хамгийн сайхан мэргэжил тракторын жолооч гэж боддог байлаа. Би тракторт ачигч хийдэг байсан юм. Ус, тоосго зөөнө, бааюу шатаана.
Нэгдлийн улаан тракторын бүхээгт сууж, жолоо мушгих бол сумын хүүхдүүдийн хамгийн дээд мөрөөдөл. Машины жолооч бол биднээс хол, бүр дээд зиндааныхны хүүхдийн хийх ажил. Би бол тракторын жолооч л болчихвол тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг гэж боддог байв.
Долдугаар ангид байхад (1972 он) илгээлтээр хөдөө гарах аян өрнөж, хот, хөдөөгүй бөөн юм боллоо. Аав, ээж маань хоёр талаасаа тулж, түших ах, дүү цөөхөнтэй. Нэгдлийн олон мал маллах, хэдэн хүүхдээ өсгөх гэж өдөр шөнөгүй зүтгээд, хүн бүлгүй хэцүүхэн байсан болохоор аав хэзээ “Илгээлт аваад ир” гэх бол гэж хүлээгээд, ямар ч байсан өөрөө үг алдахгүй юм шүү хэмээн хэлээ хазаад байлаа.
Номын мөр хөөвөл ч хөөчихмөөр санагдаад байгаа хэрэг шүү дээ. Долдугаар ангийн гуравдугаар улирлын амралтаар харьчихаад буцах гэж байтал аав “Хүүхдүүд илгээлтээр мал дээр гараад байх юм. Чи eр нь ямар санаатай байна” гэв. Тэгэхээр нь жаахан бэргэж байгаад “Та л мэд” гээд өөрт нь даатгачихлаа.
Аав жаахан бодож байснаа “Чи тэгээд ном сурч чадах уу” гэж байна. “Чадвал ч чадах байх шүү” гэтэл “Тэгвэл чи өөрийнхөө амьдралыг бод. Номын мөрөө хөө. Аав, ээж хоёр нь яаж ийгээд болно. Бидэнд санаа зовох хэрэггүй” гэж миний санаа бодлыг шулуутгасан даа. Миний номын мөр хөөх гол шийдвэрийг аав гаргасан хэрэг.
Ингээд аймгийн төвийн арван жилд дэвшин суралцсан. Аравдугаар анги төгсөхдөө сурлагаараа долоод жагссан хүн гадаадын сургууль авах нь ойлгомжтой. Хуулийн мэргэжил гэдгийг би аравдугаар анги төгсөж байхдаа ч мэддэггүй байв. Манай ангийн хүүхэд хуульч гэж их сайхан мэргэжил байдаг, энэ мэргэжлийг эзэмшвэл шүүгч, прокурор болдог гэхээр нь сонирхол төрж, ямар шалгалт авдгийг сураглатал монгол хэл, уран зохиол гэнэ.
Би энэ хоёр хичээлд гайгүй болохоор хуульч гэдэгт нь тэнцэж магадгүй юм байна гэсэн бодол зурсхийж байна. Ингээд элсэлтийн шалгалт болж, хуваарь сонсож байтал олон улсын харилцааны, прокурорын гэсэн хуульчийн хоёр хуваарь иржээ.
Олон улсын харилцааных нь бүр малчны хүүхэд авна гэсэн заалттай юм. Бал дарга “Олон улсын харилцааны сургуульд дандаа дарга, сэхээтний хүүхэд яваад байна, малчны хүүхэд явуул” гэсэн чиглэл өгсөн юм билээ.
Хуваарь амлахад олон улсын харилцааны хуульчийн хуваарийг өмнө жагссан зургаан хүүхдийн нэг сонгочихгүй бол би авна гэж дотроо онилчихоод байлаа. Өмнөх хүүхдүүд авсангүй. Миний ээлж болж, сонгосноо хэлэхэд “Aав чинь ямар ажилтай вэ” гэж байна. “Mалчин” гэтэл “За, тэг тэг” гээд бичиж тэмдэглэж аваад, хуваариа өглөө.
Гэтэл бүр хойгуур, 32-33-т жагссан хүүхэд “Би олон улсын харилцааны хуульчийн ангид ормоор байна” гэсэн юм байж. Хөдөлмөрийн баатар малчны хүүхэд болохоор тэгсэн үү, миний сонгосон хуваарийг түүнд өгч, би Улсын ерөнхий прокурорын газрын захиалгатай хуульчийн хуваарийг авлаа.
Эрхүүд хэлний бэлтгэлд нэг жил сурч, хэлний бэлтгэлээ гайгүй төгссөн гурван хүүхдийг Ленинградын улсын их сургуулийн хуулийн ангид хуваарилсан. Энэ нь Цагаан хааны гол сургууль байсан, одоо ч дэлхийн шилдгийн тоонд зүй ёсоор ордог нэр хүндтэй сургууль л даа.
Биднээс өмнө тэндхийн хуулийн ангид сурч, төгссөн монгол хүн байгаагүй. В.Путин биднийг очих жил төгссөн, Д.Медведев биднийг төгсөхөд ирсэн юм билээ.

