Х.Тэргэл: Цаг хугацааны эзэн тэнгэрт тамга даруулаад ёслон одно


Хар өнгөнд нэг хэсэг хачин их дурлаж байв
Харин дараа нь цагаан өнгөнд урван дурлав
Эрээн мяраан бүх өнгөнд эгнэгт дуралсаар явнам
Элээж хувиргах он жилүүдэд ч дурлаж ханахгүй л явна
Оюутан цагийн Тэргэл , ээж болсон Тэргэл
Он жилүүд хэмээх нүүр будагчын хувиргалт дор
Оноосон насандаа таарсан олон будалт хийлгээд л гүйж явна
Аяа сайхан амьдрал мину
Алдаатай оноотой нь хамтад нь тэврээд
Алаг үрийнхээ зулай шиг
Хайрлаж, үнэрлэж явнам зээ
Нарны өөдөөс эгцлэн харахдаа ч
Шилэн саравч зүүхээ ч мэдэхгүй
Найган ганхах цэцгэс адил
Намрын болсон жимс шиг
Сайхан ч залуу нас минь
Шарлаж бүдгэрэх зургийн цомогноос
Шагайж харах нь хөөрхөн байнам
Хаалганы үүдэнд гэрэвшин зогсоод
Харж байх нь эгдүүтэй санагдана
Зурж, баллуурдаж, сараачхын тоогоор
Зураг амилж түүх хүүрнэнэ
Цаг хугацааны эзэн тэнгэрт
Тамга даруулаад ёслон одно
Цаашлан одно, наашаа гэж дуудахад
Нэг л сайхан инээчихээд
Цаашаа ,цаашаа л гүйж одно
Цаг хугацаа, цаг хугацаа аргагүй л чи
Эзэн юм даа
Энэ дэлхийн бүхий л юмсын
Хулганайн Тэргэл

  • Шинэ
  • Их уншсан