-Прокуророор ажилласан он жилүүд танд юу өгсөн бол?
-1981 онд Улсын ерөнхий прокурорын газрын харьяанд 30-аад хүүхэд төгсөж ирснээс ганц намайг төв аппаратад авч үлдээд, бусдыг нь орон нутагт хуваарилж байв. Намайг Цэргийн шүүхийн ажилд хяналт тавих хэлтсийн прокуророор томилсон. 1988 он хүртэл тэнд прокурор, тасгийн даргын алба хашиж, 1988 онд Цэргийн ерөнхий прокурорт очсон.
Mиний хууль дүрэм гадарлаад байгаа нь прокурорын байгууллагад ажиллаж, ажлын дадлага туршлагатай болсны, хууль номтой зууралдаж, хуульчийн амьдрал дундамьдарч явсны ач юм шүү дээ.
Би гурван том гeнeралын хажууд байж, тэдний сургаалыг сонсон, мэргэжлийн хувьд хүн болсон. Хэрэг муу танилцуулаад, маргааш нь хажуугаар нь гарахад газар дор ортол муухай харна. Р.Гүнсэн гуайгаар нэг муухай харуулчихвал мань мэт лав нэг сар унтахаа мартана. Харьж аяга хоол идчихээд, буцаж ирж сууна. С.Бүдрагчаа гуайн хэлснийг бичихдээ ганц үг гээхэд л андахгүй.
“Яагаад үг орхисон бэ” гэж нэг муухай харахад нь дахиж хэзээ ч хэлсэн үгийг нь засахгүй болно. Б.Даваасамбуу генерал бие даан шийдвэр гаргах эрхийг надад үлдээнэ. Тэр мундаг хүмүүс биднийг харцаараа удирддаг байлаа. Харцаараа удирдах чинь л хамгийн шилдэг арга байж. Одоогийн дарга нар өрөөндөө хүн дуудаж, загнахыг удирдах гэж боддог шиг байна. Түүнээс чинь хүн айдаггүй, харин өширхөж, үзэн яддаг юм.

1992 ОНООС ХОЙШ ХАМГИЙН ОЛОН ХУУЛЬ БИЧСЭН ХҮН ГЭВЭЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ БИ. НАДАД ӨРСӨЛДӨГЧ БАЙХГҮЙ

-Хуульчаас улстөрчийн ажилд шилжсэн нь таны шийдвэр байв уу. Энэ шийдвэрийг хэрхэн гаргаж байв?
-Тохиолдлоор орчихсон юм. Улс төр гээчийг сонирхдоггүй, мэргэжлийнхээ ажлыг хийгээд явж байсан хүнийг амьдрал өөрөө хөтлөөд оруулчихсан. 1990 онд шинэ хүчнүүд гарч ирээд яг ид бужигнаж байхад намайг Сайд нарын Зөвлөл рүү авсан. 1990 оны тавдугаар сард тухайн үед АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбат зарлиг гаргаж, засаг төр, шинэ хүчнүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулав.
Уг Ажлын хэсэгт шинэ хүчнүүдээс Р.Гончигдорж, Д.Дорлигжав, Даш.Ганболд, Сайд нарын Зөвлөлийг төлөөлж би орж, энэ сайн эрчүүдтэй танилцаж байлаа. 1990 оны наймдугаар сард Бага хурал байгуулагдаж, шинэ сайд нарыг томилоход би Хууль зүйн тэргүүн дэд сайд болсон.
1992 оны сонгуулиар яагаад ч юм бэ нэр дэвшчихмээр санагдаж, намын нарийн бичгийн дарга Н.Багабандид энэ тухайгаа хэллээ. Би Б.Даш-Ёндон гуайг танихгүй, Н.Багабанди Одессийн Хүнсний технологийн дээд сургуульд манай эхнэртэй нэг үед сурч байсан юм. Тийм учраас танилын журмаар уулзаж, “арын хаалга”-дсан хэрэг юм уу даа. Тэгээд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, Э.Бат-Үүлтэй өрсөлдөөд УИХ-ын гишүүн болсон.

-Түүнээс хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон хүн Д.Лүндээжанцан гишүүн, та хоёр л болж байх шив дээ?
-Тийм болж байна. Д.Дэмбэрэл гуай байсан. Насны эрхээр саяын сонгуульд нэр дэвшсэнгүй.

-Өнгөрсөн хугацаанд Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа томилогджээ. Эргээд харахад юу харагдаж байна вэ. Сүү дээрээсээ асгаж ухаан орсон хүү сүүн мөртэй амьдарч чадсан болов уу?
-1990 онд 55 хуультай байсан Монгол Улс oдоо 900-гаад хуультай болсон. Өнгөрсөн 25 жилд над шиг улаан гараараа хуультай ноцолдсон хүн байхгүй. Б.Чимид багш УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдож, ид бичиж байх үедээ гарчихсан. 1992 оноос хойш хамгийн олон хууль бичсэн хүн бол яалт ч үгүй би. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй.

-Орондоо хууль зассан хэрэгт хүртэл орсон.
-Тэгсэн, тэгсэн. Монголд орчин цагийн хуулийн бичлэгийн хэв маяг, загварыг тогтоох гэж л “Oрондоо хууль засдаг” гэж дайруулах хүртлээ зууралдаад байгаа юм. Харьцуулаад харвал, 1960-1970 онд бичсэн хууль, 1980-аад оны дунд үед Б.Чимид багшийн бичсэн хууль, 1990 оноос хойших хуулийн бичилт тэс өөр.
Шинэ цагийн хуулиудыг ерөнхийд нь харвал миний бичилт л явдаг юм даа. Би өдөр, шөнөгүй хуультай ноцолдож, янз янзаар хэлүүлээд байдгийн учир энэ. Хуулийн хэллэг, бичлэг гэдэг тийм амар эд биш. Ганц таслал буруу тавихад орвонгоороо эргэчихэж мэднэ.

-Таныг сайдаар ажиллах үед хуулийн салбар олон байшинтай болсон гэдэг.
-Дөрвөн удаа томилогдож, арав гаруй жил хуулийн салбарыг толгойлох завшаан надад тохиосон. Энэ хугацаанд удирдаж байсан системийнхээ байгууллагуудыг толгой хоргодох байртай болгох гэж их зүтгэсэн. Бүтээн байгуулалт өрнөж байсан өмнөх нийгмийн үед ч манай салбарт ийм олон барилга баригдаагүй. УEПГ-ын байрыг Ж.Авхиа гуай, HАХЯ-ны хашаан дахь хурлын танхимыг С.Лувсангомбо гуай бариулснаас өөр хуулийн салбарын сайд, дарга нарын бариулсан барилга байхгүй.
Миний үед ер бусын олон барилга баригдсан. А.И.Филатова бүх сумыг цэцэрлэгтэй болгосон бол би бүх сумыг цагдаагийн байртай болгосон. Яамны эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн гээд Засгийн газрын ордны баруун талд л гэхэд миний бариулсан 5-6 байшин бий. Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг харьяа газруудаа байртай болгожээ.
Хамгийн сүүлд, Хууль сахиулахын их сургууль хэдхэн хоногийн өмнө шинэ байрны нээлтээ хийлээ. 40 мянган ам метр талбайтай, 3000 оюутны хичээлийн байр, 800 оюутны дотуур байртай цогцолборыг хэдэн жил хөөцөлдөж байж дуусгалаа. 1980 оноос хойш Монголд төсвийн хөрөнгөөр ийм том байшин бариагүй.
Байшин барилга бариулах тал дээр санасан болгоноо хийсэн. Одоо энэ УИХ-ын хуралдааны танхимыг би УИХ-ын дарга байхдаа засуулж, ийм болгосон юм шүү дээ. Гишүүдийн сууж буй сандал, ширээний хээг нь хүртэл өөрөө үзэж байж хийлгэсэн.
Буддын шашинтай оронд харийн шашнууд орж ирж, мөнгөөр цохин хэтэрхий олон сүм барьж байна гэсэн бодол цээжинд байсан учраас УИХ-ын даргаар ажиллаж байхдаа буддын шашны Азид байхгүй сайхан хийдтэй болох ажлыг эхлүүлье гэж бодсон. Тэгээд Чой хамба (Д.Чойжамц)-тай уулзаж, Төсвийн ажлын хэсгийнхэнтэй ярилцан, Гандантэгчэнлин хийдийн хашаанд томоохон сүм барихаар болсон.
Ингэж эхлүүлсэн хийдийн барилгын ажил төсөв мөнгөнөөс болоод хараахан дуусаагүй байна. Шаардлагатай мөнгийг нь Засгийн газар сая төсвийн тодотголоор оруулж ирээгүй байсныг гуйж гувшиж, муухай царайлж байгаад шийдүүлсэн. Ер нь албан тушаал хашсан хүн ардаа юм үлдээх ёстой. Юм үлдээхгүй бол албан тушаал хашаад яах юм бэ.

-Та 1990 оноос хойших ордны бүх хуйвалдааныг мэднэ гэж байсан. Хамгийн увайгүй хуйвалдаан нь юу байв?
-Эргээд харахад улсаа цөлмөх хуйвалдаан, өндөр дээд зиндааны луйвар өнгөрсөн дөрвөн жилд аймшгийн хэмжээнд хүрсэн байна. Би ийм юм үзээгүй.

-Улсаа цөлмөх, төрөөс баяжих уралдаан өнгөрсөн дөрвөн жилээр тогтохгүй юм биш үү?
-Асар их хортой, далайцтай, үнэмлэхүй их хөрөнгө зувчуулсан нь өнгөрсөн дөрвөн жил байлаа. Би 2000 оноос хойш Хууль зүйн сайдаар ажилласан хүн шүү дээ, мэдэлгүй яах вэ. Тэр үед аахар, шаахар хулгай байсан. Гэхдээ арай ч ийм улайм цайм байгаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд бүр цагаандаа гарлаа. Бодоод үз л дээ. 2012 онд улсын үйлдвэрийн газрууд 200 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан.
Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд 11 их наяд төгрөгийн алдагдалд орж, 10.8 их наяд төгрөгийн өрөнд баригдлаа. Энэ мөнгө хаачсан байх вэ. Ганц л жишээ дурдъя. 30 хүрэхгүй тэрбум төгрөгөөр барьсан 14 давхар байшингийнхаа хоёрхон давхрыг 28 тэрбум төгрөгөөр улсад зарчихаж. Тeндeр шалгаруулаад, түүнийхээ дүнг дөрөв дахин үржүүлээд авчихсан байна. Би зөндөө луйвар үзсэн. Ийм улаан, цагаан, нүдэн дээр эрх мэдэлтнүүдийг ашиглаж хийсэн луйвар үзээгүй.
2000 онд Хууль зүйн сайдаар томилогдож байх үед эрүүгийнхэн их хүчтэй байлаа. Тэд Ерөнхий сайдын гэрт нь очоод хэвтчихдэг, Eрөнхийлөгчийн сонгуульд явдаг, танхимаас эсэргүүцэл гарвал айлгаж өгдөг байсан. Тэр хэмжээгээрээ нөлөөгөө тогтоочихсон, бид бүгдийг чадна гэж тооцоод элдэв юм хийдэг, эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан.
Гэхдээ түүнийг цэгцлэхэд амархан байж. Ганц далайлтаар бүхнийг байранд нь тавьж болж байсан. Харин цагаан захтнууд бол түүнээс хэдэн арав дахин хүчтэй, нарийн сүлжээтэй, хэвлэл мэдээлэл, шүүх, прокурорыг тэр чигээр нь эрхэндээ оруулчихсан, хэцүүхэн байдаг юм байна.
Шулуухан хэлэхэд АН, МАН-ын аль алинаас нь дэмжлэгтэй, нэгнийхээ хийж байгааг мэдсэн ч мэдээгүй мэт суудаг, шалгах гэхээр саармагжуулдаг, хүчгүй болгодог, олонхоор хүч түрж, булхайг дарж өнгөрөөдөг сүлжээ үүссэн нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Үүнийг зогсоохгүй бол энэ улс хэцүүднэ.
Гэгээнтний дүр эсгээд гэм зэмгүй явж амиа хоохойлох, эсвэл бугшсан хулгай, луйвартай тэмцэж яваад улстөрчийн амьдралаа дуусгах гэсэн хоёр зам миний өмнө байсан. Би хоёр дахиар нь явж байна. Томчуудад тээртэй хүн шүү дээ, би. Би олон юм бодож, мөрөөдөөд байдаг хүн биш.
Энэ улсыг хулгай, худал, хуйвалдаанаас холхон, ард иргэд нь шударга хөдөлмөрөөр олсон орлогоороо хүний дайтай амьдардаг, айвуу тайван, эв найртай, илүү ч үгүй, дутуу ч үгүй, аз жаргалтай гэр бүл шиг улс болохыг үзээд, эргэж хургаж, санаа зовох зүйлгүй, бурхны оронд явах сан гэж мөрөөддөг. Хүн цаг хугацааны хайчинд л амьдардаг юм чинь, ямар мөнхрөх биш. Гэтэл нэг талаас хугацаа, нөгөө талаас хулгай шахаад, энэ мөрөөдөл маань холдоод байна.
Ард түмэн цөхрөнгөө барж байна шүү дээ. Энэ нь арай гайгүй болов уу гээд сонгодог, гарч ирсэн нь дандаа адгийн юм хийдэг. Улсын хувь заяатай холбоотой томоохон шийдвэр Засгийн газраас, УИХ-аас ч гардаггүй болж байгаа юм байна. Тэр объeктыг төдөөр худалдаж авна, хувьчил гэсэн даалгаврыг эзэн өгдөг. Сайд саналыг нь Засгийн газарт оруулж, нууцаар дэмжүүлдэг. Засгийн газар нь УИХ-д ору<

  • Шинэ
  • Их уншсан